
Ватиканд ямар нэгэн сонгууль болох гээгүй нь лавтай. Хэн нэгэнд нэр нүүр олъё гэсэндээ ингэж хүний хиртэй хөлийг угааж, арчиж үнсэнэ гэж үү. Манай улстөрчид дөрвөн жилд болдог ганц удаагийн сонгуулиар гэрийнх нь гаднаас хашгирчихаад л явна уу гэхээс гэр хорооллын айлд орж, хонож өнжиж чаддаг бил үү. Юун хөлийг нь угааж, үнсэхтэй манатай. Тэгвэл ёстой жинхэнэ “онигоо” болно гэнэ. Үнэн сэтгэлээсээ тийм буян үйлдлээ ч, худлаа жүжиглэж байгаа юм цаадах чинь гэнэ. Монголчууд ч бас шашин шүтлэгтэй ард түмэн. Равнайлсан, ариулсныг нь мэдэхгүй танихгүй зурмал бурхны хөргөнд духаа цоортол мөргөж, эд идээнийхээ дээжийг өргөөд л байдаг, сүсэглээд л байдаг. Эргээд ямар хариу ирдгийг нь харин хэн ч үл мэднэ. Мэдэхийг ч хүсэхгүй. Сүсэг бишрэлд хүлэгдчихээд тийм зүйл бодохтой манатай. Шашны тэргүүн, хамба энэ тэр гэж өргөмжлөгдсөн том том хүмүүс зөндөө. Хамба нэртэй шашны тэргүүнүүд хэд хэд бий. Харин хэнийг нь ч хориход очиж ялтны хөлийг угааж өгөх нь бүү хэл, асрамжийн газарт “нүд аньсан” хөгшний хойдохыг нь сайн дураараа очиж уншлаа гэж сонсоогүй юм байна. Харж хандах хүнгүй хэн нэгэнд буян болж гэж дуулаагүй юм байна. Алдас болох вий дээ. Шашны тэргүүн гэж ийм л агуу сэтгэлтэй, өгөөмөр нинжин байх ёстой юм байна. Өөрийн эрхгүй олны хайр хүндлэлийг төрүүлсэн энэ үйлдэл дэлхийн олон сая католикчуудад таалагдсан төдийгүй олон улсад шуугиан дуулиан тарилаа. Ромын пап лам анхнаасаа хэлсэн үгэндээ эзэн болж байгаа нь сүсэгтнүүдэд таалагдаж эхэлсэн юм. Сонгогдсоныхоо дараа “Урьдын хамбуудаас илүү даруу байх болно” гэж мэдэгдсэн. Түүнийг ширээнд залах ёслол, түүнд өгсөн мөнгөн бөгж зэрэг нь урьд өмнө байгаагүйгээр даруухан байсан гэдгийг дэлхийн хэвлэлүүд бичиж байлаа. Ухаант хүний сэтгэл нь хүртэл уужуу байдаг гэдэг энэ ажээ. Харин манай хамбууд ямар билээ.
"Пап лам бүр “Дахин хөлөө угаалгах хүсэлтэй хүн байна уу. Би үнэхээр чин сэтгэлээсээ үүнийг хийхийг хүссэн” хэмээн хэлсэн байгаа юм"
"Пап лам бүр “Дахин хөлөө угаалгах хүсэлтэй хүн байна уу. Би үнэхээр чин сэтгэлээсээ үүнийг хийхийг хүссэн” хэмээн хэлсэн байгаа юм"
Б.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин