Улс төрийнхөө хэмжээнд хүрэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Улс төрийнхөө хэмжээнд хүрэхгүй байна

Монгол-Америкийн ЭЗ-ийн харилцаа улс төрийнхөө хэмжээнд хүрэхгүй байна

Д.Жаргалсайхан “De Facto” нэвтрүүлэгтээ УИХ-ын дарга З.Энхболдыг АНУ-д албан ёсны айчлал хийж байх үед нь урьж ярилцлаа.

-Та АНУ-д анхныхаа айлчлалыг хийж байна. Денвер, Вашингтон, Нью-Йорк хотоор орлоо. Айлчлалын тань үр дүн ямар байна вэ?

-Ийм өндөр хэмжээний айлчлал өөрөө олон сарын бэлтгэл шаарддаг. Айлчлалыг анх төлөвлөж байхдаа тооцож байсан төсөөллөөс үр дүн нь давж байна. Америк-Монголын харилцаа их өөр шатанд гарсан байна. Хийж чадаагүй болон цаашид хийгдэх олон ажил бас байна. Манай улсын гурав дахь хөршийн хамгийн том төлөөлөл бидэнтэй хамтран ажиллахыг, илэн далангүй байхыг, дэмжихийг хүсч байна. Бид энэ том эдийн засагтай харилцаж байж том амжилтад хүрнэ. Үүний дараа Канадад айлчилна. Ер нь бол хойд Америкийн хоёр улсад хийх айлчлал амжилттай болж байна хэмээн дүгнэж болно.

-Америк, Монголын харилцаа их чухал. Гэхдээ гуравдагч хөршүүд маань УИХ-ын сонгуулийн өмнө баталсан Стратегийн салбарт гадаа­дын хөрөнгө оруулалтыг зохи­цуулах хуулийн талаар их асууж байна…

-2012 оны тавдугаар сард бас л тодорхой зорилгоор гаргасан хууль шүү дээ. Монгол Улс эдийн засгаа нэг улсаас хараат байлгаж болохгүй гэсэн хууль. Тэр хуулийг хэрэгжүүлэх механизм болгон Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг гаргасан. Энэ хууль тухайн үедээ зорилгоо биелүүлсэн. Гэхдээ энэ нь эргээд олон хөрөнгө оруулагчийг үргээх дохио болсон учраас шинэ Засгийн газар, УИХ тус хуулийг дахин авч үзье гэж байгаа. Ялангуяа заавал УИХ-аар оруулж шийдвэрлэх хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум буюу 75 сая ам.доллар байгаа нь дэндүү бага. Тиймээс дахин УИХ-аар хэлэлцэж дээрх босгын хэмжээг арав дахин өсгөе гэж байгаа юм. Дээр нь энэ хуулийг төрийн өмчит компаниудад хэрэглэе хэмээн зөөлрүүлж байна.

-Хувийн өмчит компаниудад энэ хууль хамаарахгүй болно гэсэн үг үү?

-Хувийн өмчит компанид хамаарахгүй болохоор өргөн баригдаж байгаа.

-Шинэ хууль өргөн барьж байгаа хэрэг үү?

-Хуучин хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэх мэт хуульд стратегийн салбарт тооцогдсон аж ахуйн нэгжүүд төрийн өмчит л бол дээрх хууль үйлчилнэ гэж ойлголоо?

-Бүртгэлийн систем байдгаараа байна. УИХ руу орж ирдэг хэсэг нэг их наяд төгрөгөөс дээш бол орж ирэхээр бодож байгаа юм.

-Тэгвэл бүртгүүлэхэд их хурдан болох нь ээ?

-Тэгнэ. Ер нь бид бүх төрлийн хөрөнгө оруулалтыг зохицуулах гээд байгаа юм биш. Үндэсний аюулгүй байдлынхаа үзэл баримтлалд гурван хөршийнхөө аль нэгийг эдийн засагтаа давамгайлуулахгүй гээд оруулчихсан. Тэр үзэл баримтлалаа хэрэгжүүлэх механизм болгон үүнийг хэрэглэж байгаа юм. Бид нэг хөршөөсөө хэт хараат байхын зовлонг амссан. Тиймээс дахиад ийм зовлон амсахгүйн тулд ингэж хөрөнгө оруулалтад бодлоготой хандах гээд байгаа юм. Үүнийг америкчуудад тайлбарласан, тэд ойлгож байгаа. Нэг юм хийх гээд нөгөөхөө устгаж болохгүй шүү гэдэг байр суурьтай байна.

-Монгол-Америкийн улс төрийн болон эдийн засгийн харилцааны өнөөгийн төвшинг та хэрхэн тодорхойлж байна вэ?

-Улс төрийн төвшний хувьд хангалттай сайн байна. Соёл урлаг, оюутан солилцоо ч гэсэн сайн. Эдийн засгийн хувьд улс төрийнхөө хүрсэн төвшинг дагаж явах ёстой атал, чадахгүй байна. Сүүлийн гурван жилд манайд үзүүлсэн хамгийн том тусламжийг Америкийн Мянганы сорилтын сангаас олгосон, 280 сая ам.доллар. Түүнээс өөр бодит хөрөнгө оруулалт мөнгөөр орсонгүй. Энэ бол улс төрийн сайн харилцаагаа ашиглаж эдийн засгаа хөгжүүлэх ажлаа мартсан байна гэж бидэнд хэлж байгаа хэрэг. Одоо ярьж байгаа зүйлүүдээ ажил хэрэг болгох юм бол АНУ-ын хөрөнгө оруулалтын хэмжээ хэд дахин нэмэгдэхээр байна.

-Та АНУ-ын Конгресст өчигдөр уулзалт хийсэн. Энэ уулзалтаа хэрхэн дүгнэж байна?

-Биднийг ойлгодог, дэмждэг 16 гишүүнтэй Монголын бүлэг АНУ-ын Конгресст байна. Бид өөрсдийгөө бусдад ойлгуулах хэрэгтэй юм. Өчигдөр эндхийн манай Элчин сайдын яамнаас зохион байгуулсан хүлээн авалтыг Конгресст хийхэд олон гишүүн ирж байна. Тэр бүхэн таатай хөрс байна, үүнийг ажил болгож, экспортоо нэмэгдүүлэн ашиглах нь биднээс хамаарч байна гэдгийг хэлээд байна. Худалдааны танхимд хийсэн уулзалт байна. Тэд бол их прагматик хүмүүс. Америкийн хөрөнгө оруулалт, экспортыг дэмждэг. Хариуд нь “Монголын компаниуд, экспорт Америкт ямар дэмжлэг авмаар байгааг бид зохион байгуулж өгье” гэж байна. Аливаа зүйл хоёр урсгалтай байх ёстой. Нэг урсгалтайгаар Америкийн бараа Монгол руу чиглээд байвал шударга бус зүйл болно. Тэд биднээс “Юу шийдвэрлүүлмээр байна” гэж асууж байна. Энэ бол айлчлалын хөтөлбөрт Гадаад харилцааны яамнаас төлөвлөж өгсөн зүйлд байгаагүй. Бид өмнө нь Америкаас оёмол бүтээгдэхүүний квот авч, тус улс руу бараагаа гаргаж байсан. Тэр квот алга болсон. Түүнийг сэргээх асуудлыг тавьсан. Дээр нь манайх дотоодынхоо ноолуурын салбарыг сэргээж байна. Яагаад гэвэл бид дэлхийн хоёр дахь том ноолуур үйлдвэрлэгч мөртлөө, нэмүү өртөг шингээж байгаа нь бараг байхгүй. Хэрэв нэмүү өртөг шингээх юм бол түүнийг борлуулах зах зээл хэрэгтэй. АНУ дэлхийн хамгийн том зах зээл. Дээр нь Европ, Япон, сүүлийн үед Хятад гарч ирж байна. Бид энэ дөрвөн зах зээл рүү ноолууран бүтээгдэхүүнээ ихээр гаргах ёстой. Засгийн газар хооронд хэлэлцээр хийх ёстой юм. Хамгийн түрүүнд ажил болгох брэнд бол ноолуур.

-Энэ талаар АНУ-тай тодорхой юу хийж болох вэ?

-Бидний хийсэн бүтээгдэхүүнийг баталгаатай худалдаад мөнгийг өгчихдөг л нөхцөл хэрэгтэй. Тарифын асуудал байна.

-Үүнийг зарчмын хувьд Америктай тохирчихож байгаа юм уу?

-Эхлээд бид дотооддоо юмаа хийе. Түүний дараа асуудал тавина шүү гэж байгаа юм. Биднийг Америкийн том сүлжээ дэлгүүрүүдтэй холбоод өгчихөд л явчихна. Уул уурхайн баялаг хэдэн жилийн дараа дуусч, ухсан нүхтэй л хоцорно. Харин ноолуур жил бүхэн гарч байна. Түүгээрээ хэдэн зуун мянган хүн амьдардаг байдлыг бий болгох хэрэгтэй.

-Та мөн нүүрснээс хий, хийнээс түлш гаргах тухай нэлээд сонирхож байх шиг байна. Энэ тухай ярьж өгөхгүй юу?

-Манай улсын тухайд дэлхий дээрх хэд хэдэн рекорд байна л даа. Тухайлбал Улаанбаатар дэлхийн хүйтэн нийслэл ч гэх юм уу. Түүнийгээ дагаад дэлхийн хамгийн бохирдолтой хотын нэг болчихоод байгаа юм. Тэр бохирдлыг арилгахын тулд түлшийг солих хэрэгтэй. Байгалийн хий бол цэвэр түлш. Гэвч тэр хий нь манайд байдаггүй. Харин сүүлийн хэдэн жилд технологийн дэвшлээр байгалийн хийг орлуулдаг болж, тодруулбал нүүрсээр. Нүүрсийг шууд шатаавал бохир түлш. Түүнийг химийн урвалд оруулан, хортой бодисуудыг нь ялгаж аваад газын хэлбэрт шилжүүлэн ашиглаж байна шүү дээ. Түүхий нефтиэс дагалдаж гардаг байгалийн хий одоогийн орлуулдаг хийнээс гурав дахин үнэтэй байгаа.

-Нүүрснээс хий гаргаж байгаа өөрийн өртөг гурав дахин бага байх нь ээ?

-Ердийн аргаар гаргаж авдаг өөрийн гэсэн технологитой. Тэр бол дэлхийн олон улсад тархаагүй, патентын ихэнх нь АНУ-д бий. Тэгэхээр энэ хүмүүс яаж хийдгийг нь мэдэж, үйлдвэрлэж, зарж байна. Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал бол эрүүл мэнд.

-Үүнийг хийхийн тулд дахиад улсын компани байгуулах юм уу?

-Манай айлчлалын бүрэлдэхүүнд дөрөв, таван хувийн компанийн төлөөлөл явж байгаа. Мөн төрийн бус байгууллагынхан ч явж байна. Бүгд л энэ ажлыг хийх сонирхолтой байна. Улс энэ ажлыг хийхгүй. Харин гаргасан байгалийн хийгээ хэрэглэгчдэд зарах зөвшөөрлийг л улс хийх юм.

-Ер нь манай улс хэзээ жинхэнэ чөлөөт эдийн засагтаа орох юм бэ?

-Төрийн компаниудыг хувьчилж байсан хүн нь би байна л даа. Хувийн компани гэдэг төрийнхөөс илүү сайн ажилладаг. Монгол Улс даяараа түүнийг ойлгосон. Төрд ресторан байсан бол “Улаанбаатар”, “Баянгол” шиг хоёрхон л байх байлаа. Өнөөдөр Монгол Улс даяар хүн бүр ресторан нээх эрхийг нээсэн.

-Тэгэхээр та төрийн компаниудыг цаашид томсгохгүй гэсэн бодлого барих нь ээ?

-Цаашид хэрвээ гаазын компани байгууллаа гэхэд тэр төрийнх биш байна. Эрсдэл хувийнх байх ёстой.

-Тэгээд сая МИАТ-ийг хувьчилъя гэхэд таны удирдаж байгаа УИХ яагаад зөвшөөрөөгүй юм бэ?

-Түүнийг би шийдэхгүй л дээ. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн гаргасан шийдвэрээс хамаардаг байгууллага. Шийдвэрийг ингэж гаргана шүү гэж захиргаадах эрх надад байхгүй. Бүхнийг олонхоороо шийднэ. Харин би шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж өгдөг л хүн.

-АНУ-тай боловсролын талд хэрхэн хамтран ажиллах вэ?

-Монголын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Уул уурхайгаас олсон мөнгөө бусад салбараа хөгжүүлэхэд зарцуулна гэж. Уул уурхай хөгжөөд байвал бусад салбар өрсөлдөх чадваргүй болчихно. Одоо ийм урсгал нэмэгдчихсэн байна. Уул уурхайгаар олсон мөнгөө боловсролд, хөдөө аж ахуй, ноос ноолуураа дэмжих хэрэгтэй. Уул уурхайд хүн биш маш том машинууд ажилладаг салбар юм. Тэгэхээр ажлын байрыг өсгөж чадахгүй салбар байх нь. Гэхдээ түүний нөлөөгөөр бусад салбар чирэгдэх боломжийг төр засаг олгож байгаа юм. Бидний янз бүрээр нэрлээд байгаа солонгорсон эдийн засгийг бий болгоно.

-Та үргэлжлүүлээд Канадад айлчилна. Канад бол манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан хамгийн том улс орон. Тэндээс таны хамгийн том хүлээлт юу байна?

-Канад бол 150 жилийн өмнө,бид өнөөдөр Хятад улсын эдийн засагт манайх давамгайлахаас айж байсантай адил байсан. Америк гэдэг аварга том эдийн засаг, хажууд нь жижигхэн Канад Улс. Түүхий эд нь Канадад, хэрэглээ нь Америкт. 150 жилийн өмнө тэд учраа олсоор байгаад, Америкаас айж эдийн засгаа хаалгүй, харилцан чөлөөтэй болсон. Цаашлаад Канадын компаниуд өөрсдөө өсч, өрсөлдөгч болсон. Одоо зарим зүйлийг Америкаас илүү хийж байна. Эхлээд түүхий эдээс эхэлсэн байгаа юм. Түүхий эдээ зарж мөнгөтэй болсон, түүгээрэ сургалтаа сайжруулсан. Дараа нь Канадын компаниуд өсч өрсөлдөх чадвартай болох мэтээр шат дараатай явсан. Бид яг л ийм юм сурах замаар урагшаа явах ёстой. Тэгэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах ёстой.

-Монголын залуучууд Өмнөд Африкт өрөмдлөг хийдэг өөрийн компанитай болчихсон явж байна шүү дээ?

-Тийм. Африкаас гадна Австрали, өмнөд Америкт хийж байна. Энэ бас Монголын өрсөлдөх чадвар болох гээд байна.

-Та Нью-Иоркт ирээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа. Уулзалтаа дүгнээд хэлэхгүй юу?

-НҮБ, Монгол Улсын хооронд онцгой харилцаа бий. Дэлхий дээр НҮБ-ын гишүүн 180 орон бий. Энэ дунд хүн амаар нь харьцуулах юм бол Монгол Улс хаа байсан 100-гийн цаана жагсах ёстой. Гэтэл хэд хэдэн зүйлээр бид НҮБ-тай онцгой харилцаатай. Улс орны хөгжил, ардчиллаараа онцгой жишээтэй байна. НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд цэрэг хандивлагчаараа эхний аравт байна.

-Эхний аравт гэж үү?

-Тийм. НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд цэрэг хандивлагчаараа эхний аравт ордог улсуудын хоорондын уулзалт гэж байдаг. Тэгэхээр бид дэл­хийн энхтайвныг тогтооход улсынхаа хүн амтай харьцуулахад хамаагүй илүү хүчин чармайлт гаргаж байгаа орон. Энэ нь мэдээж манай Батлан хамгаалахын үзэл баримтлалтай холбоотой. Тэр үзэл баримтлалд өөрийгөө цэрэг дайны замаар хамгаалахаас илүү олон улсын байгууллага, дипломат болон эдийн засгийн аргаар хамгаалах зорилготой. Тэр зорилгод нийцэж байгаа. Дээр нь манай цэргүүд гадаадад явж ирээд эх орноо хайрлах үзэл нь улам их болж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга үүнд талархаж байгаагаа хэлсэн. Далайд гарцгүй улсуудын судалгааны байгууллагыг Улаанбаатарт байгуулах гээд бид өөрсдөөсөө хамаарах мөнгө төгрөгөө гаргачихсан байгаа. Түүнийг НҮБ-аар хурдан шийдвэрлүүлэх хүсэлтээ мөн тавьсан.

-Энэ талаар манайх НҮБ-аар тусгай тогтоол гаргуулсан байх аа?

-Тэгсэн.Далайд гарцгүй орнуудын амьдралд далайд гарцтай болох нь чухал байдаг.

Гарцгүй олон орон байна. Тэр олон орныг далайд хүрэх замд байдаг улсууд саад болдоггүй, тарифаар ялгаварлан гадуурхдаггүй байх ёстой юм. Тэгж байж манай Тавантолгойн нүүрс дэлхийн зах зээлийнхтэй ижлээр зарагдана. Өнөөдрийнх шиг тонныг нь 50, 70 ам.доллараар өгөхгүй юм.

-Манайх тийм төвийг байгуулчихсан бил үү?

-Тэгсэн. Гэхдээ одоо ажиллуулахын тулд НҮБ-аар тогтоол гаргуулах ёстой юм. Тэр төвийг байгуулсан арван улс хэлэлцээрт нэгдэх ёстой. Энэ ажил хийгдэж байгаа.

-Америкийн Конгресс, Монголын УИХ-ын харилцааг та хэрхэн харж байна?

-Парламент хоорондын харилцаа эдийн засгийнхаас хамаагүй өргөн, тодорхой давтамжтай явж байгаа. Энэ харилцаагаа ашиглан бид бусад асуудлаа явуулах ёстой юм. Гэхдээ тэр ажил санаанд хүртэл хийгдэхгүй байна. Эдийн засгийн харилцаагаа түргэн явуулах хэрэгтэй. Гэвч түүн дээрээ бид учраа олохгүй байна. Конгресстой, худалдааны танхимтай, гадаад яамтай нь ингэж ажиллах юм байна гэдгийг ойлгох ёстой.

-Төсвийн алдагдлыг ДНБ-ий арван хувьд хүрээд ирэхээр автоматаар хасдаг хууль Америкт байна. Төсвийн алдагдлын дээвэр байна гэсэн үг. Үүнийг манайд хийх ёстой юу?

-Манайх арай өөр. Эднийх Ерөнхийлөгчийн засаглалтай бол манайх парламентынх. Засгийн газрын өргөн барьсан төсвийн хуулийг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт нэг ч төгрөгөөр нэмэхгүй байхаар оруулсан. Түүнийгээ энэ жил хэрэгжүүлсэн. Харин дотроо өөрчлөхийг зөвшөөрнө. Хэдийгээр хуульд заагаагүй ч, Ардчилсан намын бүлэг ухамсартайгаар ийм байдал руу орж байна. Энэ бол өөрөө өөрийгөө хязгаарлах нэг алхам. Америкийн хувьд нэг хэцүү зүйл болсон нь улсын өрийн хэмжээ ДНБ-ээс даваад гарчихсан. Харин манайх 30 хувьд хүрэх гээд, түүнийг их байна гэж үзэж хязгаарлах талаар ярьж байгаа. Америкийн төсөвт тулгарсан асуудал магадгүй 20, 30 жилийн дараа бидэнд ирж магадгүй. Тийм болохгүйн үүднээс бид зохицуулалт хийх ёстой. Төсвийн зарлагын реформ хийхгүйгээр урагшаа явахгүй юм билээ.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж