Монголын төв телевиз буюу албан ёсны утга төгөлдөр нэрээрээ бол МҮОНТ уржигдар, өчигдөр яг ингэв. Хөлдүүгээ харуулав, эргүүтэв, улсаа хорлов. Японы ерөнхий сайдын айлчлалын хоёр өдрөөр “Зарлаагүй дайны оршил” гэдэг кино гаргасныг нь хэлж байна. “Зарлаагүй дайны оршил”-д яг юу гардаг нь “Тунгалаг Тамир” энэ тэрийнх шиг нүдэнд харагдтал ой тойнд хоногшсон юм алга, олигтой кино биш болоод тэр биз. Ямар ч байсан “муусайн самуурайнууд”-ыг жигшүүлэх нь энэ киноны гол санаа байсан нь гарцаагүй. Тухайн үед үүргээ гүйцэтгээд түүхийн хог дээр хаягдсан юмыг ухаж гаргаж ирээд, тэртээ нэгэн цагт маньд хэрэггүй байсан байж болох ч одоо бол юу юунаас илүү чухал болоод буй сайн нөхрийн өөдөөс “Май чи!” хэмээн салаавч гаргах нь тэр. Эргүүтэж л байдаг, энэ ч арай дэндэнэ ээ.
МҮОНТ статусаараа ч тэр, нөлөөгөөрөө ч тэр, үүрэх ёстой хариуцлагаараа ч тэр, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагаасаа (заримыг нь яг телевиз гэж хэлэхэд ам үл эвлэх тул ийм үг аргагүй хэрэглэв) тэс ондоо. Энэ талаар олон зүйл донгосч болох боловч илүүц гэж үзээд ганцхан жишээ авахад энэ телевиз Чингис хааны төрсөн өдрөөр түүнийг хүний махан хүнстэн гэдгийг яруу тодоор харуулсан кино гаргаж болохгүй. Яагаад гэвэл зөвхөн нэрнээс нь л харахад МҮОНТ Монголын ард түмний хүсэл сонирхлын илэрхийлэл байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг залгидаг гэдэг утгаараа ч ганц биш, ерөөсөө бий болсон, байлгаж байгаа утга нь тэр билээ. Хууль энэ тэрдээ ямар байдгийг мэдэхгүй, гэхдээ яаж ч бодсон иймэрхүү үүрэг хариуцлага хүлээсэн байж таарна. Харин ТВ тав, ес, ная, зуу энэ тэр бол ийм үүрэггүй. Ухаандаа тэд манай төрийн өндөрлөгүүдийн бэлгийн чиг хандлагын талаар эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлэг хийж гаргалаа гэхэд хэн ч ингэснийх нь төлөө тэднийг элгэдэж унагаах эрхгүй юм. Лаа идэх үү, лууван идэх үү л гэдэг асуудал. (MNC гэдэг телевиз Японы ерөнхий сайдыг Аба гэж туусныг яг энэ утгаар нь, дүүрч гээд өнгөрөөж болно) Харин Үндэсний телевиз лаа идэж болохгүй. Лаа идлээ гэхэд шоолуулах хүн нь ямар нэг Программын захиргааны дарга, эсвэл нэрт сэтгүүлч тэр биш, харин та бид, Монголын ард түмэн юм. Үндэсний телевиз эргүү байвал Монгол л эргүү болж харагдана гэсэн үг. Ялгаа нь ийм, хариуцлага нь ийм л юм (болов уу). Тэгвэл өнгөрсөн хагас, бүтэнсайнд энэ телевиз “Зарлаагүй дайны оршил” гэдэг бичигтэй томоос том лааг зориуд харуулж байгаад хусч орхих нь энэ. Тэртэй тэргүй урьдахаа яая гэж байхад манийгаа ч сайхан шившиг болголоо доо.
Японы өмнөх хоёр ерөнхий сайдын айлчлалаас ялгаатай нь Абэ Шинзо (номоороо бол ингэж бичих ёстой гэж Долгорсүрэнгийн Дагвадорж уржигдар хэлсэн юм) нутгаасаа Монголд шууд иржээ. Тоошики Кайфү тэргүүтэн хилийн чанад дахь аяллынхаа дундуур буюу ондоо улсаас ирж байсан гэнэ. Шууд ирж байгаа нь цаанаа нигууртай чухал үйлдэл гэж өнгөрсөн баасан гаригт “Eagle News” телевизэд ярилцлага өгсөн ГХЯ-ны газрын дарга эрхэм хэлж байна билээ. Японыг Монголын сайн нөхөр гэж дээр хэлсэн, үүнээсээ би л лав ичихгүй. Оросын савар угж хоёроос салаад элгээрээ мөлхөж явахад минь манийг тэжээж тэнхрүүлж өгсөн ачтан нь Япон мөнөөс мөн. Одоо таван цаасны бараа хараад хүний нүүр харахтайгаа болох хүртэл минь тэтгэж тусалж, түшиж босгосон буянтай улс, япончууд. Ерөнхий сайд нь энэ удаа ирэхдээ ч муу л санаж ирээгүй байх. “Та нарт хамаг юмаа барьж гийгүүлэх гээд байгаа юм биш, харилцан ашигтай байя” ч гэж өөрөө хэлсэн байна. Шударга сайхан үг. Хэн хэндээ ашигтай байж Японтой ганзага нийлэх нь, өрөвхийн залгихаар мярайх ч биш, дайрч буй хоёр найзын өөдөөс нүүр бардам тулахад маньд даанч чухал, хаврын шар тос л гэсэн үг (болов уу). Гэтэл Монголын ард түмний хүсэл сонирхлыг илэрхийлдэг Үндэсний телевиз өөдөөс нь “Май чи!” гэж авдаг байгаа.
Япончууд манийхаа хөнгөн гоомойг мэдэх тул уучлаад л өнгөрөх байх л даа. (Уучлахаасаа өмнө жаахан гайхсан нь харин мэдээж). “Муусайн самуурай” энэ тэрээр минь дуудлаа, та нартай “муудлаа” гээд чигчий хуруу гаргахгүй нь мэдээж. Нэгийгээ ойлгодог сайн найз учраас тэгж байгаа юм. Нарийндаа бол яг үүнтэй төстэй явдал хорвоо дэлхийн энд тэнд болж, ирсэн хүн нь чигчийгээ харуулаад яваад өгсөн тохиолдол байж л байдаг. Хамгийн гол нь Үндэсний телевизэд ямар сургамж үлдэх нь л сонин байна. Ийм юм боллоо, яах билээ гээд цуглаж ярьдаг болов уу, яадаг бол, за бараг ч үгүй биз дээ. Засаг төр уул нь үүнийг анхаарах л ёстой (болов уу). Хууль дүрмэндээ юу гэж заасан, эрх мэдэл нь ямар байдгийг мэдэхгүй юм, ямар ч байсан дарга нарын явсан суусан, асар их амжилт бүтээл гаргасныг зурагтаар үзүүл гэж дуудаж дүрэмддэгээсээ илүү, Монголын нэрийг баастсан ийм хорлонтой үйл хэргийг нь залруулж зэмлэхээр дууддаг бол хэт ирээдүйдээ илүү хэрэгтэй байхсан.
“Шууд” хэмээх телевиз өнгөрсөн амралтын өдрөөр “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо!” гэдэг киног гаргасан гэж дуулдсан, үнэн худлыг нь нотлох гэсэнгүй. Хувийн хэвшлийнхэн лаагаа иднэ үү, юугаа иднэ үү, маньд падгүй учраас тэр. Харин Үндэсний телевиз лаа идэж, дайн зарлаж болохгүй.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин