Францын нийслэл Парис хотын байгалийн түүхийн музейгээс үл мэдэх этгээд олон зуун жилийн настай зааны араг яснаас соёог нь хулгайлсан хэрэг гарчээ. Хулгайлсан этгээд соёог авахдаа гар хөрөө ашигласан байжээ. Харин Францын албаныхны мэдээлснээр байгалийн түүхийн музейн үзмэр болох эртний дурсгалт зааны араг яснаас соёог нь хулгайлсан хэргийн сэжигтэнг цагдаа нар удалгүй баривчилсан байна. Парисын цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн 20 настай эрэгтэй бөгөөд одоогоор түүнийг ямар зорилгоор зааны соёог хулгайлсныг тодруулахаар мөрдөн шалгаж эхэлжээ.
Парисын байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй энэхүү зааны араг яс нь 17-р зууны сүүл үед Португалийн хаанаас Францын хаан XIV Людовик хаанд бэлэглэсэн зааных аж.
Дэлхий дээр өдгөө Ази болон Африк тивд л заан байдаг бөгөөд цаг уурын өөрчлөлт, хүн амын тархалт болон өндөр үнэтэй соёог нь авах гэсэн хулгайн анчдаас болж жил ирэх тусам тэдний тоо толгой улам багассаар байгаа билээ.
Б.АНХТУЯА