Хуримтлал гэдэг нь тухайн хувь хүн болон өрхийн хэрэгцээг хангаад илүү гарсан мөнгөн хадгаламж юм. Тухайн үедээ хэрэгцээнээс илүү гарсан мөнгөн хуримтлал нь тухайн хүн болон түүний гэр бүлийн ирээдүйд төрөл бүрийн хөрөнгө оруулалт болох учиртай. Монголчуудын хэдэн хувь нь хуримтлалтай вэ гэдэг үгийн цаана хэд нь ирээдүйн баталгаатай вэ гэсэн асуудал ч сөхөгдөж болох юм.
Олон улсын жишгийг харвал бусад орны иргэд дор бүрнээ хуримтлалтай байдаг. Тэр ч бүү хэл зарим улсад хүүхдүүддээ хуримтлалтай байгаад зогсохгүй өрхийн хуримтлал гэж давхар хөтөлдөг юм байна. Гэтэл манайд эсрэгээрээ хуримтлалтай хүн тун ховор. Энэ нь мөнгө цуглуулах боломж хомс байдагтай холбоотой. Өнөөдөр монголчуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.4 мянган төгрөг. Түүнийхээ хэдийг нь идэж, хэдийг нь өмсч зүүхдээ зарцуулах вэ гэдгийг бодоход ч хэцүү байгаа биз дээ. Монголчуудын авдаг цалин, эдэлж хэрэглэдэг зүйлийн өртөг ямар билээ. Шуудхан хэлэхэд, Монгол Улс хөдөлмөрийн хөлсний хэмжээгээрээ дэлхийд доогуурт тооцогддог атлаа өртөг өндөртэйгөөрөө толгой цохьдог. Үүнийг батлах нэгэн тоог судалгааны байгууллагууд гаргасан байсан. Тодруулбал, өргөн хэрэглээний барааны үнэ 1990 оноос хойш 157 удаа тодорхой хэмжээгээр нэмэгдсэн бол цалин хөлсний хэмжээ ердөө 14-хөн удаа нэмэгдсэн байдаг. Уг нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн бол цалин хөлс ч адилхан нэмэгдэх учиртай. Энэ харьцаа алдагдсанаас иргэд нь хуримтлалтай болох нь байтугай ядууралд өртөөд байна. Уг нь боломж байгаад, нөхцөлийг нь бүрдүүлчихвэл иргэн бүр хуримтлалтай байх нь зүйтэй. Яагаад гэвэл оюуны болон эд хөрөнгийн баялгийг мөнгөгүй хүн тэр бүр авч чадахаа байсан үе. Өнөө цагт хуримтлалаа төрөл бүрийн баялаг болгон хувиргах нь бүү хэл, мөнгөгүй бол өвдөх ч эрхгүй нийгэмд бид амьдарч байгаа шүү дээ. Гэнэтийн өвчин, зовлон хүн бүрт тохиодог шүү дээ. Тэр үед гар дээрээ барих жаахан мөнгө ч тухайн хүний хувьд богино хугацааны хуримтлал нь болох учиртай. Харин өөрийн болон хүүхдүүдийнхээ бүхий л амьдралд баталгаа болгон өгч чадах хадгаламж нь түүний урт хугацааны хуримтлал байх ётсой. Улс орон нь хөгжилтэй, иргэд нь хуримтлалтай байвал эдийн засгийн хөгжлийг жинхэнэ утгаар нь мэдэрч байгаагийн илрэл болох юм.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжлийн хурдаараа дэлхийн бусад улсыг хошуучилж байна гэж ярих ч үнэн хэрэгтээ иргэдэд нь наалдацтай зүйл огт харагдахгүй байгаа шүү дээ. Ямартай ч иргэд нь хуримтлалтай байна гэдэг эдийн засгийн хөгжлийг хэмжих хамгийн том хөшүүрэг хэмээдэг юм билээ. Бид энэ талаархи иргэдийн үгийг сонсов.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин