– Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл хэдэн хувьтай явагдаж байна вэ. Бүртгүүлэгчид юунд анхаарах ёстой бол?
-ЭЕШ-н бүртгэл дуусахад 14 хоногын хугацаа үлдээд байна. Энэ жил нийтдээ 42 мянга гаруй төгсөгчид шалгалт өгнө гэсэн урьдчилсан мэдээ гарсан. Үүнээс одоогийн байдлаар 87 хувь нь бүртгүүлээд байна. Бүртгэлийн сүүлийн хугацаа өөрчлөгдөөгүй дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусах хэвээрээ байгаа тул үлдсэн хүүхдүүдийг яаравчлахыг сануулах байна. Өмнөх жилүүдийн статистик мэдээлэлтэй харьцуулахад бүртгэлийн явц хэвийн үргэлжилж байгаа. Бүртгүүлээгүй сурагчид үлдсэн хугацаанд бүртгүүлэх бүрэн боломжтойгоос гадна бүртгэл дуусах хугацаа ойртох тусам боловсролын үнэлгээний төв болон харилцах банкны үйл ажиллагаанд ачаалал үүсдэг учир эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгүүлэгчид хувийн мэдээллийг үг үсгийн алдаатай болон дутуу оруулсан тохиолдол мэр сэр гарч байна. Мөн стандартын бус зураг оруулсан тохиолдолд засуулах боломжтой.
-Анх бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ буруу оруулсан тохиолдолд засч залруулах боломж бий юү?
-Ер нь хувийн мэдээлэл ч гэлтгүй зургаа солиулах, шалгалт нэмүүлэх боломжтой. Хамгийн гол нь эдгээр мэдээллийг бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 15-ны дотор засуулах хэрэгтэй. Засвар хийлгэхийг хүсвэл бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө манай төв дээр бичиг баримттайгаа ирж засуулна. Манай мэргэжилтнүүд ажлын өдөр 08-19 цагийн хооронд, амралтын өдрүүдээр 10-16 цагт уртасгасан цагаар ажиллаж байгаа.
-Буруу бүртгүүлснээ интернэтээр шууд засуулах боломжгүй юм уу. Хөдөө орон нутгийнхан хэнд хандах юм бэ?
-Интернэтээр засах боломжгүй. Хөдөө орон нутгийнхан тухайн аймгийнхаа Боловсрол, соёлын газрынхаа бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хандахын зэрэгцээ манай төвийн утсанд холбогдож мэдээллээ залруулах боломжтой.
-Бүртгэлээ засуулах хүүхдүүдэд хандаж хаягаа тодорхой хэлж өгнө үү?
-Манай Боловсролын үнэлгээний төв нь Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, 18 дугаар байр буву БНКУ-ын ЭСЯ-ны байрны зүүн жигүүрт байрлаж байна. Бүртгэлдээ засвар оруулах хүүхдүүд энэ хаягаар ирж болно. Мөн манай мэргэжилтэнүүдтэй 70119498, 70119484 тоот утсаар холбогдон зөвлөгөө авч болно гэлээ.