Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Цагаан,
саарал, хар. Энгийн мэт санагдах энэ гурван өнгөний хооронд ихээхэн
ялгаа байдгийг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага
/FATF/-аас мэдээлж байна. Тус байгууллага дэлхийн улс орнуудыг
санхүүгийн байдлаар нь гурван хэсэгт хуваан дээрх гурван өнгөөр
тодорхойлж заншжээ. FATF-ын стандартаар Монгол Улс одоохондоо саарал
дэвсгэр дээр бичээтэй байна.Харин тун удахгүй, тодруулбал хоёр сарын
дараа саарлаас хар руу автоматаар шилжих аюул нүүрлээд байгааг FATF-ын
мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Олон улсыг дамнасан санхүүгийн гэмт
хэрэг болох хил дамнуулан мөнгө угаах, терроризм болон цөмийн зэвсгийг
санхүүжүүлэх хэргүүдээс зайлсхийж чадсан улс орнууд дээрх байгууллагаас
гаргадаг жагсаалтын цагаан дэвсгэр дээр бичигддэг бол сааралд
эргэлзээтэй хэсэг нь, хар дэвсгэр дээр санхүүгийн  ноцтой хэргүүд гарч
байж болзошгүй улс орнуудыг жагсаадаг байна. Одоогоор хар жагсаалтад
Болива, Куба, Эквадор, Этиоп, Индонези тэргүүтэй 20 гаруй улс орон
орчихоод байгаа юм. Тэдгээрийн дунд Вьетнам, Тайланд, Турк зэрэг манай
улстай дипломат болоод эдийн засгийн харилцаатай, монголчуудын худалдаа
наймаа хийх, эмчилгээ үйлчигээ хийлгэхээр зорин очдог улс орнууд ч тод
хараар бичигдсэн байна. Харин “Харын хар” буюу санхүүгийн хувьд хамгийн
эрсдэлтэй улс оронд Иран, Хойд Солонгос гэсэн хоёрхон орон бий.

Магадгүй
уншигч танд мөнгө угаах, терроризм болоод цөмийн зэвсгийн санхүүжүүлэлт
гэхээр манайд огт хамаагүй холын хол мэт санагдаж болно. Гэвч манайд
хил дамнуулан мөнгө угаах  гэмт хэрэг хэдийнэ бүртгэгдээд амжжээ. Үүнд
манай урдаа барьдаг банк санхүүгийн байгууллага өртсөн байна. Одоогоор
илрээд байгаа хоёр хэргийн эхнийх нь олон улсын байгууллагын
төлөөлөгчийн газраас үүдэлтэй аж. Эл мөнгө угаах хэрэгт манай улсын
гурван банкинд хуурамч аккредив нээж, зургаан сая ам.долларыг гүйлгээд
амжжээ. Удаах нь Америк, Хятад, Турк, Араб, Герман, Итали, Испани
гэхчилэн Ази, Европын олон улс орнуудыг сүлжин угаагдсан 250 сая
ам.доллар Монголын нэгэн банкыг мөн дайраад гарчээ. Эдгээр хэргийг
гадаад эх сурвалжийн мэдээллийн мөрөөр илрүүлээд байгаа бөгөөд одоогоор
манай улсад мөнгө угаах гэмт хэргийг олон улсын хэмжээнд бүү хэл
дотооддоо илрүүлэх эрхзүйн тогтолцоо төлөвшөөгүй байгаа юм. Монголбанкны
Санхүүгийн мэдээллийн алба банк санхүүгийн байгууллагын санхүүгийн
гүйлгээг анхааралтай ажиглаж, сэжигтэй байж болохуйц гүйлгээг шалгуулах
хүсэлтийг хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг хэдий ч одоогоор нэг ч
хэрэг шүүхийн төвшинд очоогүй юм. Баттай сурвалжийн мэдээгээр жилд 600
гаруй “сэжиг” бүхий гүйлгээ хийгддэг боловч шалгаж тогтоосон нь нэгээхэн
ч үгүй гэхээр манай улсад энэ чиглэлээр эрхзүйн тогтолцоо үнэхээр
үгүйлэгдэж байгааг илтгэнэ. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгт аль ч улс
оронд төр, засгийн эрх баригч “акул”-ууд болон цагаан захтнууд илүүтэй
холбогддог. Тэд энгийн ардаас эдийн засгийн мэдлэг давуу байхын дээр
танил тал, ар өврийн хаалгаар хэрхэн яаж орж гарах, хууль хяналтын
цоорхойг хэрхэн ашиглахаа сайн мэддэг ажээ. Бусад улс орнуудын зарим 
жишээ дурдъя л  даа.

… Дэлхий нийтийн хэмжээний хамгийн том
авилгачдын нэг гэгддэг Индонезийн Ерөнхийлөгч Аман Сухартог мөнгө угаах
гэмт хэргийн гол жишээнд олонтаа дурддаг ажээ. Түүний гэр бүлийн орлого
нь 15 тэрбум ам.доллараар хэмжигддэг бол үүнийхээ есөн тэрбумыг
Австралийн банкинд хадгалсан байжээ.
…Филиппиний ерөнхийлөгч асан
Фердинанд Маркос АНУ, Швейцарийн банкуудаар дамжуулан эх орноосоо
“хулгайлсан” тэрбум тэрбум ам.доллараа угааж байжээ. Түүний эхнэр нь
2500 хос гуталтай байсан байна. Филиппиний хууль хяналтынхан түүний
хууль бус хөрөнгөөс долоон тэрбум ам.долларыг буцаан авчээ.


1996 онд Харвардад сургууль төгссөн Журадо нь өөрийн санхүү, эдийн
засгийн мэдлэгийг ашиглаж Колумбын хар тамхины хаан Санта Круз
Лондокогийн нэрийн өмнөөс 36 сая ам.долларыг төрөл бүрийн Европын
банкуудаар дамжуулж угаасан байна.

… “Benex”-ийн дуулиант
хэрэг.Оросын мафийн мөнгийг АНУ-ын Нью-Йоркийн банкин дахь “Benex
Worldwide” компаний дансаар угааж байсан нь хуулийнханд баригдсан.
Анхандаа Оросоос “хөрөнгө гадагшлах урсгал” бий болж байгаа мэт харагдаж
байсан ч тэд буцаад Европын банкуудаар дамжиж Орос руу татагдсан байна.
1996-2002 оны хооронд нийтдээ есөн тэрбум орчим ам.доллар дамжжээ. Маш
олон хүнийг энэ хэрэгтэй холбогдуулж барьсан байна.

…Naуру-гийн
хэрэг.Naуру нь Номхон далайд оршдог жижигхэн арал улс юм.Бага танигдсан
энэ улс нь сүүлийн жилүүдэд харин дээд зэргийн мөнгө угаах үйл
ажиллагаануудын төв нь болж байсан нь тогтоогдсон.1990-ээд онд Оросын
гэмт бүлэглэлүүд энэ улсаар дамжуулж 70 орчим тэрбум ам.доллар угаасан
байв. Ингэхдээ тэд Науруд бүртгэлтэй халхавч банкуудыг ашиглаж байжээ.

…BCCI-гийн
дуулиан.Оргил үедээ Bank of Credit and Commerce International (BCCI) нь
дэлхийн долоо дахь хувийн банкинд тооцогдож байв.Гэвч 1980-аад оны
дундуур тус банк маш их хэмжээний мөнгө угаах гэх мэт залилангийн үйл
хэрэгт оролцож байсан нь тогтоогдсон. Хар тамхи гэх мэт гэмт хэргийн
орлогууд энэ банкны дансдуудаар дамжиж байв. Банк нь Саддам Хусейн,
Панамагийн хуучин дарангуйлагч Мануэл Нориега, Палестиний террористын
удирдагч Абу Нидал мэтийн хүмүүст үйлчилж байсан нь тус банк 
харилцагчаа ялгадаггүй болохыг нотолж байв. Түүнчлэн, 1980 оны үед
ЗХУ-аас хийж байсан дайны үед АНУ-ынТагнуулын байгууллага BCCI-ийн
дансыг ашиглаж Aфганы Мужахэдинуудыг санхүүжүүлж байсан нь илэрсэн.

…Нигерийн
Ерөнхийлөгч асан Сани Абача. Тэрбээр улс орноосоо 8 тэрбум ам.доллар
хулгайлж гадаадын банкуудад байршуулсан байна. Транспаренси интернэйшнэл
түүнийг орчин үеийн дэлхийн түүхэнд дөрөв  дэх том авилгач гэж
нэрлэсэн. Тэрбээр Нигерийн үндэсний баялгийн 10 хувийг
дээрэмдсэн.Түүнийг үхсэний дараа Нигерийн Засгийн газар хоёр тэрбум
ам.долларыг нутагтаа буцааж авчирсан байна.

Энэ мэт жишээ олныг
жагсааж болно. Хамгийн харамсалтай нь эдгээр хэргүүдэд нэр дурдсан
төрийн томчууд нь тухайн улс орондоо тусгай хамгалалтад байдгаас хэргийг
тухайн үед нь бус хэзээ хойно илрүүлдгийн дээр мөнгө угаах гэмт хэрэг
нь нэг улсын асуудал бус дэлхий нийтийн хэмжээнийх гэдгийг батална.
Түүнчлэн мөнгө угаах хэргийн эхлэл  терроризмтай шууд болон дам
холбоотойг ч дээрх жишээнүүд  харуулна. Тиймээс манай улс мөнгө угаах,
терроризм, цөмийн зэвсгийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог яаравчлан
бий болгох шаардлага тулгараад байна. Эс тэгвээс манай улс саарлаас хар
руу амархаан гулсах аюултай гэдгийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн
албаныхан сануулсаар байгаа юм. Харин ч хар жагсаалтад нь орчихвол мөнгө
угаах хэргийг бид биш гадныхан илрүүлээд өгөх биш үү гэсэн тэрсүү
асуултад тэд хариулахдаа  “FATF мөнгө угаах, терористуудыг санхүүжүүлэх
аюултай улс гэж зарлангуут тус бүсийн бүх улс санхүүгийн гүйлгээ,
хөрөнгө оруулалт гэх мэт бүх талаар эрсдэлтэйд тооцогддог” гэсэн юм.
Энгийнээр хэлбэл манай улсын гадаад худалдаа маш ээдрээтэй байдалд орох
бөгөөд хэн нэг Дорж, Дулмаагийн хил дамнасан худалдаанд ч элдэв төрлийн
хүндрэл учраад эхлэх ажээ. Эрээн, Эрхүүгийн наймаанд хүртэл эрсдэл
тооцож, нэгд нэгэнгүй нарийвчлан шалгаад эхэлбэл төвөгтэй  биз дээ.

 Уг
нь энэ тухай хоёр жилийн өмнө Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй
тэмцэх байгууллагаас манай улсад анхааруулжээ. Хэд хэдэн санамж
зөвлөмжийг ч өгчээ. Тэр ч байтугай мөнгө угаахыг гэмт хэрэгт тооцох,
түүнийг олон улсын стандартад нийцүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх
хүрээнд 2013 оны зургадугаар  сараас өмнө Эрүүгийн хуульдаа нэмэлт
өөрчлөлт оруулахыг зөвлөсөн байна. Тэдгээрээс өөрсдөөс шалтгаалах
бүхнийг банк, санхүүгийн байгууллагынхан хийчихсэн байгаа бөгөөд
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр очоод таг гацчихсан байна.

Олон
улсын стандарт буюу 2000 оны Палермогийн Үндэстэн дамнасан зохион
байгууллаттай гэмт хэргийн эсрэг конвенцид “мөнгө угаах” гэмт хэрэг гэж
юуг хэлэх талаар тун ойлгомжтой тайлбарласан байдаг ажээ. Гэтэл манай
улсын одоо даган мөрдаж буй Эрүүгийн хуулинд зааснаар бол мөнгө угаах
хэргийн тодорхойлолт нь дэндүү нуршуу, “хүндэвтэр, хүнд, онц хүнд хэрэг
хийж олсон мөнгийг л “мөнгө угаасан”-д тооцох”-оор тусгасан байх
жишээтэй. Түүнчлэн олон улсад санхүүгийн гэмт хэрэгт доод тал нь 7-8
жил, цаашлаад 10-15 жил хорих хүнд ял оноодог бол манайд таван жил
хүртэл хорих ялаар шийтгэхээр заасан байдаг аж. Түүнчлэн одоогоор манайд
ямар тохиолдолд  сэжигтэй гүйлгээ гэж үзэх, ямрыг нь мөнгө угаасан гэх
вэ, сэжигтэй үед гүйлгээг хаах, царцаах, хөрөнгө хураах, хөдөлгөөнгүй
болгох тухай ч яг таг эрх зүйн акт байхгүй.

Тиймээс энэ бүхнийг
ирэх зургадуур сард багтаан Эрүүгийн хуулиндаа тусгахгүй бол Монгол Улс 
FATF-ын саарал жагсаалтаас хар руу автоматаар орох ажээ. Энэ талаар
хоёр жилийн өмнө УИХ, Засгийн газрын төвшинд танилцуулсан ч арайхийн
жаахан ойлголт авсан хэд нь төртэйгээ хамт солигдож, Монголбанкныхан
танилцуулгаа дахиад л эхлүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын
тэргүүн сэтгүүлчидтэй уулзалт хийх үед FATF-ын сануулгын талаар асуусан
боловч “Хүү минь чи юу яриад байна. Наад байгууллагыг чинь би мэдэхгүй
юм” хэмээн хариулснаас үзэхэд өндөрлөгүүдийн сонорт FATF-ын сануулга
хүрээгүй бололтой. Тэгэхээр Монгол Улс олон улсын санхүүгийн
байгууллагын саарал жагсаалтаас цагаан руу  “дэвших” боломж тун хомс
байна. Төгсгөл болгон “томчууд”-аас асуухад  МИАТ, татварынхны хэрэг,
экс тэргүүн хатагтайгаас эхлээд тэргүүн баячуудын гадаадад байршуулсан
тухай илэрдэггүй хэргүүд  “мөнгө угаах” хэргийн цэвэрхэн хэлбэр биш үү?

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж