Бүтээн байгуулалт хөгжлийн чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Бүтээн байгуулалт хөгжлийн чуулган боллоо

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ой угтсан ажлын хүрээнд “Барилга- бүтээн байгуулалт-хөгжил” чуулган гуравдугаар сарын 26-нд Өндөрхаан хотноо боллоо. Чуулганд Хэнтий аймгийн болон Улаанбаатар хотоос барилгын олон компанийн төлөөллүүд оролцлоо. Чуулган дээр Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар энэ жил Хэнтий аймагт улсын төсвөөр хийх хөрөнгө оруулалтын ажлууд болон Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ой угтаж хийх бүтээн байгуулалт тохижилтын томоохон ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Энэ жил Хэнтий аймагт улсын төсвийн 34,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэх дотор аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, “Хан Хэнтий” чуулгын барилга, “Хан Хэнтий” дунд сургуулийн өргөтгөл, Батширээт суманд дунд сургууль, гурван суманд цэцэрлэг, Баянмөнх суманд сургуулийн дотуур байрны шинэ барилгууд баригдах юм.

Хэнтийчүүд 90 жилийн ойгоо угтаж аймгийн төвийн хамгийн өндөр барилга дээр Хэнтий-90 гэрлэн чимэглэл хийж, төв цэнгэлдэх хүрээлэнгээ засварлан, Өндөрхаан хотыг бүрэн камерийн системд оруулж, замын гэрлэн дохионуудыг шинэчлэн, цагдаагийн эргүүлийн машины тоог нэмэх юм. Энэ нь гэмт хэрэг зөрчлийг бууруулахад ихээхэн үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа билээ. Түүнчлэн аймгийн төвд шинээр зам, гэрэлтүүлэг тавьж, Халхын их хурдыг бий болгосон Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит гудамж талбайг тохижуулж, хөшөөт өндөрлөг байгуулах аж. Аймгийн Засаг даргын тамгын газар дэргэдээ төрийн ёслол хүндэтгэлийн өргөөгөө нүүлгэн байршуулж, орчны нь тохижуулах, “Их эзэн богд Чингис хааны өлгий нутаг” хүндэтгэлийн хаалга барьж босгох, 1000 айлын орон сууц, хаус хорооллууд, жишиг гэр хороолол барьж байгуулах зэрэг олон бүтээн байгуулалтын ажил өрнүүлэхээр төлөвлөснөө дэлгэрэнгүй танилцуулсан юм. Эдгээрийг дагаж инженерийн байгууламжууд олноор баригдах аж. Иймээс Хэнтий аймагт нэн түрүүнд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага тавигдаж байгааг аймгийн удирдлага онцоллоо. Тухайлбал, цементийн үйлдвэр, барилгын шинэ материалын үйлдвэрлэл, барилгын чулуу бутлуурын карьер, бетон зуурмагын төвлөрсөн узель, барилгын материалын сорьцын лабораторийн төслүүдийг дэмжих юм байна. Барилгын инженерүүд аймгийн удирдлагад хандаж, инженерүүдийн орон тооны бус зөвлөлийг байгуулах, барилгын салбарын хүний нөөц, барилгын материалын чанар, үнэнд анхаарах талаар санал дэвшүүлж байлаа.

Барилгын компаниуд өөрсдийгөө танилцуулж, дээр дурдсан бүтээн байгуулалтын ажлуудад оролцох хүсэлтээ илэрхийлцгээсэн. Улаанбаатар хотын “Дээд цэг” компани хотын хогийн цэгийн менежментийг хийж ландфилийн аргаар дарахаас гадна нөхөн сэргээлтийн ажлыг хийхээс гадна амины 10-25 хаусыг канадын технологиор барих ханын материал, бетон зуурмагийн үйлдвэрийг энд барих боломжтой гэсэн бол “Сэргэн мандалт” компани өөрийн хөрөнгөөр 240 айлын орон сууцыг газар хөдлөлтөд тэсвэртэй, канадын нимгэн төмөр бүтээцтэй барих боломжтой гэж танилцуулав. Ийм орон сууцны нэгж талбайн үнэ 770-800 мянган төгрөгийн үнэ ханштай байх аж. Тэгвэл Хятадын шилдэг барилгын компанийн дистрибютер “Люксвүүд” компани Улаанбаатар хотод Сүхбаатарын талбай дээр өөрийн барьж буй амины байшингуудыг сурталчилж байгаа ба мод хуванцрын технологитой уг байшингуудыг 7-10 хоногт угсарч барьж өгөх чадвартай гэдгээ танилцуулсан юм. Харин “Даншин өргөө” компани барьсан байшингаа машинд ачиж ирээд газар дээр нь үзүүлж сонирхуулсан юм.

Эх сурвалж: www.khentii.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж