Х.Бат-Ундрал: Тийм ээ, бид муудалцаад тарсан

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ундрал: Тийм ээ, бид муудалцаад тарсан

“Guys” хамтлагийн дуучин гэдгээр нь жүжигчин Х.Бат-Ундралыг илүү сайн таних биз ээ. Тэрбээр “Сайн уу амьдрал минь” киноны хоёрдугаар ангийг хийх гэж байсан ч түр хойшлуулжээ. Түүнтэй уг киноны хоёрдугаар ангийн зохиолын талаар мөн дэлгэцийн өөр ямар шинэ бүтээл дээр ажиллаж байгаа талаар нь ярилцлаа. ярилцлаа.

-“Сайн уу, амьдрал минь-2” киног хийх гэж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. Гэтэл гэнэт чимээгүй болчихсон?

-Уг нь энэ жилдээ багтаагаад хоёрдугаар ангийг хийхээр төлөвлөсөн байсан. Аливаа бүтээлд хөрөнгө оруулагч, ивээн тэтгэгч их чухал байдаг. Уг нь бид ивээн тэтгэгчээ олоод хамтран ажиллахаар болсон байсан юм. Гэтэл ивээн тэтгэгч маань “Санхүүгийн асуудлаас болоод энэ жилдээ амжихааргүй болчихлоо” гэсэн. Бие даагаад дэлгэцийн бүтээл хийнэ гэдэг их эрсдэлтэй алхам. Тиймээс л түр хойшлуулж дараа жилээс киноныхоо ажилд орохоор болсон.

-Уг кинонд фейсбүүк хуудсаар дамжуулан кинонд тоглох сонирхолтой залуусыг бүртгэж, тоглуулахаар болсон гэж байсан?

-Тийм ээ, бид ярилцаад оюутан залуусын амьдралыг харуулах учраас фейсбүүк  хуудсаар дамжуулан дүрийн сонгон шалгаруулалт зарлачихсан байсан. Аливаа зүйл дэс дараалалтай явагддаг шүү дээ. Ивээн тэтгэгчийн асуудал шийдэгдчихсэн байсан бол дүрийн сонгон шалгаруулалтаа зарлаад проб авах байсан. Гэхдээ ирэх жил киноны ажилдаа орохоор фейсбүүкээр мөн адил дүрийн сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөсөн.

-Кино зохиол бэлэн болчихсон байсан уу. Хоёрдугаар анги дээрээ юуг өгүүлэх бол гэдэг сонирхол татаад байна?

-“Сайн уу, амьдрал минь-1” киног бид Францын дэлгэцийн бүтээл хийдэг новел гэх урсгалаар хийсэн. Новел нь киноны олон үйл явдал, өрнөлийг хооронд нь холбож өгдөг их ач холбогдолтой урсгал, жанр байгаа юм. Ерөнхийдөө нэгдүгээр ангитайгаа адилхан гурван хэсгээс бүрдэж байгаа. Тухайлбал нэгдүгээр хэсэг нь романтик, хоёрдугаар хэсэг нь инээдмийн, харин гуравдугаар хэсэг нь бодит амьдралаас сэдэвлэсэн байхаар зохиолоо бичсэн. Мэдээж хоёрдугаар ангид тоглох  жүжигчдийн хувьд өөрчлөгдөх болно.

-Энэхүү киноны нэгдүгээр ангийг хэзээ хийж байсан билээ. Мөн хоёрдугаар ангийг нь хийх санааг хэрхэн олсон бэ?

-Анх 2008 онд буюу таван жилийн өмнө Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл гэж “ТВ Коктель”, “А-Капелла”, “Guys” хамтлаг хамтран байгуулж уг кинонд өөрсдөө тоглож, энэ бүтээлээ хийж байлаа. Харин хоёрдугаар ангийг нь таван жилийн дараа буюу 2008 оноос хойш хүний амьдрал, нийгмийн зан харилцаа гээд бүх л зүйл хэрхэн өөрчлөгдсөн талаар харуулахыг зорьсон. Тиймээс энэ бүхнийг зохиолдоо тусгахыг хичээсэн. “Сайн уу, амьдрал минь” киноны хоёрдугаар ангийг нь хийе гэж нэг жил гаруйн өмнөөс бодож байсан. Тэгээд зохиолоо ямар байдлаар бичиж, юуг тусгах вэ гэдгээ нэлээн удаан бодож ажилласан.

-Одоо кино театрын дэлгэцнээ гарч байгаа зарим бүтээлийг үзэгчид муу кино болсон гэж их шүүмжилдэг болсон байна. Таны хувьд сайн дэлгэцийн сайн бүтээл хийхийн тулд юун дээр илүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Урлаг гэдэг бол хүмүүсийг, нийгмийг сэрээж, сэргээж байх ёстой зүйл гэж боддог. Миний хувьд   залуусыг өөрсдийн амьдралдаа эзэн нь байхыг уриалсан. Үүнээс гадна өнөөгийн залуусын амьдралын хэв маяг, соёл, сонирхол зэргийг бодит байдлаар харуулахыг хүсч энэ бүхнийг зохиолдоо маш тодоор тусгасан.

-Хамтран ажиллах багаа сонгосон уу?

-Тийм ээ, зохиолоо “Big line” студийн найруулагч З.Батболдтой хамтран бичсэн. Найруулагчаар нь ч бас З.Батболд ах маань ажиллахаар болсон байсан. Бид баг бүрэлдэхүүнээ бүрдүүлчихсэн байсан. Гэхдээ киногоо энэ жилдээ хийж амжихгүй болсон учраас өөр ажил руу орохоор төлөвлөсөн.

-Энэ кинонд юуны тухай өгүүлэх бол?

-З.Батболд найруулагчийн онцлог нь өнөөгийн нийгмийн бугшсан байдал, бодит амьдралыг хүмүүст маш хурц, ёгтоор харуулахыг хүсдэг. Энэ ч утгаараа амьдралын үнэ цэнэ, амьдрахын төлөө зарим хүн хэрхэн тэмцдэг вэ, өөрөө хичээж, хөдөлмөрлөвөл хүн ямар амжилтад хүрч болдог вэ гэдгийг бодит амьдралаас сэдэвлэн хийсэн кино хийхээр бэлтгэл ажилдаа орчихсон байна. Одоогоор кино зохиол дээрээ ажиллаж байна. Киноны нэрийг хараахан өгч амжаагүй байгаа. Удахгүй зураг авалтдаа орохоор төлөвлөж байна. 

-Өнгөрсөн өвөл “Big line” студийнхэн “Монгол төрийн товчоон” баримтат кино хийсэн. Та бас энэ кинонд тоглосон байх аа?

-“Монгол төрийн товчоон” гээд баримтат уран сайхны киногоо хийгээд Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Энэ кинонд маань Модунь Шаньюгаас Есүхэй, Чингис хаан, Галдан Бошгот, Богд хаан хүртэл Монгол төрийн түүхийг харуулсан 20 минутын баримтат кино байгаа юм. Энэ бүтээлээ Монголын төр энэ олон жилийн хугацаанд ямар бартаатай замыг туулсан тэр бүгдийг багцаар нь харуулахыг хүссэн юм. Олон чадварлаг жүжигчин тоглосон. Миний хувьд Модунь Шаньюгийн элч Хуанди гээд туслах дүрд тоглосон. Энэ дүр маань бараг нэг секунд орчим л гардаг юм. Гэхдээ ийм том хэмжээний баримтат кинонд дүрээ мөнхөлнө гэдэг бахархууштай зүйл шүү дээ. 

-Таныг хүмүүс ихэвчлэн “Guys”-ын Уугий гэдгээр нь илүү таних байх. Хамтлаг тарсан ч бараг бүгд кино урлагт зүтгэж явна уу?

-Манай хамтлагийнхан бүгд жүжигчин мэргэжилтэй. Тиймээс одоо бүгдээрээ мэргэжлээрээ ажиллаж байна. Хамтлаг байгуулж уран бүтээл хийх нь бидний сонирхол, хообий байсан. Бид хообийгоороо нэгдэж “Guys” хамтлагийг байгуулж байлаа. Одоо бол бүгд өөрсдийн замаараа явж байна.

-Та нар одоо холбоотой байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ, Лхагваа маань саяхан дэлгэцнээ гарсан “Ану хатан” киноны Галдан Бошготын дүрийг бүтээсэн шүү дээ. Жүжигчин хүний хувьд түүхэн дүрд тоглоно гэдэг их аз завшаантай зүйл. Одоо үзэгчдэдээ “Дурлалын гэмт хэрэг” гээд шинэ кино өөрөө найруулж хийсэн, үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болсон гэж байсан. Төгсөө маань бас нэгэн шинэ кино хийж байгаа гэсэн. Өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан гэж байсан. Удахгүй дэлгэцнээ гаргах байх аа.

-“Guys” хамтлаг буцаж нийлэх болов уу?

-Энэ бүхнийг цаг хугацаа л харуулах байх даа.

-Фэнүүд тань хамтлаг хэзээ эргэж нийлэх талаар их асуудаг гэсэн?

-Их асуудаг юм. Хамтлагийн залуус маань энэ тухай дор бүрнээ нэгийг тунгааж, хоёрыг бодож байгаа байх.

-Ам зөрж, муудалцсанаас болоод хамтлаг тарсан гэж ярьдаг юм билээ?

-Тийм ээ, 2008 онд “Сайн уу, амьдрал минь” кино хийгээд хамтлаг маань тарсан. Тарах үед бидний үзэл бодол хоорондоо нийлэхээ больчихсон байсан. Тэгээд л ам зөрж муудалцаад дахиж хамт уран бүтээл хийгээгүй. Магадгүй тэр үед бид их омголон байсан байх.

-Ахиж нэгдвэл ямар төрөл, жанраар уран бүтээл хийх бол?

-Бид уран бүтээлчид шүү дээ. Тиймээс юу хийвэл одоогийн нийгэм, залууст хүрэх вэ, тэдэнд таалагдах вэ гэдгийг судлах байх. Цаг үеэ мэдэрсэн л уран бүтээлээ хийх байх гэж бодож байна. Одоогийн шинэ уран бүтээлчид, хамтлаг, дуучид зөвхөн өнөө маргаашийг аргацгаасан дуу гаргаж байна шүү дээ. Нэг ёсондоо мөнх настай уран бүтээл хийхгүй байгаа учраас эргээд тэр хамтлаг, дуучид тэр чинээгээрээ хурдан мартагдаж байна. Дэлхийн хөгжмийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн ч  хуулбарласан уран бүтээл хол явахгүй байна шүү дээ. Хэрвээ “Guys” эргээд уран бүтээлээ хийхээр нэгдвэл хуучны стиль, жанрыг эргүүлэн авчирсан, гэхдээ дэлхийн хөгжмийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн дуу хийх болов уу гэж таамаглаж байна.

Б.МАРАЛ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж