Сэргээн засварласан зургаар үзэсгэлэн гаргав

Хуучирсан мэдээ: 2013.04.02-нд нийтлэгдсэн

Сэргээн засварласан зургаар үзэсгэлэн гаргав

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Соёлын өвийн төв АНУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх “Элчин сайдын нэрэмжит сан”-гийн дэмжлэгтэйгээр “Галын гэмтэлтэй уран зургийн сэргээн засварлалт” төслийг 2011 оны аравдугаар сараас эхлэн 18 сарын хугацаатайгаар хэрэгжүүлж дууслаа.

Энэхүү төслийн гол зорилго 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн олон нийтийг хамарсан үймээний үеэр мөн 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгийн өрөөнд гарсан галын улмаас шатаж гэмтэн, утаа тортгонд бохирдсон уран зургийг цэвэрлэх, сэргээн засварлах ажилд шаардлагатай бодис, тоног төхөөрөмжийг худалдаж авах, мэргэжилтэн бэлтгэх явдал байсан юм.

Уран зургийн галерейд өчигдөр “Галын гэмтэлтэй уран зургийн сэргээн засварлалт” төслийн үр дүнг олон нийтэд дэлгэн харуулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд  сэргээн засварлагдсан 24 зургийг дэлгэн  ямар ч үнэ төлбөргүйгээр олны хүртээл болж байгаа юм.  Энэ сарын 5-ныг дуустал өдөр бүр 10.00-18.00 цагийн үргэлжлэх уг үзэсгэлэнд тухлан саатаарай.

Сонирхуулахад, төслийн хүрээнд халдаг ширээ, цавуу, бодис хэрэглэгдэхүүн ашиглан галын гэмтэлтэй уран зургийг сэргээн засварлах сургалт, дадлага ажлыг Соёлын өвийн төвийн Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах хэлтсийн уран зургийн сэргээн засварлагчидад зориулан өнгөрсөн оны тавдугаар сарын 14-18-ны өдрүүдэд АНУ-ын Вилляамстауны уран зураг сэргээн засварлах төв, Атлантагийн уран зураг сэргээн засварлах төвийн сэргээн засварлагчидтай хамтран зохион байгуулсан байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж