УИХ-ын гишүүн асан, Ц.Шинэбаяр Хамуг Монгол хөдөлмөрийн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй нь гэх мессеж олон нийтийн дунд нисэж эхлэв. Түүний хувьд хуучин тойрогтоо буюу Дорнод аймагт ажилласан явдал нь ийм ойлголт төрүүлсэн байх талтай аж. Гэхдээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэр “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн нөхцөл ямар байгааг тандъя гэж орон нутагт ажилласан. Одоогийн байдлаар ард түмний амьдрал их хүнд байна. Гэтэл МАН-ынхан нэг бүтэхгүй нөхрийг аймгийн Засаг даргад зүтгүүлчихсэн, Ардчилсан нам хориглолтын байдалтай байна. Эрх баригчдын дунд ард түмний дотор ажиллаж байгаа хүн алга” гэсэн байр суурийг илэрхийлснээс үзвэл бас ч оргүй яриа биш бололтой.
Мөн тэрээр Ардын нам дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн алга гэх зэргээр сөрөг хүчнээ нэлээд хурцхан шүүмжилсэн байгаагаас харахад бас ч үгүй сонгуулийнхаа PR-ыг эхлүүлчихэв үү гэлтэй. Тэгэхдээ тэр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан саатуулах явцад Тагнуулын тусгай албаныхан руу салаавч гаргасан гэх хэргээсээ болж өнгөрсөн нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял сонссон нь сонгуульд өрсөлдөх боломжийг нь хязгаарлах талтай юм.
Г.ДАРЬ