
Манфрэд К.-г баривчлан гэрт нь нэгжлэг хийхэд Лондон, Люксембургт байгуулсан компаниудын нэрээр банкинд нээсэн данснуудын хуулга олджээ. Тэрбээр буруу гарын орлогоо Германы татварын албаныхнаас нуухын тулд мөнгөө ийн гадаадад байршуулсан байв. “ХБНГУ-ын эсрэг тагнах үйл ажиллагаа явуулсан” гэх энэ хэргийг мөрдөж буй Холбооны прокурорын газрын мэдэгдсэнээр гэмт этгээд бичиг баримт дамжуулахдаа бусдын хэрэглэхээ байсан шуудангийн хайрцгуудыг ашигладаг байжээ. Тэрбээр нууц материалыг файл болгон хуулсан флэш картыг компотны гэх мэт шилэн саванд хийгээд хайрцаг дотор тавьдаг, түүнийг нь авсан нууц ажилтан мөн шилэн савтай мөнгийг хайрцганд хийдэг байсан гэнэ. Түүний чухам ямар улсын тагнуулын албатай холбоотой байсан нь одоогоор тодорхойгүй бөгөөд Орос, Хятад, Хойд Солонгосын аль нэг байж болзошгүй байгаа аж. Манфрэд К.-гийн ажлын арга барилаас харахад цаад байгууллага нь цэргийн тагнуул, тэр тусмаа Оросын ГРУ буюу Тагнуулын удирдах газар байж ч магадгүй гэнэ.
Гэмт этгээдийг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Кобленц мужийн шүүхийн танхимд эхэлжээ. “Эх орноосоо урвасан, төрийн нууц задруулсан” хэрэгт буруутгагдаж буй тэрбээр хэргээ хүлээсэн мэдүүлэг өгч эхэлсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд ямар ч байсан банкны нууц дансуудад байршуулсан мөнгөө өөрийн хууль ёсны орлого хэмээн мэдүүлсэн гэнэ.
Энэ явдалтай зэрэгцээд Германы хууль хяналтын байгууллага тус улсад сүүлийн хориод жил гараагүй томоохон кибер тагнуулын хэрэг илрүүлснээ мэдэгдээд байна. Уг хэргээс болж Германы Холбооны тагнуулын алба (BND) олон улсын хакеруудтай тэмцэх, Германы компьютерийн сүлжээг халдлагаас хамгаалах чиг үүрэг бүхий шинэ хэлтэс байгуулжээ. BND энэ чиглэлийн ажилдаа өнөөг хүртэл, мэргэжлийн зохих чадвар бүхий энгийн хүмүүсийг авч ажиллуулдаг байсан бөгөөд хакерууд төдийгүй компьютерийн аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг хувийн компаниуудын дүн шинжилгээг авч ашиглахад ихээхэн хөрөнгө зарцуулдаг байв. BND-ийн дарга Герхард Шиндлерийн хэлснээр сүүлийн саруудад зөвхөн төв орон нутгийн төрийн байгууллагуудад гэхэд л өдөртөө гурваас таван халдлага үйлдэгдэж байгаа аж. Мөн халдлагын дийлэнх хэсгийг Хятадын нутгаас үйлдэж байгааг мэргэжилтнүүд тогтоосон хэмээн Г.Шиндлер хэлсэн байна. Германы тагнуулын байгууллагын дүгнэснээр Хятадын Батлан хамгаалах яамны харъяанд үйлдвэрлэлийн тагнуул тэр дундаа кибер халдлага хийх чиг үүрэгтэй тусгай газар байдагт ойролцоогоор 6000 хүн ажилладаг гэнэ. Мөн ОХУ кибер тагнуулын тун идэвхтэй бодлого явуулдгаас гадна төрийн хакерууд нь хувийн компанийн халхавчин дор ажилладаг байна.
Германы тагнуулын албаны шинэ хэлтэст 130 хүн ажииллаж, олон улсын хакеруудтай тэмцэх юм. Тэдгээр ажилтнуудыг Германы аль сайн гэсэн их дээд сургуулиудаас элсүүлнэ хэмээн Г.Шиндлер хэлсэн байна.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
