
Судлаач Б.Галаарид нь бөө мөргөлийн чиглэлээр 20-иод жилийн уйгагуй судалгаанд үндэслэн өөрийнхөө олсон гэгээрлийн тухай, хүмүүсийн дунд байдаг бөө мөргөлийн талаарх ташаа ойлголтыг залруулах үүднээс энэхүү лекцийг уншиж байгаа аж.
"Мөнх тэнгэрийн ухаан” лекцээ Дархан-Уул аймгаас гадна Орхон аймагт уншлаа. Мөнх тэнгэрийн ухаан гэдэг нь хүнийг хүн болгох ухаан юм гэдгийг тэрээр энэ лекцээрээ хүмүүст ойлгуулсан. Мөн "Удамтай монгол ирээдүй”-н төлөө сайн сайхан амьдрах хэрэгтэй ч өнгөрсний төлөө бас сайхан амьдрах хэрэгтэй. Аливаа удмынхан сайн явах нь өнөөдөр энэ дэлхий ертөнцөд амьдарч байгаа хүн хэрхэн яаж амьдарч байгаагаас ихээхэн хамаардаг гэдгийг хүмүүст ойлгуулсан юм. Удам тасрах, удмаа сайн мэдэхгүй, уг удмаа алдах, удмын алтан хэлхээг их хөндөгддөг гэдгийг олон онгодтой уулзахдаа олж харснаа мөн ярьсан.
Лекцийн дараагийн хэсэгт дарханчуудын асуултанд хариулт өгсөн юм. Тэрээр асуултуудыг нуршилгүй, сонирхолтойгоор хариулж байлаа. Зарим хариулж амжаагүй хариултаа "Тэнгэрлэг бөө” сэтгүүлээр дамжуулан хариулахаа амлав.
Лекц бүхэлдээ хүн байх, зөв амьдрах, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, урд хийгээд хойд насны тухай итгэл үнэмшилтэй байж түүнийхээ төлөө цэвэр ариун амьдрахын чухлыг ойлгуулсан санаж сэрэхүйн ухаанаар амьсгалсан лекц болсон юм.
Мөн үеэр шинэ номын үзэсгэлэн гаргаж, иргэдийн сонирхсон асуултын дагуу чин сэтгэлийн ярилцлага өрнүүллээ. Нийтлэлч Б.Галаарид орон нутгийн DBS телевизийн "Хүүхдийн сэтгэлд хүрэх дөт зам” цуврал нэвтрүүлгийн шинэ дугаарын хүндэт зочноор уригдсан нь Дарханчуудын талархлыг хүлээлээ.
Эх сурвалж: www.darkhanith.mn