Иргэний хууль | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Иргэний хууль


Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.

1.3.Хуульд өөрөөр заагаагүй бол татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.

2 дугаар зүйл. Иргэний хууль тогтоомж

2.1.Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Иргэний хууль тогтоомжийг хэрэглэх

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй.

3.2. Тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомж гаргах шаардлагатай гэж олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.

3.3.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.

3.4.Хуулийг хүчингүй болгох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө хүчингүй болгосон хуулийн үйлчлэл сэргэхгүй.

3.5.Хуульд заасан тохиолдолд Засгийн газар, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно. /Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 01дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

3.6. Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ.

3.7.Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй..

4 дүгээр зүйл. Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх

4.1.Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ.

4.2.Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна.

4.3.Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно.

5 дугаар зүйл. Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх

5.1. Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.

5.2.Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна.

5.3.Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно.

6 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцааны объект

6.1.Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна.

6.2.Эдийн болон эдийн бус эрх, үйлдэл, эс үйлдэхүй, мэдээлэл иргэний эрх зүйн харилцааны объект байж болно.

7 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч

7.1.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна.

7.2. Иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч- Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно.

7.3.Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА ҮҮСЭХ
ҮНДЭСЛЭЛ, ХАМГААЛАЛТ, ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААНД
ЭРХ, ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

8 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл

8.1.Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ:
8.1.1.хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл
харшлах хэлцэл;
8.1.2.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр;
8.1.3.хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр;
8.1.4.оюуны үнэт зүйл бүтээх;
8.1.5.гэм хор учруулах;
8.1.6.үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших;
8.1.7.иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох;
8.1.8.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл.

9 дүгээр зүйл. Иргэний эрх зүйн хамгаалалт

9.1.Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна.

9.2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй.

9.3.Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ.

9.4.Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:
9.4.1. эрхийг хүлээн зөвшөөрөх;
9.4.2. эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх;
9.4.3. хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх;
9.4.4. учруулсан хохирлыг арилгуулах;
9.4.5. эдийн бус гэм хорыг арилгуулах;
9.4.6. хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх;
9.4.7. бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох;
9.4.8. иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох;
9.4.9. өөртөө туслах;
9.4.10. хуулиар тогтоосон бусад арга.

10 дугаар зүйл. Аргагүй хамгаалалт

10.1.Хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн, зайлшгүй  шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэнэ.

10.2.Аргагүй хамгаалалтаас учруулсан гэм хорыг уг үйлдэл хийсэн иргэн хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж