“Найрын ширээний ууц”-ыг дахин тоглоно

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

“Найрын ширээний ууц”-ыг дахин тоглоно

Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжиг анхны бүрэлдэхүүнээрээ дахин нэг удаа тоглохоор болжээ. Найруулагч И.Доржсамбуугийн ур ухаанаар 1981 онд тайзнаа амилж, тэр цагаас хойш тасралтгүй 10 жил танхим дүүрэн үзэгчтэй байсан Монголын шилдэг инээдмийн жүжиг тухайн үедээ театрын орлогын ихэнхийг бүрдүүлж байсан гэдэг. Уг жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглосоор амнаас ам дамжин алдаршиж, эх орныхоо өнцөг булан бүрт хүрсэн түүхтэй. Энэ жүжгийг сэргээн тоглох санаачилгыг Ардын жүжигчин Г.Мягмарнаран гаргажээ. Тэрбээр уран бүтээлийн цэнгүүнийхээ хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нд буюу өнөөдөр “Найрын ширээний ууц”-ыг театрын ахмад жүжигчид болон залуу уран бүтээлчидтэй хамтран тоглох гэж байна. Нэрт найруулагч И.Доржсамбуу агсны дипломын ажил болох энэ жүжгийг 1981 онд тоглосноос хойш уран бүтээлчид эх орныхоо 18 аймаг, 300-гаад суманд аялан тогложээ.

Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн уран бүтээлийн цэнгүүнийхээ хүрээнд ганц л удаа сэргээн тоглох гэж буй уг жүжгийн Ойдовын дүрд жүжигчин Л.Нямсүрэн асан тоглож байсан ч учраас энэ удаа Ойдовын дүрийг Ч.Алтан-Өлзий амилуулах аж. Түүнчлэн Ханджавт хуучнаараа Д.Мэндбаяр, Доржийн дүрд Ц.Гантөмөр гуайг тус тус тоглуулахаар хүсэлт гаргасан бөгөөд тэд лагшин чилээрхүү байгаа учраас хараахан шийдээгүй байгаа гэнэ. Яг л хуучны тавилтаар нь Ч.Түвшин найруулан тавьж олны хэсэгт нь ч гэсэн алдар гавьяатай жүжигчид тоглож болох жүжигчин Х.Нарантуяа, Ж.Лхамхүү, Б.Тунгалаг, Дамдин, З.Жарантав, Д.Цэрэндарьзав гээд тэд хос хосоороо найрын зочин болж тоглоно хэмээн их л баяртай байгаа талаар Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай хуучилсан юм.

Түүний уран бүтээлийн цэнгүүн дөрөвдүгээр сарын 1-ний үдэш 21.00 цагт “Миний нууц хүү” жүжгээр өндөрлөх юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж