
Түрээслэгчдийн хэлснээр, Худалдааны төвийн захиргаанаас 2012 оны 6 сараас түрээслэгчдэд 385-425 мянган төгрөгөөр төмөр авдар худалдсан байна. Тэд үүнийгээ “Та нар бараагаа ийш, тийш нь зөөхгүй, амар болно. Энэ нь та нарт ашигтай. Бид нар ч тээш, түрэлтийн мөнгө гэж авахгүй” хэмээн тайлбарлан ухуулжээ. Гэтэл өнгөрсөн оны 10 сараас эхлэн камер, гэрэлтүүлгийн мөнгө хэмээн түрээсний мөнгөн дээр 10 мянган төгрөг нэмж авах болсон бөгөөд энэ оны гуравдугаар сараас дээрх төмөр авдрыг нь худалдан авсан хүн бүрээс 30 мянган төгрөг авч эхэлжээ. Энэ мэт зүй бус үйлдлийнх нь талаар тус ҮЭХ-оос худалдааны төвийн удирдлагуудад 26 удаа албан бичиг явуулж, энэ байдлаа эргэн харахыг хүссэн ч ямар нэгэн хариу өгөөгүй байна. Тиймээс “Нарантуул” захын түрээслэгчдийн ҮЭХ-оос Хүний эрхийн үндэсний комисс, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг зэрэг газруудад албан бичиг хүргүүлж байгаа ажээ. Өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан хүмүүсийн хэлж байгаагаар “Нарантуул” худалдааны төв нь түрээслэгчидтэйгээ түрээсийн гэрээ огт байгуулдаггүй, мөнгө хураасан баримт өгдөггүйгээс гадна түрээслэгчдийн лангуу болгон ашигладаг саваа төмөр тус бүрээс 300 төгрөгийг хураан авдаг аж. Мөн тус захын байцаагч нар түрээслэгчдийг элдвээр дарамтлан “Газрыг чинь хураана” хэмээн айлгаж, өөрсдийн хүссэн мөнгөөр тэднийг торгодог гэдгийг хэлж байлаа. “Нарантуул” захыг хотын зах руу нүүлгэх тухай яриа нилээд эртнээс яригдаж эхэлсэн үед буюу 2012 оны зургадугаар сарын 15-нд тухайн үед Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нар тус зах дээр ажиллахдаа “Тун удахгүй нүүлгэж, дээврийг нь битүү болгоно. Үүнээс хойш ямар нэгэн байдлаар түрээсийн мөнгийг нэмэхгүй” хэмээн хэлсэн байна. Хэлсэн амандаа хүрээгүй учраас энэ талаар Ш.Сайхансамбуугаас тодруулахад “Тэр яахав дээ, сонгуулийн л асуудал шүү дээ” гэсэн хариу өгснийг тэд мөн хэлж байлаа. Тиймээс “Нарантуул” захын түрээслэгчдийн ҮЭХороо татварын болон бусад шалгалтыг тус захын удирдлагуудад мэдэгдэлгүйгээр оруулах, “Нарантуул” ОУХТөвийг Олон нийтийн өмчит үйлдвэрийн газар болгож өгөх зэрэг хүсэлтийг төр захиргааны байгууллага болон Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагуудад тавихаар болжээ.