Тавантолгойн 5 төлөвлөгөө | News.MN

Тавантолгойн 5 төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Тавантолгойн 5 төлөвлөгөө
“Эрдэнэс Тавантолгой” компани санхүүгийн хүндрэлээс гарахаар олон ажил амжуулж байна. “Чалко”-той хийсэн нүүрс борлуулалтын гэрээгээ эргэн харж, Баруун Цанхийн хөрс хуулалтын ажлыг эхлүүлээд байна. Үнэндээ олон улсын томоохон компаниудтай хэлэлцээрт орж, хүндхэн байдлаас гарах хэцүү үүрэг “дипломат” захирал Я.Батсуурьт ногдож байна. Түүний мэргэжлийн давуу тал ч удахгүй гарах байх гэсэн итгэл найдвар олон хүнд төрж байгаа биз.

Төлөвлөгөө 1. Чалко

Он гарсаар Зүүн Цанхийн уурхайн нүүрсний экспорт зогсоод байна. Өнгөрсөн хугацаанд ердөө 2,7 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд өнөөдрийн хувьд багахан нүүрс олборлож, гол анхаарлаа хөрс хуулалт руу чиглүүлжээ. Нүүрсний экспорт зогссон шалтгаан нь “Чалко”-той байгуулсан нүүрс борлуулах гэрээтэй холбоотой.

Нэг тонныг нь 58 доллараар олборлож, тээвэрлэж байгаа нүүрсээ 53,6 доллараар зарж байгаа нь компанийг алдагдалд оруулж байна хэмээн компанийн удирдлага мэдэгдэж, гэрээг өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр уг асуудал Засгийн газрын түвшинд “босов”. Засгийн газрын зарим гишүүн уг гэрээг ямар ч ашиггүй   болсон хэмээн ил тод зарлаж, буруутныг хайж эхэллээ. Гэхдээ “Чалко”-той байгуулсан гэрээний  муу, сайныг зэрэгцүүлж ярих биш муу талаас нь яриад байгаа нь учир дутагдалтай юм. Нөгөө талд гэрээний зарим
заалтуудыг харвал өнөөдрийн ашиггүй гээд байгаа нь цаг зуурынх гэж хэлж болохоор байна.

Гэрээнд тусгаснаар “Чалко”-д зөвхөн Зүүн Цанхийн уурхайн дөрөвдүгээр давхаргын нүүрсийг борлуулах бөгөөд суурь үнийг 70 ам.доллараар тооцсон байдаг. Дөрөвдүгээр давхаргын нүүрс нь өнгөн хэсгийн харьцангуй үнслэг ихтэй нүүрс юм. Үнийн өөрчлөлтийг тооцохдоо эхний удаад улирал тутам ярилцаж тогтоохоос зайлсхийж, Хятадын нүүрсний үнийн 4 индекстэй уяж өгсөн байна. Нэг ёсондоо Хятадын нүүрсний үнэ өсч, буурахаас хамаарч “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний үнэ тогтох ёстой гэсэн үг. Гэхдээ үүний нэг сул тал нь 2011 онд буюу нүүрсний үнэ өндөр байхад хийгдсэн. 2012 оны хавраас хойш Хятадад нүүрсний үнэ тасралтгүй буурсан нь “Эрдэнэс Тавантолгой”-д хүндээр тусч байна. Эсрэгээрээ Хятадад нүүрсний үнэ өндөр хэвээр байсан бол манайд илүү ашигтай байхаар байгаа юм.

Энд бас нэг зүйлийг онцолж хэлмээр байна. 2011 онд “Энержи Ресурс” компани Ганцмод буюу хилийн цаана нэг тонн угаагаагүй нүүрсээ 90 доллараар худалдаж байхад “Эрдэнэс Тавантолгой” Цагаанхад буюу хилийн наана 70 доллараар борлуулахаар гэрээлсэн. Ганцмод, Цагаанхадны хооронд 30 орчим км зайтай гэдгийг санах хэрэгтэй. Гэрээг байгуулснаас хойш “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний үнэ 23,4 хувиар буураад байна. Хятадын нүүрсний үнийн бууралттай харьцуулахад харьцангуй бага гэж болохоор.

Тухайлбал, Хятадын далайн эргийн буюу боомт дээрх коксжих нүүрсний үнэ 2011 оны  тавдугаар сард 300-350 доллар байсан бол хоёрдугаар сарын 25-ны байдлаар 154-184 доллар болтлоо хоёр дахин буурчээ.

Гэрээний хувьд яригдахгүй байгаа бас нэг заалт нь дөрөвдүгээр давхаргын нүүрснээс бусад давхаргын нүүрсийг экспортлохдоо үнийг ярилцаж тохирох тухай. Төлөвлөсний дагуу явсан бол энэ хавар гуравдугаар давхаргын нүүрсний олборлолт эхэлж, үнэ өндөр тогтоогдох боломжтой байсан. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Эрдэнэс Тавантолгой”, “Чалко”-гийн хооронд энэ талаар хэлэлцээр хэдийнэ эхэлсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н алдагдал хүлээх болсон бас нэг шалтгаан нь олборлолтын өндөр зардал. Нэг тонн нүүрсний олборлолтын зардал 58 доллар байгаа нь цаашид нүүрсний үнэ сэргэхгүй бол үйл ажиллагаагаа зогсооход хүргэж болзошгүй. Тиймээс ч шинээр томилогдсон захирлууд хэмнэлтийн “горимд” шилжиж эхэлжээ.

Төлөвлөгөө 2. Хэмнэлт
Юуны түрүүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай эрхэлсэн дэд захирал, Санхүү эрхэлсэн дэд захирлыг ажлаас нь чөлөөлсөн. Дээрх албан тушаалд ажиллаж байсан гадаад мэргэжилтнүүдийн цалин компанийн нийт цалингийн цэсний 30 орчим хувийг эзэлж байсан гэсэн албан бус мэдээ бий. Цалингийн цэсийг ингэж сулласнаар үйл ажиллагааны зардал ч бас буурч байгаа юм.

Мөн компанийн Улаанбаатар дахь төв оффисийг нэгтгэж, нэг дор байрлуулжээ. Хэд хэдэн газар тусдаа байрлаж байсныг болиулсан байна. Уурхайн олборлолтын үйл ажиллагаанд ч хяналт тавьж, шатахуун түлшний илүү хэрэглээг халах гэх мэтээр боломжийн хэмжээнд хэмнэлт хийж эхэлжээ.

Нөгөө талаар 58 долларын зардал дөнгөж эхэлж байгаа уурхайн хувьд тийм ч өндөрт тооцогдохгүй гэж зарим мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь уурхайн үйл ажиллагаа эхлэхэд шууд нүүрс ухаад эхэлчихгүй, хөрс хуулалтын ажил их хийгддэг. Зүүн Цанхийн уурхайн хувьд хөрс хуулалтын ажилд нэлээд хөрөнгө зарж байгаа юм. Үүнээс гадна тээвэрлэлтийн зардал ч өндөр байгаа.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл авто замын нэг машин явах түрээс нь 380 гаруй мянган төгрөг. Үүн дээр нүүрс тээвэрлэлтийн компаниудад нэг тонн нүүрсэнд 24 мянган төгрөг төлдөг байна. Замын түрээс анх 500 мянган төгрөг гэж яригдаж байснаас харьцангуй буурчээ. Одоо ч дахин буулгахаар “Энержи Ресурс” компанитай ярилцаж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн нүүрс тээвэрлэлтийн компаниудын хөлсийг ч бага зэрэг бууруулж, 23 мянган төгрөг болгосон гэнэ.

Энэ мэтчилэн “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагааны зардлаа боломжийнхоо хэрээр хэмнэж байна.

Төлөвлөгөө 3. Баруун Цанхи

“Чалко”-той байгуулсан гэрээний бас нэг сайн тал нь зөвхөн Зүүн Цанхийн уурхайн нүүрсийг нийлүүлэхээр тохирсон. Хэрэв Зүүн Цанхийн уурхайн нүүрс гэж тодорхой заагаагүй “Эрдэнэс Тавантолгой” гэсэн ерөнхий нэрээр явсан бол бүр ч хүнд байдалд орохыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн аравдугаар сард уурхайн нээлтийг нь хийсэн Баруун Цанхийн талбай өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийг санхүүгийн хүнд байдлаас гаргах бас нэг хүчин зүйл болж байна.

Хоёрдугаар сард Баруун Цанхийн уурхайн хөрс хуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. Оператор компани шалгаруулах тендерийг үндэсний  компаниуд дунд зарлаж, “Хишиг Арвин Индастриал” гэх төдийлөн нэр нь сонсогдож байгаагүй компани ялсан нь олны анхаарлыг татаж байна. Тендерийн талаар зарим мэдээллүүдийг уншигчдадаа хүргэе.

“Хишиг Арвин Индастриал” нь 1997 онд байгуулагдсан, хүнд даацын машин мехнизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээсийн чиглэлээр голлон ажилладаг компани юм. Уурхайн олборлолтын тухайд арвин туршлага байхгүй ч “Саусгоби Сэндс” компанийн Мандахнарангийн уурхайн олборлолтыг гүйцэтгэж байжээ. Мөн компанийн захирал Б.Хишигдоржийн хэлснээр “Бороо Гоулд”-ын уурхай болон алтны хэд хэдэн уурхай дээр ажиллаж байсан бас ч гэж “сураггүй” компани биш аж. “Хишиг Арвин Индастриал”-ыг MNO буюу “Монголын үндэсний уул уурхайн олборлогч” компанитай хамтран тендерт ялсан гэсэн яриа гарсан. Гэхдээ дээрх хоёр компани хамтарсан биш “Хишиг Арвин Индастриал” нь уурхайн менежментийг хийлгүүлэхээр MNO-г хөлсөлсөн аж.

“Монголын үндэсний уул уурхайн олборлогч” компанийг “Бороо Гоулд”-д ажиллаж байсан хүмүүс байгуулсан байдаг. Заамарт хэд хэдэн алтны уурхайд гэрээт олборлогчоор ажиллаж байгаа үндэсний олборлогч компани. Тэдэнтэй “Арц Суварга”, “Жамп” гэсэн хоёр компани тендерт өрсөлдсөн. Үнийн санал нь “Арц суварга” 1 куб.метр уулын цулыг 12 мянга гаруй төгрөгөөр, “Жамп” 10500 төгрөгөөр, “Хишиг Арвин Индустриал” 7900 төгрөгөөр олборлох санал өгч, хамгийн бага үнийн санал өгсөн “Хишиг Арвин” шалгарчээ.

Тус компани  Баруун Цанхийн уурхай дээр 6 сарын гэрээ байгуулжээ. Үүнээс цааш хэрхэх нь одоогоор тодорхойгүй. Баруун Цанхийн талбайг стратегийн хөрөнгө оруулагч буюу Орос, Хятад, Америк, Япон, Солонгосын компаниудад ашиглуулахаар Засгийн газар хэлэлцээр хийж байсан ч дорвитой үр дүн гаралгүй зогссон. Стратегийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр дахин эхэллээ гэсэн мэдээ гараагүй байна. “Эрдэнэс Тавантолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллахад Баруун Цанхийн уурхай чухал ач холбогдолтой.

Жилд 20 сая тонны хүчин чадалтай уурхай байгуулагдах боломжтой уг талбайг ашиглахгүй байх нь компанидаа хохиролтой учир ийн хөрс хуулалтын ажлыг  эхлүүлсэн хэрэг. Баруун Цанхийн талбай дээр “Пибоди Энержи”-г гэрээт олборлогчоор ажиллах болов уу гэсэн таамаг бий. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хагас жилийн дараа “Пибоди” гэрээт олборлогчоор ажиллаж, “Хишиг Арвин” зэрэг компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж магадгүй бололтой.

Энэ чигээрээ үргэлжилбэл “Эрдэнэс Тавантолгой” Баруун Цанхийн уурхайд гэрээт олборлогч хөлслөн өөрөө ашиглах магадлал өндөр байгаа юм. Ингэх юм бол стратегийн хөрөнгө оруулагч гэсэн ойлголт байхгүй болж, компанидаа ч эдийн засгийн хувьд хамаагүй ашигтай тусах болно. Энэ жил гэхэд нэг сая тонн нүүрс олборлох бөгөөд “Чалко”-гоос өөр компанитай борлуулалтын гэрээ хийж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, Зүүн Цанхиа “Чалко”-д алдсан “Эрдэнэс Тавантолгой” Баруун Цанхиас орлого олж, санхүүгийн чадамж нь дээшлэх боломжтой болно.

Баруун Цанхиас гадна “Эрдэнэс Тавантолгой”-д өөр нэг мөнгөний боломж байгаа нь Бортээгийн талбай. Хэдий бүрэн гүйцэд судалж, нарийвчилсан хайгуул хийх шаардлагатай ч бас л
коксжих нүүрсний багагүй нөөцтэй талбай юм. Ойрын жилээс Бортээгийн талбайг ч ашиглах талаар яригдаж эхэлжээ.

Төлөвлөгөө  4. Тэрбумын урьдчилгаа

Манай Засгийн газар урьдчилгаа төлбөрөөс хашраагүй улам л “дуртай” болоод байна уу даа гэж болмоор. “Оюутолгой”-гоос 250 сая долларын урьдчилгаа авсан нь одоо нэхэгдэж, нэлээд хэл ам болж байна. Тавантолгой дээр бас л 350 сая долларын урьдчилгаа аваад Хүний хөгжил сангаар дамжуулаад үгүй хийчихсэн. 250, 350 сая долларын урьдчилгаа чамлалттай санагдаж байгаа бололтой бүр нэг тэрбумын урьдчилгаа авах талаар яригдаж эхлэв. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ талаар ам ангайсан нь бас л том сэдэв болж хувирлаа.

“Эрдэнэс Тавантолгой” өнөөдөр “Чалко”-д 180 сая доллар, Хөгжлийн банкинд 100 гаруй сая долларын өртэй байгаа. Энэхүү өрийг Чингис бондын мөнгөнөөр барагдуулъя  гэсэн шийдэл байсан ч 1,5 тэрбум доллар олон төслийн хаана ч хүрэхгүй байгаа нь үнэн. Тиймээс Чингис бондоор биш урьдчилгаа төлбөрөөр өрийг даръя гэсэн санааг Н.Батбаяр сайд цухуйлгасан хэрэг. Тэрбээр “Нүүрсний үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар байхаар тогтож, харин урт хугацааны гэрээний төлбөр болгож урьдчилгаа авах нь зөв гэж үзэж байгаа. Ингэхдээ 15 жилээр, жилд гурван сая тонн угаасан нүүрс гаргахаар гэрээ хийх юм бол нэг тэрбум ам.долларын урьдчилгаа байж болох юм” хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн.

Өмнөх “урьдчилгаануудтай” харьцуулахад энэ удаагийн урьдчилгаа аль нэг “буяны” санд биш компанид нь зарцуулагдах магадлал өндөр бололтой. Гэхдээ ийм хэмжээний урьдчилгаа төлбөрийг төлж чадах нүүрсний худалдан авагч олдох уу гэдэг асуултын тэмдэг болоод байна. Япон, Солонгос, Герман зэрэг улстай хийж болох юм гэсэн санаа бий. Тэгвэл нөгөө л хөрш орнуудтай хийх транзит тээврийн хэлэлцээрийг үргэлжлүүлж, эцэслэх шаардлагатай болно. Транзит тээврийн хэлэлцээргүйгээр Монголын нүүрс гуравдагч зах зээл рүү гарна гэсэн ойлголт байхгүй. Тэгээд ч гуравдагч улсын “хэтэвч нимгэн” компаниуд тэрбум долларыг бэлнээр гаргаад өгөх нь юу л бол. Зүүн Цанхийн нүүрсийг борлуулах хэлэлцээр хийж байхад 250 сая долларын урьдчилгаа өгье гэж дуугарсан ганц компани нь “Чалко” шүү дээ.

Гуравдагч хөршийн хажуугаар Хятадтай худалдааны гэрээ байгуулах талаар хэлэлцээр хийж байгаа хэмээн Уул уурхайн сайд хэлсэн. Зах зээлийн үнээр, жилийн тодорхой квот тогтоож нүүрсээ нийлүүлж болох юм гэсэн санаа. Худалдан авагч маань харин ямар хариу өгөх нь тодорхойгүй. Нүүрсний хувьд Хятадын төрийн өмчит хоёр том компани бий. “Чалко” Зүүн Цанхийн уурхайн нүүрсийг худалдан авах гэрээ хийсэн бол “Шинхуа” Баруун Цанхи дээр орж ирэхийг зорьж байгаа. Энэ хоёр компанитай ярихгүйгээр урд хөрш рүү нүүрс нийлүүлнэ, цаашлаад далайн боомтод хүрнэ гэдэг барахгүй даваа. Тиймээс нүүрсээ заръя л гэж байвал дээрх хоёр “мангас”-тай хэл амаа ололцохоос өөр зам манайд байхгүй.

Төлөвлөгөө 5. Засгийн газрын оролцоо

Нөгөө талаар, яагаад заавал тэрбум доллар гэж гэсэн асуулт гарч ирнэ. 300 саяын өрөөс гадна “Эрдэнэс Тавантолгой”-д олон асуудал бий. Автозам, төмөр зам, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр… гээд  урт дараалал үүснэ. Хамгийн сүүлд нь шахуу олон улсын бирж дээр хийх IPO бичигдэх болов уу.

Нэгэнт төрийн өмчит компани болохоор Засгийн газар хүссэн хүсээгүй дэмжлэг үзүүлэхээр оролдож байна. “Эрдэнэс Тавантолгой” ч дангаараа энэ бүх ажлыг нугалж хүчрэхгүй болохоор Засгийн газраас дэмжлэг   авах нь тодорхой. Тод жишээ нь төмөр зам. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт өнөө маргаашгүй эхэлнэ. 800 орчим сая долларын санхүүжилтийн хугасыг нь Засгийн газар Чингис бондоор санхүүжүүлж, үлдсэнийг нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад үлдээх бололтой. “Эрдэнэс Тавантолгой” санхүүгийн байдлаас хамааран ямар хэмжээгээр оролцох нь тодорхой болох болов уу.

Дээр дурдсанчлан “Эрдэнэс Тавантолгой”-н хамгийн том асуудал бол тээвэрлэлтийн өндөр зардал. Хэдий “Энержи Ресурс”-ын барьсан замаар бараг эзэмшигчээс нь хямд зардлаар тээвэрлэж байгаа ч тээвэрлэлтийн зардал өндөр хэвээр. Төмөр зам ашиглалтад орвол нүүрс тээвэрлэлтийн зардал хэд дахин багасна. Тиймээс   урагшаа баригдах төмөр замын ач холбогдол “Эрдэнэс Тавантолгой”-д маш чухал. Тэр хэрээр Засгийн газар түлхүү оролцож байгаа биз.

“Эрдэнэс Тавантолгой”-н бүтээн байгуулалтын ажлын бас нэг том хэсэг нь цахилгаан станц. 300 МВт-ын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцын зураг төсөв бараг бэлэн болчихсон. 900 МВт болгох гэж үзсэн ч санхүүжилтээс хамааран эхний удаад 300 МВт дээр бууж байгаа аж. Цаашдаа өргөтгөл хийгээд явах гарцыг үлдээж байна. Хоёр жилийн өмнө “Оюутолгой”-той хамтраад уг станцыг барих талаар хэлэлцээр хийж байсан ч үр дүнд хүрээгүй. Өдгөө өөрсдийнх нь толгой дээр буусан цахилгаан станцыг барих ажилд Засгийн газар хүч хавсарч магадгүй байна. Санхүүжилтийг нь Чингис бондоос шийдэх талаар яригдаж байгаа гэсэн үг.

Ингээд төмөр зам, цахилгаан станцын ачааллыг Засгийн газар үүрэлцвэл “Эрдэнэс Тавантолгой”-н ачаа нэлээд хөнгөрнө. Жилд 20 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн асуудлыг л өөрсдөө шийдэх бололтой. Санхүүжилт нь ойролцоогоор 500 сая гаруй доллар. Таван саяын хүчин чадалтай дөрвөн модулиас бүрдэнэ. Маш яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай болохоор урьдчилгаа төлбөр, магадгүй бонд гаргах замаар санхүүжилтийг компани босгож болох юм. Дашрамд дурдахад өнгөрсөн зун IPO хийх асуудал нь хойшилсны дараа бонд гаргах талаар багагүй судалгаа хийсэн.

Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ойрын үед хэрэгжүүлж буй таван төлөвлөгөөг багцалж хүргэхэд ийм байна. Мөрөөрөө явж байсан компанийг өшиглөж унагаасан Засгийн газар одоо компаниа босгоход анхаарал хандуулж байна. Ганц хөрөнгө оруулалтын ачааллыг үүрэлцэх төдийгүй борлуулалтын асуудлыг нь бодлогоор дэмжиж өгөхийг оролдож эхэллээ. Сайн л хэрэг. Гол нь хэр үр дүнд хүрэх вэ гэдэг нь сонин. Асуудал хэрхэн өрнөх нь энэ зун тов тодорхой болох биз ээ.

С.БОЛД-ЭРДЭНЭ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ard tumend tureesluul 2013-04-01 49.0.163.68

zasag chadahgui bol ard tumend tureesluulje

Avatar

mongolhvv 2013-04-01 109.134.168.149

hen gegch hyatadiin zahialagaar iim yum bichvvlj bnaa? tiim ashigtai geree gej uu??ene mongol ogt ashigui geree bolsoniig hvn bvr medej bgaa?? songuulid mongo hereg bolood batbold l ene geree hiilegsen shuu dee??

Avatar

2013-04-01 202.170.94.226

Zahiraluud n bayjaad baidag company-ii hurongoo taviad avsan zeel n ur dungui zartsuulagdaad baidag. Ene turiin management gej hend heregtei yum be? Buun shahaas tataas…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж