Сүүлийн үед дэлхийн хүүхэд залуусыг өөрсдийн дуу хоолойгоороо байлдан дагуулах болсон Их Британий “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс аялан тоглолтоо орхин өөрийн соло цомгийг гаргахаар болсон тухайгаа мэдэгджээ. Харригийн дээрх мэдэгдлийг фэнүүд нь янз бүрээр хүлээж авч байгаа ч хамтлагийн бусад гишүүдтэйгээ муудалцсаны улмаас түүнийг ганцаараа уран бүтээл хийхэд хүргэсэн хэмээн хэвлэлүүд шуугиж байгаа юм байна. Тэрээр өнгөрөгч хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн Хойд Америк, Австралиар хийж буй “Take Me Home Tour” нэртэй хамтлагийнхаа аялан тоглолтыг ийнхүү орхиж байгаа нь энэ аж.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Харри экс найз бүсгүй Тейллор Свифтээс болж бусад гишүүдтэйгээ муудалцжээ. Учир нь “One Direction”-ий Тейллортой хамтран дуулсан дуунуудаа фэнүүддээ хүргэхэд Тейллорыг аялан тоглолтондоо дагуулж явах хэрэгтэй гэсэн Эддигийн тайлбарыг Харри маш дургүйцэж хүлээж авсантай холбоотой гэнэ. Дээрх мэдээллээс болж Харриг хамтлагаасаа гарна гэсэн шуугиан хүртэл дэгдээд байгаа ч “One Direction”-ий залуус одоогоор ямар ч тодорхой тайлбар хийгээгүй байгаа юм байна. Харригийн хувьд шинэ цомгоо гаргахаар аль хэдийн уран бүтээлүүдээ бэлэн болгоод байгаа гэнэ.
Э.АНХТУЯА