
“Гэгээн муза-2013”-ын гран при шагнал “Эсрэг дурлал” жүжигт очсон. Үүний найруулагч Ч.Найдандорж шагналаа гардсан даруйдаа үг хэлэх гэж багахан лекц унших шахахдаа энэхүү жүжгийг цорын ганцаар үзэгчдийн хүртээл болгосон мэт аашилсанд үзэгчид эгдүүцсэн юм. Японы сэдэвтэй жүжиг Драмын театрт өмнө нь байсангүй. Тэр утгаар уг бүтээлийг Монголд оруулж ирснээр тун онцлог. Дэлхийн анхны роман “Гэнжийн туульс”-аас сэдэвлэснээр ч онцлог. Гэтэл үүнийг жүжиг болгож үзэгчдэд хүргэх хүртэл хэдэн шат дамжиж, ямар зам туулсан талаар найруулагч мэдэхийн дээдээр мэдэж буй хэрнэ энэ тухай ганц үг ган хийгээгүйд учир мэдэх хүмүүс гомдолтой байсан юм.
Эх зохиолыг хэн орчуулсан бэ. Япон хэлний шилдэг орчуулагч, монголчуудынхаа оюуны хөгжлийн төлөө санаа тавьж олж харж, мэдэрсэн сайн сайхан бүхнээ хуваалцаж явдаг О.Жаргалсайхан орчуулсан. Жүжгийн зохиол болгож, тайзнаа тавих хөрөнгө мөнгөнд ч санаа тавьж хөөцөлдсөн хүн бол соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид. Түүний сэтгэл зүтгэлгүйгээр уг жүжиг босохгүй, Ч.Найдандорж найруулагч “Гэгээн муза” аваад тайзнаа лекц уншиж зогсохгүй байсан. Жүжгийг үзэгчдэд хүргэх гэсэн хүсэл тэмүүллийн зэрэгцээ хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаас авахуулаад нөхцөл байдал ямар байсныг мэдэх хүний хувьд энэ үдэш тайзнаа ядаж О.Жаргалсайхан, Б.Галаарид нарын нэрийг дурдсан бол уран бүтээлчид шагнуулснаас илүү баярлаж урамших байсан болов уу. Уран бүтээл гэдэг хоёр болон түүнээс ч илүү далавчтай байж бүтдэг, босдог. Гэтэл энэ бүхнийг сайн мэдэх найруулагч Ч.Найдандорж далавчаа дэлгэлгүй нисэхийг оролдох мэт дорой зан гаргав.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
