Хамтдаа тайван нойрс доо

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Хамтдаа тайван нойрс доо

Гэр бүлийн маргаан, уурын мунхаг, архины халуундаа улангассан хүргэнийхээ гарт  нэгэн гэр бүл хорлогдож хорвоог орхилоо. Дөрвөн сайхан үр, хайрт ханийхаа хамт Ц.Дашчойнхор гуай ийнхүү  үүрд тайван нойрсох нь. Аав, ээжийгээ, ах, эгч, дүү нарыгаа өнгөрснийг тэдний хэн нь ч мэдээгүй. Гэмтлээ даалгүй өвдөж, шаналж байгаагаа нэгэндээ сонсгож, мэдэгдэхгүйн тулд ёолох ч эрхгүйгээр энэ хорвоог орхисон нэг гэр бүлийн таван хүнийг өнгөрсөн баасан гаригт хөдөөлүүлсэн. Гал голомтыг нь залгах нуган үр болох 28 настай инженер залууг амьд үлдээсэй гэж Монголын ард түмэн, хамаатан садан нь хэдий их хүсч, залбирсан ч залуу 80 хувийн түлэгдэлтийг тэсч, даасангүй. 

Талийгаачдын хоног хурааж дуусах хүртэл шарил дээр нь эргэж очиж болохгүй, тусад нь оршуул гэж алтан хайрцагт гарсан тул том хүүг нь аргагүй өөр газарт өнөөдөр өглөө нутаглуулжээ.

 “Хамтдаа дуусъя” гэж хүргэн н.Наранбаатар гэр бүлээрээ тайван сайхан нойрсч байсан тэдэн рүү шатахуун цацаж, ганцхан хормын дотор шүдэнз зурснаар ийнхүү зургаан хүний аминд хүрлээ. Гэмт этгээд 40 хувийн түлэгдэлттэй Түлэнхийн төвд цагдаагийн хамгаалалтад эмчлүүлж байгаа. н.Наранбаатар хамт дуусахыг хүссэн боловч түүний үйлдсэн гэмийг үлдсэн насанд нь үүрүүлэхээр хорвоо түүнийг ганцааранг нь үлдээсэн нь энэ. Ганцаараа ч бас биш юм байна. Гал гарсан өдөр аавынхаа ээж, аав дээр хонож, амьд үлдсэн н.Наранбаатар 6 настай охин, 4 настай хүү нь эмээ, өвөөгөөсөө ээж, аавыгаа нэхэж, “Ээж хэзээ ирэх” бол гэж давтан асууж, хүлээсээр байгаа.

Салах өргөдлөө өгснийхөө хариуд нөхөртөө толгойгоо хагалуулж, зодуулсан бүсгүй өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд н.Наранбаатарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага өгч, баривчлуулсан юм байх. Хэрэв цагдаа нар “Хэд хоног саатуулаад өгөөч” гэх хөөрхий бүсгүйн гуйлтыг сонсож,  танхайрсан н.Наранбаатарыг хуулийн дагуу гурав хоног саатуулсан бол тэр өдөр, тэр хэрэг гарахгүй байсан нь лавтай.

Мөн хууль хяналтын байгууллагынхан гэр бүлийн дарамтаас болж, салах өргөдлөө өгсөн эмэгтэйчүүдийг хамгаалж, аюулгүй байдлыг хангадаг байсан бол тэр бүсгүй, түүний гэр бүл халуун ам бүлээрээ элэг бүтэн, эсэн мэнд байх байсан. Д.Солонгот-Од бүсгүйтэй яг адил өмнө нь мөн олон бүсгүй салах өргөдлөө өгч, гэр бүлээ цуцлуулах гэснийхээ төлөө хохирч, амиа алдсан. Цаашид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүдийн эрх ашиг, аюулгүй байдлыг хангах шаардлагатай болсоныг тэдний үхэл ийнхүү анхааруулж, санууллаа.

Тэд тун удахгүй авах гэж байсан хашаа, байшиндаа дөрвөн сайхан үр, хоёр зээтэйгээ халуун ам бүлээрээ аз жаргалтай амьдрах байсан…

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж