Брэнд бол сор бүтээгдэхүүн гэсэн үг. Төвлөрч хэлэлцсэн сэдвүүдээс өнөөдөр ноолуурыг эс тооцвол сор болтлоо үйлдвэрлэгдэж байгаа нь нэгээхэн нь ч үгүй.
Чухам брэнд гэдэг “биегүй гоёл”-ыг хэрхэн бий болох, түүнийг төр бодлогоороо яаж дэмжихээ яв цав форумын үеэр тодорхойлсонгүй.
Олон улсын хэмжээнд брэндийг чанар, итгэл, залгамж чанараар л хардаг. Яг ийм зарчмаар үүссэн брэнд манайд байхгүй учраас төр түүнийг нь бий болгохоор энэ удаагийн Эдийн засгийн форумыг зохион байгуулсан гэхэд болно. Өнгөрсөн хугацаанд дээрхээс ноос ноолуурын салбарыг төр нэлээн дэмжсэн. Ноосоо тушаасныхаа төлөө малчдыг урамшууллаа үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд бонд гаргаж, бага хүүтэй зээл олголоо. Харин энэ салбарын өнөөгийн дүр төрх ямар байна вэ. Өнөөх л өмнөд хөршийнхөнд цохиулсан хэвээр. Эдийн засгийн форумын үеэр танилцуулсан баримт бол манай улс ноос, ноолуурынхаа дөнгөж арван хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон, үйлдвэрлэдэг. Харин үлдсэнийг нь ямар ч боловсруулалт хийлгүй, нэмүү өртөг шингээлгүй Хятад руу гаргаж буй. Тэр ч байтугай ноос, ноолуурыг түүхийгээр нь хил гаргахгүй гэж ярьж үзээд ч үр дүнд хүрээгүй. Тэгэхээр төр дэмжиж байна гээд олон арван тэрбумаар нь бэлэн мөнгө өгөх нь тийм ч зөв хувилбар биш гэдэг нь эндээс харагдаж байна. Харин бусад сүү, мах, аялал жуулчлалын хувьд бүр ч ярилтгүй. Саасан сүүнийхээ 80 орчим хувийг гашилгаж асгадаг, мах бэлтгэх арга нь болхи, аялал жуулчлалын хөгжил улирлын чанартай учраас асар удаан явагддаг гээд брэнд болох хөрс суурь бэлтгэгдээгүй байна.
Брэндийг эцсийн эцэст хэрэглэгчид бий болгоно. Үйлдвэрлэгчдийн чанарт хэрэглэгчид итгэж байвал тэр брэнд болно. Өөрөөр хэлбэл монголын брэнд гэдэг ойлголтыг олон нийтэд өгөхийн тулд чанартай бүтээгдэхүүн гаргах гэсэн үг. Гэвч манайд бүгдэд чанарыг шингээж өгөх аргыг хэрэглэхгүй байна. Өнгө, үзэмж, хэрэглэгчдэд ээлтэй байдал, аюулгүй хэрэглээ, марктенгийн баримтлалд хүртэл чанар л яригдах ёстой гэж эдийн засгийн форумд оролцогчид хэлж байсныг дахин сануулъя. Чанаргүй чамин бүтээгдэхүүн дахин сонголтод ордоггүй, экспортлох ч аргагүй. Өчнөөн сайхан үзэмжтэй, цор ганц байдаг бүтээлийн санаа байгаад чанаргүй бол ямар ч нэмэргүй.
Цэвэр мах, сүүгээр дэлхийд танигдах сайхан ирээдүй монголд уг нь бий. Манайх эрс тэс уур амьсгалтай, мал нь 800 төрлийн эмийн ургамлаар идээшдэг тул дэлхийд монгол мах магнаг болж, сүү нь эрэлт үүсгэж болно. Өөрөөр хэлбэл натурал шинж бидний давуу байдал гэсэн үг. Гэхдээ түүнийг бэлтгэж байгаа үйлдвэрлэл дэлхийн хэмжээний стандартын түвшинд л байх ёстой юм. Мэдээж манай малын мах олон улсын эрүүл ахуйд байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн байх учиртай.
Үүнийг л хийж чадвал Монгол Улсын Их хурал, Засгийн газар, цаашлаад Ерөнхийлөгчийн хэмжээнд ач холбогдол өгөн, дотоод гадаадын эдийн засагч, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг оролцуулан хоёр өдөр хийсэн форумын үр дүн гарах биз.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин