-Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт шаардлага хүргүүлж байгаа гэсэн. Чухам яагаад шаардлага хүргүүлэх болов?
-МАХН бусад намыг бодвол олон хуульчидтай. Тэр дундаа манай намын парламентад суугаа долоон гишүүний дөрөв нь хуульч байгаа. Хуульч гишүүдийн хувьд бид Үндсэн хуульд заасанчлан хүний эрх биелэгдэхгүй, харин ч зөрчөөд байна гэж үзэж байгаа юм. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч байсан хүний эрүүл мэндийн нөхцөл байдал хүндрээд байхад улстөржсөн байдлаар асуудалд хандаж байна.
Тиймээс үүнийг зогсоож Улсын ерөнхий прокурор, Ардчилсан намын дарга байсан, ардчилалд хайртай хүний хувьд хүний эрхийг дээдэлж шийдвэрээ гаргаач хэмээн шаардлага хүргүүлсэн.
-Үүнээс гадна хорих ангид хүн шатсан хэрэг гарсан. Энэ бол хуулийн салбарынхны том алдаа л даа. Таны хувьд Баавартай очиж уулзсан гэл үү?
-Би Баавартай уулзаагүй. Ар гэрийнхэнтэй нь уулзсан юм. Баавар гэдэг хүндээ ч байгаа юм биш. Асуудлын гол нь энэ чинь гэмт хэрэг байхгүй юу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сахилгын өрөөнд гал гарна гэдэг гэмт хэргийн шинжтэй асуудал юм. Ийм асуудлыг заавал шалгаж, тогтоох ёстой. Нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон прокурор дээр асар их гомдол байдаг. Миний мэдэж байгаагаар гэхэд н.Энхмандахын асуудал байна. Таван жил тэр хүнийг тамлан зовоосон шүү дээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад байхдаа хоёр хүүхдээ алдсан, прокурорын хяналтад байхдаа траншейнд очсон. Ингэсний эцэст хэргийг нь цагаатгасан. Харин энэ хугацаанд туулсан түүний зовлонг хэн цагаатгах юм бэ. Тэгэхэд прокурор ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс үүнийг анхааралдаа аваач гэж Ерөнхий прокуророос шаардсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газрыг болохгүй байна гэж ярьдаг. Тэгсэн хэрнээ огт хяналт байдаггүй. Хууль бус үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй. Уг нь бол прокурорт хяна гэдэг үүргийг өгсөн юм шүү дээ.
-МАХН-ын гишүүдийг зөвхөн Н.Энхбаярын төлөө зүтгэхийн тулд УИХ-д орж ирсэн гэдэг. Та энэ шүүмжлэлийг хэр их эсэргүүцдэг вэ?
-Манайхаас бусад намууд их азтай л даа. Намын дарга нь шоронд ороогүй байна. Хэрэв муугаар бодоход намын дарга нь шоронд орчихвол тэд ажиллахгүй юу. Асуулт энд байгаа юм шүү дээ. Бид эрх мэдэлгүй хүний төлөө ажиллаж байгаа. МАХН-ын дарга шоронд орохдоо зүгээр ч орчихоогүй, хэлмэгдчихсэн. Хэлмэгдсэн гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх. Шүүх хурлын үеэр өмгөөлөгч авах ёстой байсан. Гэтэл Авлигатай тэмцэх газрын Н.Цоодолсэнгээ “Өмгөөлөгч авч болохгүй” гэсэн бичиг өгсөн. Би өмгөөлөгчөөр нь ажиллаж байхдаа анхан шатны шүүх хуралд ороогүй. Тухайн үед нь ч хэлж байлаа. Энэ мэтчилэн хэрэг угаах хэрэг хийгээд байгаа учраас би ингэж хэлээд байгаа юм шүү дээ. Манай нам 50 мянган гишүүнтэй нам. Эдгээр гишүүнийхээ өмнөөс намынхаа даргын эрх ашгийг хамгаална. Хамгаалсаар ч байх болно. Яагаад гэвэл бид энэ хүний асуудлыг улстөржсөн байдлаар шийдсэн гэж үзэж байгаа. Ардчилсан нам тэртээ тэргүй коммунист нам болчихсон. Гэхдээ үүнийг би хэлээгүй. УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлсэн шүү дээ. Манай нам хуучин МАХН-ын гишүүдтэй болсон гэж. Тэгэхээр би ардчилсан коммунист намын дунд байгаа учир хүнийг үзэл бодлоор нь ялгаварлаж байгаа үйлдлийг гайхахгүй байгаа. Үүнээс айхтар хавчлага, гадуурхал ирэхийг үгүйсгэхгүй.
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин салбараа шинэчлэх томоохон бодлогыг ярьж байгаа. Хуульч гишүүний хувьд хэр зөв алхам гэж харж байна вэ?
-Мөрөөдлөө л ярьж байгаа юм. Би мөрөөдлийг сонсмооргүй байна. Аливаа хуулийг санаачлахдаа салбарын байгууллагаас нь санал авч, үнэхээр энэ салбарт нийцсэн хууль уу, үгүй юу гэдгийг нь мэдэх ёстой. Би Авлигатай тэмцэх газарт очиж уулзсан. Тэгэхэд тэд шинэчилж байгаа хууль нь манай байгууллагад нийцэхгүй гэдгээ хэлсэн юм. Салбарын байгууллагатай харш зүйлийг яриад байгааг хувьдаа ойлгохгүй байгаа. Ер нь шинэ юм хийхийг шинэчлэл гэдэггүй. Харин шинэчлэл гэдэг бол аливаа юмыг сайжруулах, шинэлэг болгохыг хэлдэг. Хорихыг шинээр барихгүй, бас сурталчлахгүй байх хэрэгтэй. Нийгэм авлига, шорон, болохгүй, бүтэхгүй рүү яваад байна. Үүнээс болоод нийгмийг хямралд оруулаад байна. Шинэчилж, шинэ юм хиймээр байгаа бол чимээгүй хий л дээ. Сурталчлах ямар шаардлага байна аа. Энэ утгаар нь би шүүмжилдэг. Түүнээс биш бид хоёр найзууд.
-Тэгвэл таныхаар ямар шинэчлэлийг энэ салбарт хийх хэрэгтэй гэж?
-Юун түрүүнд ухамсрын шинэчлэл хийх хэрэгтэй. Эрүүл мэнд болон хуулийн салбарыг шинэчлэхийн тулд ухамсрын шинэчлэл хийж, сургалтад хамруулах ёстой юм. Хоригдол хүн компьютер ашиглаж болох уу. Олон хүн болохгүй гэж хэлж байгаа. Энэ бол хоцрогдсон ухамсрын шинж. Яагаад болохгүй гэж компьютер чинь тэмдэглэлийн дэвтэртэй адил. Тиймээс ийм хэмжээний хоцрогдсон ухамсар дээр цоо шинэ юмыг туршина гэж байдаггүй. Тэгэхээр хуулийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулийн системд шинэчлэл хийх шаардлагатай. Хуулийн салбарыг энэ мэт бүтцээр нь өөрчлөх ёстой болохоос биш Мөрдөх албаны тухай хууль, Шүүхийн тухай хуулийг шинэчлээд нэмэргүй. Шүүхийн тухай хуулийг хэлэлцэх үеэр С.Баярцогт бид хоёр маргасныг санаж байгаа байх. Үндсэн хуульд тойргийн шүүх гэсэн ойлголт байхгүй. Үүнийг нь хэлж, Үндсэн хууль зөрчлөө гэхэд С.Баярцогт намайг “зарчмын зөрүүтэй саналаа яагаад одоо хэлж байгаа юм” гэсэн шүү дээ. Үндсэн хуульд хүмүүнлэг байх, мөн иргэний оролцоог нэгдүгээрт тавих үүний дараа ардчиллыг ярь гэсэн байдаг. Одоо ардчилал гэж ярихаа түр орхиж, иргэний оролцоо, хүмүүнлэг ёсыг яаж биелүүлэх вэ гэдгээ бодох ёстой. Наад зах нь гэхэд эмнэлгийн байрыг булааж байгаа нь хүмүүнлэг бус үйлдэл байхгүй юу. Хүүхдийн эмнэлгийн шал нь дээр хэвтэхийн тулд авлига өгч байна. Ийм орчинд л амьдарч байна шүү дээ.
-Удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болох хувилбараа МАХН-ынхан гаргачихсан. Таван хүний нэр яригдаж байгаа. Та хэн нь хамгийн боломжтой гэж бодож байгаа вэ?
-Ардын намаас Б.Бат-Эрдэнэ аварга нэр дэвших гэж байгаа юм болов уу гэж бодлоо. Саяхан таван сая долларын асуудалд ороод байх шиг байсан болохоор тэр. Харин манай намаас Ч.Улаан сайд юм уу. Залуу эхнэртэй энэ тэр гээд муулаад байна билээ, хэвлэлээр. Тэгэхээр хэн муулуулж байгаа хүнийх нь рейтинг өндөр байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм л даа. Миний хувьд хэлэхэд манай намаас нэр дэвших магадлалтай таван хүний хэн нь ч энэ албыг авч явах чадалтай. Гэтэл харамсалтай нь энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид нэг гараанаас хөдөлж чадахгүй. Сонгуулийн үеэр асар их мөнгө цацагдах юм билээ. Сонгууль болоогүй байхад болж магадгүй гэж яригдсан хүмүүс нь хэл аманд өртөөд эхэллээ. Энэ бүгдээс харахад ганц хүн л өрсөлдөх юм байна гэж ойлгогдоод байгаа юм. Гудамжаар явж байгаа хүнээс “хэн Ерөнхийлөгч болох вэ” гэж асуухад “бараг тодорхой доо” гэхээр болчихож.
-МАХН, Ардын нам хамтарч ажиллах, цаашлаад нэгдэх тухай асуудлыг судлахаар хоёр талаас ажлын хэсэг гарсан. Энэ хоёр нам хамтарч ажиллах боломжтой юу. Таныхаар?
-Ардчилсан нам бол үнэхээр увайгүй нам. Хуульч хүний хувьд ингэж дүгнэж байна. Аливаа гэрээнд санал тавьсан тал гэрээнийхээ хэрэгжилтийг шаарддаг байхгүй юу. Тодруулбал Ардчилсан нам МАХН-ыг хамтарч ажиллая гэдэг саналыг тавьсан юм. Тиймээс гэрээгээ биелүүлэх шаардлагыг тавих ёстой. Гэтэл Ардчилсан нам гэрээгээ болиосой гэсэн хүсэлтэй байгаа юм шиг байна билээ. МАХН Ардчилсан нам Орон нутгийн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтарч ажиллана гэсэн гэрээтэй. Хамтарч ажиллана гэдэг нь орон нутгийн сонгуульд квот тогтоож, Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ ярина гэсэн үг шүү дээ. Орон нутгийн сонгуулиар үеэр Ардчилсан намынхан “Манай намд жижиг асуудал байна. Гэрээгээ хэрэгжүүлж чадахгүй нь. Намын гишүүдээ дийлдэггүй” гээд гэрээгээ биелүүлээгүй. Үүний дараа аль ч нам Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай яриагүй байхад “бид Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлнэ” гээд хэлчихсэн. Би хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээллийг ярьж байна шүү. Ингээд Ардчилсан намынхан гэрээгээ зөрчсөн учир бид бусад намуудтай хэрхэн хамтарч болох талаар судалж байгаа. Энэ судалгааны нэг хувилбар нь Ардын нам юм. Мөн өөр намууд ч бий.
-Ардын намтай хамтарч цаашлаад нэгдэх сайхан ирээдүй танд харагдаж байна уу?
-Нэг угшилтай нам нэгдэж, хамтрах нь цаг хугацааны асуудал. Харин нэгдэх дөрвөн арга байгаагаас аль нэгийг нь ашиглах боломжтой. Юу түрүүнд Ардын намынхан хурлаа хийгээд намаа албан ёсоор татан буулгаж манай намтай нэгдэж болно. Хоёрдугаар арга нь авлигач гишүүдээсээ сайн дураараа татгалзаж, хоёр нам бодлогоо нийлүүлж болох юм. Мөн тодорхой ажлууд дээр хамтарч оролцох. Дөрөв дэх арга нь Ардын нам МАХН-ыг нэгдэхийн тулд өөрсдийн нэрнээсээ татгалзах хэрэгтэй. Бид нэрнээс болж л салсан шүү дээ. Түүнээс биш МАХН Ардын намтай нэгдэх шалтгаан харагдахгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин