
Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд сая гардуулж өглөө. Зарлигийг гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны арванхоёрдугаар сарын 22-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд оршин сууж цаа буга маллаж байгаа цаатан иргэдийн амьдрал ахуйтай газар дээр нь очиж танилцсан. Тэр үеэр цаатан иргэдийн сурч боловсрох эрх, эх хэлээрээ мэдээлэл олж авах эрх, эрүүл мэнд, нийгмийн асуудал, эрх хамгаалахтай холбоотой маш олон тулгамдсан асуудал хөндөгдсөн. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа авч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргалаа.
Хүн ам, нийгмийн хамгааллын яам бол иргэдийн эрх, нийгмийн хамгаалал, ахуй амьдрал, эрүүл мэндтэй холбоотой олон асуудалд голлох үүрэгтэй оролцдог тул зарлигийг сайд С.Эрдэнэд гардуулан өгч байна” гэлээ.
Өмнөх Засгийн газруудын үед цаатнуудын талаар төр, засгаас шийдвэр гаргаж байсан ч иргэдийн эрх, нийгмийн хамгааллын чиглэлээр бус аж ахуйн чиглэлтэй шийдвэрүүд гарч байжээ.
Зарлигийг гардаж аваад Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг гаргаж газар дээр нь нарийвчилсан судалгаа хийж хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажиллана гэдгээ илэрхийллээ. Ажлын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид эргэж танилцуулна гэдгийг сайд С.Эрдэнэ хэлэв.
Тэрээр “Эдийн засгийн өсөлтийн тодорхой хувийг иргэддээ зарцуулдаг, бүтээн байгуулалтын тодорхой хэсгийг хүн амын хөгжилд чиглүүлдэг тогтолцоог бий болгохын тулд бид өнөөдөр зорьж ажиллаж байна. Энэ дотор цаатан иргэдийн ахуй амьдрал, эдийн засгийн тулгамдсан асуудлууд, боловсрол, эрүүл мэндийн асуудал багтаж байна.
Өмнөх Засгийн газрын үед цаатан иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжиж байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг шиг ингэж хүн рүүгээ чиглэсэн цогц бодлогын төвшинд авч үзэж байгаагүй. Цаатан иргэдэд чиглэсэн цогц бодлогын хэмжээний зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа гаргаад байна” гэлээ.