“иен”. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Японы ерөнхий сайд Шинзо
Абед өгсөн нэр. Түүний засаглалын гол бодлого нь эдийн засгийн өсөлтийг
хурдасгах. Сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг, цөмийн асуудлаас болоод
унаад байгаа эдийн засгаа өсгөх, өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа халамжид
тулгуурласан өртгийг багасгах нь түүний гол зорилго. Гэхдээ энэ зорилгод
хүрэхэд амаргүй. Дэлхий болон бүс нутагтаа эдийн засгаараа тэргүүлдэг
энэ улсын эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдээс бага зэрэг буурсан нь
Японы Засгийн газрын өмнө тулгарч байгаа том шалгуурын нэг билээ.
Хуучин асуудлууд
Сүүлийн
20 жилийн туршид Япон улсын дундаж цалин алгуураар доошилсоор ирсэн.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ аажмаар нэмэгдсэн.
Компаниудын ашиг орлого нь буурч эхэлсэн. Бүх юм нэг дор болоогүй.
Алгуураар унаж, зарим жилд бага зэрэг нэмэгддэг байсан нь хүмүүсийн
анхаарлыг огт татаагүй ч Япон улсын эдийн засгийг унагахад энэ бүхэн
хангалттай байсан гэж болно. Дээрээс нь жил болгон шилээ даран болдог
байгалийн гамшгууд энэ бүхэнд нөлөөлсөн. Үүний зэрэгцээ хүн амын цонх
нэмэгдэж эхэлсэн нь томоохон шүдний өвчин. Тэтгэврийн насны хүн амын
тоогоороо дэлхийд дээгүүрт жагсах улс бол Япон. Одоогоос 20 жилийн дараа
хүн амын 70 хүртэлх хувь нь өндөр настан болно гэсэн судалгааг Дэлхийн
банкнаас гаргажээ.
Чухам энэ бүгдээс шалтгаалаад мөнгөний болон
валютын бодлогыг жил болгон өөрчилж, зарим үед хэн хүний санаагүй
бодлого хүртэл хэрэгжүүлж байсан гэхэд болно. Яг энэ цаг үед л эдийн
засгийн хоёр дахь ид шидийг үзүүлж чадна гэдэгт нэг хүнд итгэж эхэлсэн.
Энэ бол Шинзо Абе. Одоогоос зургаан жилийн тэртээ эрүүл мэндийн
шалтгаанаар ерөнхий сайдын суудлаа өгч байсан тэрээр өнгөрсөн жилийн
сүүлд болсон сонгуулиар ялалт байгуулан дахин энэ суудалдаа ирсэн билээ.
Өмнө нь нэг жилийн хугацаанд энэ суудалд суусан. Үүнтэй холбоотойгоор
гадны мэргэжилтнүүд түүнийг гурав хүрэхгүй жил л энэ суудалд тэснэ гэж
таамаглаад буй.
Алхам алхмаар…
2012 он гарсантай
зэрэгцэн Японы эдийн засаг унаж эхэлсэн. Гэхдээ аажмаар. Харин 2012 оны
сүүлийн гурван сарын туршид 0,2 хувиар өсчээ. Гадны судлаачид Японы
эдийн засгийг 1990 оныхоос бага зэрэг хумигдсан гэж дүгнэж байгаа. Харин
Шинзо Абе эргэн ирэхдээ эдийн засгийг дахин хүчирхэгжүүлнэ гэсэн
амлалтыг өгсөн. Гэхдээ энэ ажил тийм ч амар байхгүй нь тодорхой. Тэрээр
Японы Төв банкны дотоод хэрэгт төрийн зүгээс оролцох оролцоог нь
багасгаж, Төв банкны ажиллагааг бие даасан болгох тухай ярьж байгаа. Мөн
Засгийн газрын зүгээс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тал дээр их
хэмжээний хөрөнгийг төсөвлөжээ.
“Энэ жил Японы дотоодын нийт
бүтээгдэхүүний өсөлт 2-2,5 хувиар өсөх хандлага ажиглагдаж байгаа.
Үүнтэй уялдан эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээгээр өсч магадгүй. Энэ
жилийн тухайд Японы эдийн засгийг өөдрөгөөр харах боломжтой” гэж Токио
хотын Гакуин их сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор Сакакибара
ярьжээ.
Донор…
Япон улс бүс нутаг болоод хөгжиж
буй улсуудын хамгийн том донор орон юм. Ялангуяа Монгол Улстай эдийн
засгийн төвшинд асар нарийн харилцаатай. 1991 оноос хойш Япон улсын
манай улсад үзүүлсэн тусламж, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн
хэмжээ 3,6 тэрбум долларт хүрсэн гэсэн мэдээлэл байна. Мөн ийм хэмжээний
хөрөнгө оруулалтыг Филиппин, Тайланд зэрэг улсад болон Африкийн цөөнгүй
улсад үзүүлсэн гэсэн баримт бий. Гэхдээ буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй
зээлийн хэмжээ өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан тухай дэлхийн
томоохон агентлагууд мэдээлж байгаа. Үүнийг эдийн засаг нь үл ялиг өсч
байгаа Япон улсын эдийн засагтай холбон ойлгож болох талтай. Өнгөрсөн
жилд Японы экспорт буурсан. Арлын маргаантай холбогдох шалтгаанаар
Хятадтай хийх экспортын хэмжээ 30 гаруй хувиар буурсан гэсэн мэдээлэл
бий.
Япон улсын Засгийн газар 1991 оноос хойш Монгол Улсад
нийтдээ 93,5 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 75,8 тэрбум иенийн
хөнгөлөлттэй зээл, 37,5 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагааны
тусламж үзүүлж байгаа аж. Нийтдээ 3,6 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа
юм. Нийт хөрөнгө оруулалтын 22 хувийг Төлбөрийн баланс дэмжих төслийн
буцалтгүй тусламж эзэлж байгаа бол 17 хувийг зам тээвэр, 12 хувийг уул
уурхайн салбарт өгчээ. Гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд айлчлах болсон
шалтгааныг ашигт малтмалын салбарт хамтарч ажиллах чиглэлээр айлчлалаа
эхлүүлсэн гэж шуугиж байгаа. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уран
олборлох тал дээр хамтран ажиллах гэрээг байгуулах гэж айлчилж байгаа
гэж харж байна. Япон улс дотооддоо ямар ч мэдээлэл гаргахгүй байгаа.
Ирэх
жилүүдэд манай улстай Дархан-Уул аймагт баригдах газрын тосны үйлдвэр,
Хөшигтийн хөндийд баригдах нисэх онгоцны буудалд хамтран ажиллах
төлөвтэй байгаа. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Японы гадаадад
оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Дээрээс нь бид авдаг биш
өгдөг улс болно гэдгээ өнгөрсөн жил зарлачихсан.
Эх сурвалж: "NEWSWEEK" сонин
№005