“Рио Тинто”-г Гаагийн шүүхэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

“Рио Тинто”-г Гаагийн шүүхэд өгнө гэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” группийг Гаагийн олон улсын шүүхэд
өгөхөөр болсон тухайгаа өнөөдөр мэдэгдлээ.  Тэрээр “НҮБ-аас байгалийн
нөөцөд тулгуурлан хөгжиж буй орнууд байгалийн нөөцдөө эзэн байх үүднээс
халдашгүй дархан эрхийг тунхаглаж 1803 дугаар шийдвэрийг гаргасан. Үүний
хэрэгжилтийг Гаагийн шүүх хянадаг. Тиймээс бид тус шүүхэд хандана. Мөн
НҮБ-ын удирдлагад энэ талаар мэдээлэл явуулахаар болсон. Хөрөнгө
оруулалтын гэрээ байгуулж байхдаа хөрөнгө оруулагч нар Монгол Улсын
Засгийн газартай “Good faith”  буюу шударга хэлэлцээрийн болон тэгш
эрхийн зарчим баримтлаагүй. Үүнээс гадна “Рио тинто” групп говийн усны
нөөцөд заналхийлж байна” гэлээ.

Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн өнөөдрийн хүчин чадлаар усны хэрэгцээг
нь тооцвол Гүний хоолойн усны тогтоогдсон нөөцөөс /жилд 35,4 сая м3/
хамаагүй давж байгаа бөгөөд Монголын усны эрдэмтдийн гурван хувилбараар
тооцоолсноор 37.8, 54.7, 82.1 сая м3 гэсэн ус ашиглах тооцоо гарсан
байна. Гэтэл Оюутолгойд зөвшөөрөгдсөн усны хэмжээ нь 27,4 сая м3 гэж
тогтоогджээ.  УИХ-ын гишүүн С.Ганбаатар эдгээр асуудлуудтай холбоотой
хэргийг Гаагийн шүүхэд өгөхөөс гадна Лондон хотын дүүргийн шүүхэд гомдол
гаргаж, Женевийн олон улсын хурал уулзалтуудад мэдээлэл хүргүүлэхээр
болжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын дэд дарга С.Баярцогттой мэтгэлцэх үедээ шүүхэд хандаж
байгаа асуудлаар яагаад мэдээлээгүй юм бэ. Мэтгэлцээний дараа таны
мэдлэг, мэдээллийг муу  байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандсан. Үүнд та
одоо ямар дүгнэлт хийх вэ?

-Хоёр Монгол маажилцах яах вэ. Цаана чинь нэг шар толгойтой нөхөр алгаа
ташаад сууж байна. Үүнийг бид бодох хэрэгтэй. Байгаль орчны асуудлыг би
хөндөөд ярьж болох байсан. Гэхдээ хоёр Монгол нэг талдаа байх ёстой.
Хоёр Монгол мэтгэлцэж, маажилцах тусам гадныхан баярлаж байна шүү дээ.

-Оюутолгойн гэрээг засварлах болсонтой холбоотойгоор Монголд
гадаадын хөрөнгө оруулалт багасч байна гэсэн мэдээлэл байгаа.  Энэ
талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хөрөнгө оруулалт гэдэг өсч, буурч  байдаг зүйл. “Рио Тинго”-оос “Буурч
байгаа” гэсэн ташаа мэдээлэл олон улсад цацаж байхыг үгүйсгэхгүй.

-Гаагийн шүүх таны  гомдлыг хүлээж авах уу?

-Гаагийн шүүх хүлээж авах эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ яг үүнтэй
адилхан  байгаль орчин, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалж энэ
шүүхэд хандсан хоёр тохиолдлыг би мэднэ. Нэг нь Мозамбекийн нэг эмэгтэй
Гаагийн шүүхэд хандаж байсан. Би энэ эмэгтэйтэй  цахим захидлаар
харьцсан. Тэр эмэгтэй Гаагийн шүүхэд өг, дээр нь “Рио Тинто”-г  өөрийнх
нь Лондонгийн дүүргийн шүүхэд нь өг гэж зөвлөсөн.

-Гаагийн шүүх хүлээж авлаа гэхэд хэр хугацаанд асуудлыг шийдвэрлэх бол?

-Би ирэх тавдугаар сард Женевт олон улсын хуралд Үйлдвэрчний эвлэлийн
шугамаар оролцоно. Ингэхдээ энэ асуудлыг олон улсын анхаарлын төвд
чадлынхаа хэрээр оруулна гэж төлөвлөж байна.

Ш.ЧИМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж