Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2013 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хуралдахаар тов гараад байна. Сүүлийн хэдэн жилийн турш мөнгөний бодлогоо чангаруулж байсан төв банк энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа бодлогын хүүг 0.75 нэгж хувиар бууруулан 12.5 хувь болгох шийдвэр гаргасан. Харин тус зөвлөл энэ оны хоёр дахь хурлаараа хүүний коридор нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэ удаагийн хурлаараа мөнгөний бодлогын саналыг хэлэлцэх юм байна.

Өмнө нь бодлогын хүүг бууруулахгүй хатуу бодлого барьснаар бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн шүүмжлэл дэгдэж байсан бол төв банкны зүгээс инфляцийн эсрэг бодлогын зохицуулалт хийж буй гэж тайлбарладаг байсан. Харин Монголбанк Засгийн газартай хамтран дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр инфляци буурах хандлага гарч байгаа учраас мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжтой болж байгаа гэсэн тайлбар бий. Тэгвэл энэ удаагийн Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар бодлогын хүүг дахин бууруулах уу гэсэн асуулт үүсээд байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар төв банк цаашид ч мөнгөний бодлогоо илүү зөөлрүүлэх байх гэсэн таамаглал байгаа юм.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл нь мөнгөний бодлогын саналыг журмын дагуу гурван удаа хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргадаг байна. Мөнгөний бодлогын зөвлөлийн энэ оны гурав дахь хурал маргааш эхэлнэ.

А.АНУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж