Увсын сонгуулийн маргааныг шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Увсын сонгуулийн маргааныг шийдвэрлэлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Ардчилсан нам болон Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан нарын нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлтэй Улсын Их Хурлын сонгуулийн 15 дугаар тойргийн хороо, түүний эрх залгамжлагч Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг  өнөөдөр Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Ардчилсан нам МАН-аас УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулах, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Увс аймгийн Тариалан сумын нэр бүхий 13 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоол хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, нэхэмжлэгч 13 иргэнийг хуульд заасны дагуу мөнгөн урамшуулал авах эрхтэй байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх дээрх хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагаас УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хороны 2012 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Ингэхдээ Улсын Их хурлын сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосныг тус тус хүчингүй болгож, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг эрх залгамжлагч Сонгуулийн Ерөнхий хороонд даалган шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Баярсайхан нарын нэр бүхий 13 иргэний өмгөөлөгч Б.Лхагважавын болон гуравдагч этгээд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор уг хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны тогтоолуудтай холбоотой асуудлыг Сонгуулийн Ерөнхий хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж нэхэмжлэгч нарт хариу өгсөн байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан талаар Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж