2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлал хийн, тус улсын парламентад үг хэлэхдээ “Монголд байгалийн баялаг байна, харин Японд байгальд халгүй өндөр технологи нь байна” хэмээж байсан.
Хэдийгээр тухайн үед Японы Засгийн газрыг Наото Кан толгойлж байсан ч яг энэ үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсад айлчилсан тус улсын шинэ ерөнхий сайд Шинзо Абэ дахин давтаж хэлээд буцлаа. Тэрбээр ерөнхий сайдынхаа хувиар гадаад орнуудад хийж буй айлчлалынх нь гурав дахийг манай улсад хийсэн нь энэ. Түүнийг төв талбайд ерөнхий сайд Н.Алтанхуяг тосч авах, хамтдаа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурах гэх зэргээр ёслолын арга хэмжээнүүд богино хугацаанд болж үүний дараа шууд албан ёсны хэлэлцээр хийж эхэлсэн юм.
Хэлэлцээр ерөнхийдөө 2010 онд Монгол Японы хооронд байгуулсан стратегийн түншлэлд тусгасан асуудлуудын эргэн тойронд өрнөсөн гэхэд болно. Тэр тусмаа эдийн засгийн харилцааны түншлэлд аль аль нь ач холбогдол өгч байв. Дээр хэлсэнчлэн хоёр орны хооронд харилцан бие биенээ ашигтайгаар нөхсөн эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхийг бодит ажил хэрэг болгохыг Японы ерөнхий сайд монголчуудаас хүсч байв. Өөрөөр хэлбэл Монголын тал нүүрс, зэс, металл, газрын ховор элемент зэрэг эрдэс баялгаа ашиглахад тус улсын тэргүүн технологийг ашиглах байдлаар хамтран ажиллана гэсэн үг. Тиймдээ ч Японы хувийн хэвшлийнхний Монголын уул уурхай дахь оролцоог дэмжиж өгөхийг хүссэн.
Цаашдаа хоёр улс эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө хэд хэдэн төсөлд хамтран ажиллахаар хэлэлцээрийн хүрээнд тохирсон юм. Тухайлбал “ДЦС-4” байгууламжуудыг шинээр барихад зориулж тус улсаас нийт 4 тэрбум 200 сая иенийн зээлийг монголд олгохоор болсон юм. Уг цахилгаан станц нь хүчин чадлаараа монголдоо хамгийн том буюу 580 мВт-ынх байхаар тооцож байгаа. Мөн Улаанбаатар хотод 640 метрийн урттай “Ажилчны гүүрэн гарц”-ыг барих хамтарсан судалгааг хийж буй. Үүнд тус улсын Засгийн газар иенийн зээл олгож байгаа аж. Хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй бас нэгэн том төсөл нь нийслэлд метро барих.
Мөн тус улсын хөрөнгө оруулалтаар ажил нь эхлээд буй Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын ажлыг хөдөлгөе, Дарханы газрын тосны үйлдвэрийн ажлыг хурдлуулъя. Харин Монгол Улс энэ бүхнийг бодит ажил болгоход монголоос шаардагдах бүхнийг шийдэж өгөхийг хүссэн юм. Тухайлбал, Хөшигийн хөндийн онгоцны буудлыг барих төсвийг 300 сая ам.доллар хэмээн тооцож байсан бол, өнөөдөр өртөг нь 100 сая ам.доллараар нэмэгдчихээд буй. Гэвч энэ зөрүүг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтаа олохын тулд Засгийн газар заавал УИХ-аас зөвшөөрөл авах ёстой. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалтын шат дамжлага ихтэй, бизнесийн орчны таагүй, тохиромжгүй нөхцөл байдлаа өөрчлөхөд монголыг шаардагдах арга хэмжээ авсныг сануулсан гэхэд болно.
Тухайлбал, Дарханы нефть боловсруулах үйлдвэрийг барихад Японы Олон улсын хамтын ажиллагааны банк болон хувийн хэвшлийнхний хамтарсан зээлийг олгох аж. Мөн монголын банкны салбарыг дэмжих, тавантолгойн ордын ашиглалтын төсөл оролцох, монголын үндэсний хиймэл дагуул хөтөлбөрт Япон улс оролцохоор хамтын ажиллагаандаа тусгасан.
Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын төсөлд Японыг оруулах бодлогоо Монголын тал хэрэгжүүлнэ хэмээн найдаж байгаа шүү гэдгээ дахин батлаад буцлаа.
Өнгөрсөн долоо хоногийн дундуур Засгийн газар Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь Японы ерөнхий сайдыг ирэхийн өмнө “Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар ажиллаж байгаа шүү” хэмээн харагдах арга хэмжээний нэг байсан уу гэсэн сэтгэгдэл Шинзо Абэгийн айлчлалын үеэр төрж байсан юм. Учир нь Японы ерөнхий сайдыг дагалдан ирсэн тус улсын хэвлэл мэдээллийнхэн яг энэ хуулийн төслийн талаархи мэдээллийг монголчуудаас авахыг илүүтэй хүсч байв.
Хэлэлцээрийн үеэр яригдсан бас нэгэн сэдэв бол Солонгосын хойгийн ээдрээт байдал. Тэр тусмаа Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийг эргүүлэн авах талаар Монгол Улс дээрх хоёр оронтой хэвийн харилцаатай байдгийн хувьд зуучлалын үүрэг гүйцэтгэхийг хүсчээ. Өнгөрсөн жил Хойд Солонгос болон Япон улсын хоорондох хэлэлцээрийг манай улсын зуучлалаар Улаанбаатарт хийж байсан. Иймэрхүү арга хэмжээг цаашид ч зохион байгуулахад Монгол бэлэн байгаагаа хэлсэн аж.
Бүр Монголд хийж буй айлчлалынхаа хугацаанд Хойд Солонгост хулгайлагдсан иргэдээ авч явах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж зарим эх сурвалж хэлж байлаа. Нэг ч гэсэн тухайн улсад иргэн хүн гэдэг хэчнээн үнэ цэнэтэй байдаг нь Японы бодлогоос тод харагддаг. Энэ талаар манайд хамгийн ойрын жишээ бол Япон цэргийн цогцолбор.
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Манжуурт байсан Квантуны армийн олзлогдсон цэргүүдийн заримыг манай улсад тараан ажиллуулж байсан бөгөөд, тэднээс 1600 орчим нь Монголд нас барсан гэдэг. Архангай, Сэлэнгэ, Улаанбаатар, Налайх, Төв аймаг зэрэг газруудад нас барсан дээрх иргэдийнхээ цогцос, эд юмсыг нь цуглуулан авч, хүндэтгэлтэйгээр оршуулах, чандрыг нь нутаг руугаа авч явах талаар Монгол, Японы харилцаа сэргэж эхэлсэн 1990 оноос хойш тэд эрчимтэй ярьж эхэлсэн. Одоогийн Дамбадаржаад байрлах Япон цэргийн цогцолбор ийнхүү баригдсан бөгөөд, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр тус цолцолборт очин цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлснээс харахад тус улс хэзээ ч иргэнийхээ гарыг тавьдаггүйн баталгаа гэлтэй. Өөд болсон хүмүүсээ хүртэл ингэж хүндэтгэлтэй хандаж байгаа Япон орон Хойд Солонгост хулгайлагдсан иргэдээ амьд мэнд эргүүлэн авна гэдэг нь бодлогын том асуудал. Тиймдээ ч энэ асуудалд Хойд Солонгостой найрсаг харилцаатай байдаг цөөхөн орны нэг Монголыг чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн харж байгаа бололтой.
Түүнчлэн Япон улс нь Хятадтай зарим нэг арлын маргаантай байдаг бөгөөд, тэднийг олон удаа хил зөрчсөн хэмээн буруушаадаг юм. Тиймээс олон улсад энэ асуудлаар Японы байр суурийг дэмжиж өгөхийг Шинзо Абэ Монгол Улсаас тойруугаар хүссэн гэнэ.
Японы ерөнхий сайд Шинзо Абэ айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболдод бараалхаж, МАН-ын дарга Ө.Энхтүвшинтэй уулзсан юм.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин