Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Дутуу юмгүй зохиол. Манай зарим хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт
зориулсан концертод хүчээр эвийг нь олоод хийчихсэн хэсэг байдаг юм. Энэ
нь муу гэсэн үг биш л дээ. Гэхдээ  үүнд тийм юм алга. Ерөөсөө л
хөгжмийн зохиолчийн сэтгэлээс ундран ундарсаар байгаа өөлөх юмгүй бүтээл
юм.

Хөгжмийн зохиолч Санги­доржийн Сансаргэрэлтэхийн төгөлдөр хуур, найрал
хөгжимд  зориулсан II концертыг хөгж­мийн нэгэн мэргэжилтэн ийн дүгнэсэн
юм. Дэлхийгээр аялан тоглуулах уг бүтээлийн нээлтийн тоглолтыг эх
орондоо өнгөрсөн баасан гаригт ДБЭТ-т зохион байгууллаа. Шинэ бүтээлийг
хөгжмийн зохиолчийн эгч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг тоглож үзэгч,
сонсогчдод хүргэсэн. Тоглооч дүүгийнхээ концертыг зүрхнээс зүрхэнд
хүргэн өгүүлэн тоглож, үзэгчдийг баяр цэнгэлд умбуулав. Тэрбээр
тоглолтоороо гоцлооч гэж хэн байдгийг, том хэмжээний зохиол хэрхэн
тоглодгийг, хөгжмийн зохиолч юу хүсч бичсэнийг хэрхэн ойлгомжтойгоор
үзэгч, сонсогчдод хүргэдгийг харуулав.

Ч.Сангидорж агсны хүү С.Сансаргэрэлтэх тоглолтыг нээж үг хэлэхдээ
дурдсан л даа. “Би ийм концерт бичиж байна. Таны “Зулай цагаан Алтай”-г
үндсэн аялгуугаар авч байгаа шүү” гэхэд аав ая мундсан биш дээ, түүгээр
яах нь вэ дээ гэж байсан юм. Харин би ийм бүтээл хийхдээ, аавын энэ
аялгуу ямар өргөн цараатай болохыг батлах гэж оролдсон юм. Та бүхэн одоо
сонсоно оо” гэсэн юм. Шинэ бүтээлийг тайзнаа тоглохын өмнө ДБЭТ-ын
гоцлол дуучин Ч.Энхтайван, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нараар “Зулай
цагаан Алтай”-г дуугаар нь сонсгож үзэгчдийг хөглөсөн. Тиймээс ч тэр үү,
төгөлдөр хуурч С.Саянцэцэг концертыг Улсын филармонийн симфони найрал
хөгжмийг ХБК-ийн симфони найрлын хөгжимчдөөр өргөтгөсөн бүрэлдэхүүн
бүхий найрал хөгжимтэй гоцолж тоглосон нь үгээр илэрхийлэхийн аргагүй
тансаг байсан юм.

Эгч, дүү хоёрын тоглолтын нэр “Хүн байгаль хоёр”. Симфони найрал
хөгжмийн нүргээн тэр чигээрээ байгалийн сүр хүч, давагдашгүй хүчин
зүйлийг илтгэх шиг. Наана нь гоцлон  тоглохын гайхамшгийг үзүүлж буй
төгөлдөр хуурч Саяа хүмүүн биднийг төлөөлөн байгаль эхийг аргадаж нэг,
залбирч нэг бөхөлзөх ч шиг. Түүний тоглолтыг үнэндээ төгс гэхээс өөрөөр
хэлэх үг алга. Ийм сайхан хөгжим бичиж, тоглож байгаа хүн төрөлхтнийг
байгаль эх ивээнэ, Зулай цагаан Алтайн өвөрт дэнжийн цагаан гэртээ ээж
нь хүүгээ хүлээж байдаг болохоор хүү нь Алтайн уулсаа зүүдлэхгүй байхын
аргагүй, хүн байгаль хоёр хүйн холбоотой. Тиймээс бие биеэ хайрлана аа
хэмээх ч шиг. Ийн хүн төрөлхтөн нэгэн үдэш шүлэгч, хөгжмийн зохиолч,
дуучин, тоглооч нарыг өмнөө барьж авьяас, ухаан тэгш эгч дүүст дулдуйдан
байгаль эхээ магтан дуулав.

Тоглолтын хөтөлбөр баялаг, бүтээл бүр нь гоё. ДБЭТ-ын гоцлол дуучин
Ө.Уянга хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн “Дэнхэр цэнхэр тогоруу”-г нь
“…Нулимс шиг цэнхэр тогоруу…” гэж ирээд л дуулсан. Үзэгчид ялаа
нисэхэд ч сонсогдом аниргүйн дунд энэ сайхан бүтээлийг нь сонсч сэтгэлээ
ариусгав.

Төгсгөлд нь хөгжмийн зохиолч тайзнаа ээжийгээ урилаа. “Ээж ээ, миний ээж
бос доо” хэмээн уриад “Хүн төрөлхтөн ээжээс үүсэлтэй гэж боддог. Тэр
дундаа миний ээж агуу. Биднийг хөгжимчин болгохын төлөө хамаг амьдралаа
зориулсан хүн” хэмээн хүү нь магтсан. Хөгжмийн зохиолч урлагийн гавьяат
зүтгэлтэн Ч.Сангидорж агсны гэргий дөрвөн хүүхдээ бүгдийг нь хөгжимчин,
нэгийг нь улмаар хөгжмийн зохиолч болгосондоо сэтгэл дүүрэн явдгаа
тэрбээр тайзнаа гараад хэлсэн юм. Тийм ээ, түүний охин Саяа хүүгийнх нь
бичсэн төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан энэхүү концертыг нь
дэлхий тойруулан тоглоно. Гадаадад болох эхний тоглолт энэ сарын 16-нд
Эквадор улсын филармонид болно.

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж