Айн Ренд. Тэр бол үнэхээр энэ цагийн шилдэг зохиолчдын нэг. Түүнийг Орос гаралтай гэдэг боловч жүүд гаралтай Америк зохиолч юм. Түүний жинхэнэ нэр нь Алиса Розенбаум. 1905 онд Оросын Санкт Петербург хотод төрж, багаасаа биеэ даасан, ном их уншдаг хүүхэд байсан гэдэг. Эцэг нь хэдийгээр эмийн сангийн чинээлэг эзэн байсан ч удалгүй Октьябрийн хувьсгалаар коммунистуудад дээрэмдүүлэн хоосроход Алиса Орост амьдрахад хэцүү болжээ. Энэ үеэс л залуухан бүсгүйд Өрнөд рүү гарах хүсэл төрж эхэлсэн гэдэг. 1926 онд Америкт байдаг хамаатныдаа зочлох боломж олдоход нь гэрээ орхиж яваад, тэрээр эргэж очоогүй байна. Тэрээр зургаан настай байхдаа л “Бурхан гэж байдаггүй юм шиг байна” хэмээн хэлж байсан бөгөөд Айн Рэнд насан эцэс болтлоо атиест буюу бурхангүй үзлийг баримталж байжээ. Түүний “Бид амьд хүмүүс” роман манайд нэлээд хожуу орчуулагдсан ч томоохон номын дэлгүүрүүдийн бестселлерт нилээд дээгүүрт яваа нь энэ зохиолын үнэлэмжийг харуулж байх шиг байна. “Бид амьд хүмүүс” роман бол түүний анхны роман юм. Тэрээр үүний дараа “Эх сурвалж”, “Атлантийн нуруу тэнийв” хэмээх түүнд нэр алдар авч ирсэн том зохиолуудаа бичсэн байдаг. Зарим судлаачид түүний “Бид амьд хүмүүс” зохиолыг сүүлийн бичсэн хоёр романых нь оршил хэсэг буюу бэлтгэл ажил болсон ч гэж үздэг. Ямартаа ч Айн Рендийн зохиолууд өнөө хүртэл дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа нь гайхалтай.
Нэрт зохиолч, философич Айн Рендийн “Бид амьд хүмүүс” романд төр улс, бие хүн хоёрын нийгмийн сайн сайхан, хувь хүний аз жаргалын эсрэг, тэсрэг шинж чанарын тухай өгүүлдэг. Энэхүү зохиол нь нэг талаас уран зохиол боловч нөгөө талаас философийн бүтээл болсоноосоо онцлог ажээ. Уг зохиол дээр гардаг Кира Аргунова гэдэг дүрийг зохиолчийн өөрийнх нь бодит дүр хэмээн үздэг. 1920-иод оны эхэн үеийн Оросын хувьсгалын түүхэн жилүүд, ахуй амьдралын адармаантай үйл явдлуудыг дүрслэн харуулсан. Тэрээр нийгэмд чиглэсэн олон асуудлыг энэ романаараа хөндсөн байдаг. Зохиолын баатарууд бүгд л тухайн нийгэмдээ гадуурхагдсан, нийгмийн олонх гишүүдээс эрс өөр. Гэвч өөрийн гэсэн бодолтой хүчирхэг бие хүмүүс ажээ. Уран барилгач, төмөр замын эзэн, металлургич нарын тухай мэт боловч бүгд л бүтээгч хувь хүмүүсийн тухай ном. Эдгээр мэргэжлүүд нь зохиолын баатруудынхаар (зохиолчийнхоор) худлаа хэлдэггүй мэргэжлүүд ажээ. Тиймээс л тэд энэ мэргэжлийг сонгож авахаас өөр аргагүйд хүрдэг бололтой. Тийм мэргэжилтэй хүн л зохиолын гол баатар байж болохоос биш өөр хүн зохиолын баатар байж таарахааргүй юм. Айн Рэндийн зохиолд Түүхэй хэмээх нийтлэлчийн дүр гардаг. Гэхдээ Түүхэй гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийн санаа бодлыг удирдаж байгаа гэдэгтээ итгэдэг өчүүхэн хүний дүр. Юу ч хийж бүтээдэггүй боловч үг хэлээр л бүхнийг удирдахыг санаархана. Харин худлаа хэлдэггүй мэргэжилтэй зохиолын гол баатрууд үйл хэргээрээ хэн болохоо батлан харуулцгаадаг юм. Ер нь бол хувь хүний хийж бүтээж байгаа зүйлд хөндлөнгөөс оролцохоо болъё гэсэн нь энэ романы гол санаа ажээ. Тиймдээ ч тэрээр “Бид амьд хүмүүс” байх ёстойг бидэнд ойлгуулахыг хичээжээ.