Аз жаргалыг алсаас хайх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Аз жаргалыг алсаас хайх хэрэггүй

Хүн бүрийн
туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгоны аз жаргалын
хэмжээс нь янз бүр.  Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд
тооцох хүн байхад  дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос
хөдөлгөж яваагаа аз жаргал гэж бодох хүн байна. Зарим нь элэг бүтэн яваа нь
хамгийн дээд жаргал гэж бодно.  Бусдын аз жаргалын төлөө бие сэтгэлээ
бүхэлд нь зориулах ачтан буянтан цөөн ч гэсэн бий. “Олон түмэндээ аз жаргалаа
өгөх шиг дээдийн сайхан гэж хаа ч байхгүй”. Бусдын аз жаргалын төлөө
өөрийгөө  зориулсан хүн илүү их аз жаргалтай байдаг. Би л аз жаргалтай
байвал бусдын толгой дээр тэнгэр ниргэж, дээвэр нурж байсан ч хамаагүй гэж
бодох хэт аминч үзэлтэн мэр сэр үзэгдэнэ.

Гэвч хэн нь чухам аз жаргалтай вэ?

“Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлэн хөдөлмөрлөж байгаа тэр
хүн аз жаргалтай”.

*
Сонсгол чинь муудвал хэвийн сонсдог байсан үеийнхээ аз жаргалыг санана.
Хараагүй болчихвол хараатай байсан аз жаргалаа мэднэ мэдрэнэ. Хөл чинь муудвал
хөлөө эцтэл бүжиг эргэдэг байсан залуу насны аз жаргалтай мөчүүдээ бодно. Иймд
таныг эрхтэн бүтэн төрүүлсэн нь эцэг эхийн тань гавьяа учираас ижий аавдаа
хэмжээ хязгааргүй баярла. Чадах чинээгээрээ ачийг нь хариулахыг хичээ.

*
Сэтгэл санааны амирлангуйг сэглэн сүйтгэх дайсан нь архи. Архи ахиухан хүртвэл
биеийн тэнцвэрийг алдагдуулна, гэрийн тэнцвэрийг ч алдагдуулна. Ариунхан
дулаахан гэр бүлийн атаатан хорлогч нь архи. Архинаас ангид гэр бүл аз
жаргалтай  амьдарна.

*
Авир ааш тогтуун гэрт аз жаргал тогтоно. Гэрт гадаа, хээр хөдөө хаана ч нэг л
аашаараа байхыг бод.

*
Хөдөлмөр бол энэ дэлхий дээрх бүх эрхэм сайхан аз жаргалын эх булаг мөн. Өөрийн
дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж, хөгжиж чадаж байгаа бол тэр
чиний жинхэнэ аз жаргал.            


Тэнэг хүн аз жаргалыг алсад хайдаг бол мэргэн хүн түүнийг өөрийнхөө дэргэд
ургуулдаг”

Т.Чимэддагва
             

http://chimeddagva.newmediamarketingagency.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж