Сараагийн амьдралыг гэрэл зургаас уншлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Сараагийн амьдралыг гэрэл зургаас уншлаа

Монголын рок поп урлагийн поп дива нарын нэг зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн "Амьдрал намайг дуунд уяраажээ" гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр “Blue Sky” цамхагийн“Blue moon art gallery”-д нээлтээ хийлээ. Тэрээр олон зүйлийн анхдагч. Энэ удаад ч рок, попынхон дундаа анх удаа уран зургийн галерейд бие даасан гэрэл зургийн түүх өгүүлсэн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Түүнийг тун удахгүй үзэсгэлэнгээ дэлгэх гэж байгаа талаар хүмүүст хэлэхэд их л гайхан хүлээн авч байсан гэсэн. Учир нь уран бүтээлчид гэрэл зургийн үзэсгэлэн тэр бүр дэлгээд байдаггүй болоод ч тэр үү түүнийг уран зурагт урважээ хэмээн андуурах хүн ч байсан гэнэ.

16-хан насандаа Монголын рок, поп ертөнцөд анх хөл тавьж байсан XX зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа “Амьдрал намайг дуунд уяраажээ” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнд түүний 27 жилийн турш урлагт хүчин зүтгэсэн түүхэн замналыг шингээсэн 70 гаруй гэрэл зураг багтжээ. Тиймээс энэ үзэсгэлэнд Мөнгөн харандаа хамтлагт дуулж байсан үеэс эхлэн гадаадын тайзнаа, рок, попын алтан үеийн уран бүтээлчдийн хамт авахуулсан ховор зургуудаас эхлээд “Мартъя”, “Ижил саран” клипний зургууд болон түүний урлагт хөл тавьснаас эхлэн өнгөрсөн жил Европын орнуудад хийсэн аялан тоглолтын зургууд нь хүртэл дэлгэгджээ.

Түүх өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр түүний сэтгэгдлийг сонссон юм.

-Таны гэрэл зургийн үзэсгэлэнгийн нэр их өвөрмөц санагдлаа. Яагаад ийм нэр өгөх болов?

-Нягтлан бодогч мэргэжлээс урлагт урван өнөөдрийг хүртэл дуунд уяран дуулж яваа болохоор энэ нэрийг уран бүтээлтэйгээ холбон сонгосон. Анх урлагт хөл тавьснаасаа хойш 27 жилийг поп урлагт үнэнчээр зүтгэсэн байна. Зарим хүмүүс энэ тоог сонсоод “та хөгшин байх аа” гэж асуудаг. /инээв/ Эстрад дуу бол угаасаа залуу насны урлаг шүү дээ. Миний хувьд урлагт залуугаасаа орсон болоод тэр үү 35 насандаа гавьяат жүжигчин цол хүртэж байлаа. Тэр үед ийм насандаа урлагийн хүн гавьяат авна гэдэг бол ховор тохиолдол юм. Тийм болохоор би баяртай байдаг. Энэ үзэсгэлэнд ороогүй үлдсэн зураг маш олон бий. Гэхдээ “Хөх сар” галерейн дизайнд тааруулж зургаа тавьсан байгаа. Мөн би энэ үзэсгэлэнд хувийн архивын зураг тавихыг хүсээгүй. Яагаад гэвэл би дуучин эмэгтэйгийн хувьд ямар амьдрал туулсан бэ гэдгийг л харуулахыг хүссэн.  

-Тун удахгүй таны төрсөн өдөр тохионо? Фенүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалаараа энэ жил тоглолтоо хийх үү?

-Би энэ жил 44 нас хүрч байна. Фэнүүддээ дуулгаж байгаа шинэ мэдээлэл байна. Энэ сарын 20-нд “UB Palace”-ын концертын их танхимд тоглолт хийхээр болсон. Тоглолт 17.00 цагаас болох юм. Учир нь, төрсөн өдөр тэмдэглэж байна гээд өдөржин дуулсаар байгаад миний баяр дуусдаг. Тиймээс үргэлжлүүлэн баяраа тэмдэглэх боломж олддоггүй. Энэ жил тоглолтоо эрт дуусгаад дараа нь “Central tower”-т төрсөн өдрөө үргэлжлүүлэн хийх бодолтой байгаа.

-“Ромео Жульетта” мюзиклд дуулах болсон талаараа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ. Энэхүү мюзиклийн Өрлөг эхийн дүрд хувирна. Надад санал тавьсанд, бас шинэ мюзиклд дүр авсандаа баяртай байгаа.

Уг үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Поп хатагтай Б.Сарантуяа урлагт хөл тавиад 27 жил болж буй ойдоо зориулан энэхүү үзэсгэлэнгээ дэлгэжээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж