МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир яруу найргийн шинэхэн түүврээ өлгийдөн авчээ. Түүний энэ удаагийн сэрэл мэдрэм, сэтгэлийн илэрхийлэл “Үүлсийн галбир” хэмээх нэртэй ажээ. Түүнийг олон сайхан дууны шүлгийг бичиж, рок поп урсгалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээн үеийнх нь нөхөд үнэлэн ярьдаг. Тэрээр 1998 онд МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг дүүргэсэн бөгөөд Эрээнцавын Д.Нямсүрэнгийн шавь гэдгээрээ бахархдаг нэгэн юм. “Үүлсийн галбир” номондоо тэрээр 2012 онд бичсэн шинэ шүлгүүдээ багтаасан бөгөөд “Дотоод харвын зочид” хэмээх бүлэгтээ яруу найргийн садан төрлүүддээ зориулан бичсэн шүлгүүдээ багтааж, “Дурсамжийн гэрэлт агшинууд” нэртэй гэрэл зургууд оруулжээ. Эл ном түүний яруу найргийн зургаа дахь бүтээл бөгөөд өмнө нь “Зүүдний зураг” /2001/, “Цаг хугацааг нэрэхүй“ /2006/, “Бие галбирлаг сарны дор” /2008/, “Сүүлчийнх гэж дурласаар байтал” /2009/, “Урин” /2012/ зэрэг номуудаа гаргаж байсан юм.
Т.ДАРХАН