Ц.Чулуунбат: Миний дуунаас гуниг сонсогдохгүй

Хуучирсан мэдээ: 2013.04.01-нд нийтлэгдсэн

Ц.Чулуунбат: Миний дуунаас гуниг сонсогдохгүй

Монгол Улсын урлагын гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн аргил
гитарчин, “Anemone” хамтлагийн продюсер Ц.Чулуунбаттай ярилцлаа. 

-Сүүлийн үед “Харанга” хамтлагийн хийж байгаа уран бүтээлээс сонирхоё. “Харанга” хамтлагийн Ц.Энхманлай тоглолтоо хийн шинэ цомог гаргасан. Дуучин Лхагваа “Ах дүү гурав” гээд хамтарсан шинэ цомог гарган тоглолтоо хийлээ. Хэзээ хамтлагаараа хамтарч ажиллах гэж байна?

-Манай хамтлагийн 25 жилийн ой 2014 онд болох юм. Тиймээс ойгоо угтан хамтлагийнхан маань бие даасан болон хамтарсан тоглолтуудаа хийж байгаа. Эхнийх нь манай Лхагваа “Хар сарнай”-гийн Амараа, “Номин талст”-ын Дээгийтэй хамтран цомог гарган тоглолт хийсэн байгаа. Үүний дараа буюу дөрөвдүгээр сарын 20-д гаргаад манай хамтлагийн хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч Одсүрэнгийн бие даасан тоглолтт болно. Түүний тоглолтод өөрийнх нь зохиосон дуунуудыг хамтлаг, дуучид дуулан оролцоно. Бас бие даасан цомгоо худалдаанд гаргасан байгаа. Энхманлай гитарын нэг цомог гаргаж байгаа гээд олон ажлууд байна аа.

-Харин та “My street” цомгоо үргэлжлүүлэн гаргаж, тоглолтоо хийх үү?

-Би энэ намар “Chuka & All stars” юм уу “My street” нэртэйгээр өөрийнхөө уран бүтээлийн тоглолтыг “UB Palace”-ын их танхимд тоглоно. Энд миний өөрийн зохиосон, дуулсан дуунуудаас гадна рок, попын хамтлаг дуучид миний дууг дуулсан байдлаар хүргэх юм. Тоглолтынхоо өмнө цомгоо гаргах гээд ажилдаа орчихсон явж байна. Ерөнхийдөө “Амьдрал надад бүхнийг өгсөн”, “Дэргэд минь байж”, “Гэртээ хүрэх зам”, “Сэтгэл”, “Миний гудамж” гээд миний дуунуудыг хүмүүс зохих хэмжээгээр мэднэ. Энэ бол миний өөрийн ертөнц. Би энэ л ертөнцөө ямар нэгэн хамтын оролцоогүйгээр дан өөрөө аяыг нь зохион хөгжмийн найруулгаа хийж, би өөрийнхөө л гудамжийг илэрхийлэх гэсэн илэрхийлэл юм. Түүнээс биш би дуучин ч юм уу хөгжмийн зохиолч гэдэг нь гол бус уран бүтээлчийнхээ хувьд л энэ бүхнийг хүмүүст хүргэхийг зорьж байна. Миний уран бүтээлдээ баримталдаг чиг шугам бол аз жаргал, гэрэл гэгээ, нар мандах, одод түгэх. Монгол хүн амны бэлгээр гэдэг шүү дээ. Яг түүнтэй адилхан амныхаа бэлгээр л бид сайн сайхныг хүсэж, мөрөөдөж, тэр л сайн сайхан зүйлээсээ хүнд өгч, баярлалаа гэдгээ хэлж, бие биедээ гэрэл хайрлаж явбал аз жаргал юм болов уу гэж боддог. Түүгээрээ ч миний дуунуудаас уйтгар гуниг бараг сонсогдохгүй. Уйтгар гуниг бол зүгээр амьдралын нэг тал нь. Нөгөө тал нь буюу амьдралын аз жаргал бидэнд хамгийн их хэрэгтэй учраас би энэ тухай л дуулна.

-Аз жаргал гэж таныхаар ер нь юу вэ? Таны аз жаргал хаанаас эхэлдэг вэ?

-Нэг мэргэн хүн хэлсэн байдаг. Нэгэн умгар байшинд олон хүүхэдтэй айл инээлдэж хөхрөлдөөд байгаагаа идэж уун маш аз жаргалтайгаар амьдардаг бол басхүү нэлээн чинээлэг өөрийн хүчээр хөрөнгөө олсон том байшинтай айлд байгаа тэр аз жаргал хоёрын аль нь том аль нь жижг вэ гэвэл яг л адилхан байдаг. Аз жаргал бол том, жижиг байшинд биш тухайн үед тухайн хүмүүстээ инээд хөөр, аз жаргал бэлэглэж байгаа л бол жинхэнэ утгаараа аз жаргал оршдог. Тиймээс би аз жаргалыг том, жижиг гэж хэлэхгүй. Жижигхэн зүйлээр ч хүнд тус хүргэхэд тэр хүний баярласан инээмсэглэлээс бид ямар их аз жаргалыг амталдаг билээ дээ. Миний хувьд амьдралд жаахан гуниж, гутах үе байдаг ч түүнийгээ гэрэл гэгээтэй сайн сайхан зүйлийг бодон эргүүлж цайруулан сайн үйл хийж түүнээсээ аз жаргалыг авах л  хамгийн сайхан даа.

-Ирэх жил хамтлагийн тань 25 жилийн ой болно. Дээр нэлээд олон ажил хийх гэж байгаа, хийж байгаагаа хэлсэн. Гэхдээ “Харанга”-ын 25 жилийн ойгоор хүмүүс өөр илүү их зүйл хүлээж байгаа байх?

-Маш олон тоглолтууд төлөвлөсөн. Бид нар хамтлагийнхаа 20 жилийн ойгоороо наран мандах зүгээс шингэх зүг рүү аялан тоглолтоо хийж  байсан. Энэ удаад бас бид наран мандах зүгээс шингэх зүг хүртэл дэлхийг тойрон тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулж аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Мөн бид 1989 онд тоглосон “Амьдрал” тоглолтоо УДЭТ-ын 80 жилийн ойд зориулан 2011 онд яг тэр л үед дуулж байсан янзаараа дахин тоглосон. Үүнийгээ DVD болгосон. Тун удахгүй бидний гар дээр ирэхэд бэлэн болоод байгаа. Бас “Бодлын тэнгис” анплаггед цомгоо гаргая гэж бодож байгаа. Үүнийгээ цогцоор нь хүмүүст хүргэхээр менежментийг нь би хийж байгаа.

-UP music продакшнаар сонин сайхан юу байна?

-“Anemone” хамтлагийн шинэ цомог бэлэн болж байгаа. БНСУ-д хэвлүүлсэн тун удахгүй худалдаанд гарна. Бид “Anemone” хамтлаг болон дуучин Маргад-Эрдэнийн дараагийн цомгийн ажил, шинэ уран бүтээлд орох төлөвлөгөөтэй байгаа. Мөн энэ намар хийх тоглолтдоо нэлээд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

-Өнөөгийн рок, попын залуус 25 жилийн өмнө “Харанга” хамтлаг байгуулагдаж байх үе шиг тийм эр хүчийг гаргаж чадаж байна уу? Залуу уран бүтээлчдийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Юмны үнэ цэнийг сайн ойлгохоо больчихсон юм болов уу гэж бодоод байгаа. Жишээлбэл, бид шинэ гитар худалдаж аваад баярлаж, бахархаж, өвөртөлж унтах нь холгүй байдаг байлаа шүү дээ. Одоогийн залуус өөртөө юм уу, хамтлагтаа хэрэгтэй шинэ хөгжим, хэрэгсэл аваад нэг их баярлаад бидэн шиг цовхчоод гүйгээд байдаггүй болчихжээ гэж ажиглаад байгаа. Ямарваа нэгэн юманд шинэ уран бүтээл, цомог гаргалаа гээд сэтгэл хөдлөл багатай баярлаад байдагггүй юм шиг л анзаарагддаг. Нөгөө талаар хийж байгаа уран бүтээлдээ дүгнэлт хийх тал дээр жаахан хойрго, анзааргагүй хандаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Тийм ч учраас янз бүрийн гадаадын хамтлагийн дуутай ижилхэн болох эсвэл тэдний хэв маягыг дуурайх ч юм уу байдал гараад байгаа. Рок, поп хэмээх Европ, баруунд анх үүссэн хөгжим дээр бид суурилаад монгол аялгуугаа шингээж, монгол хэл дээрээ дуулж байгаа учраас Монгол орчин үеийн хөгжмийн урсгалыг бий болгож байгаа. Миний хамгийн гол шүүмжлэлтэй ханддаг зүйл бол хэрвээ чи монголоор дуулж байгаа бол маш тодоор хэл зүйн дүрмийнх нь дагуу дуул гэдэг. Шинэээр гарч ирж байгаа хамтлаг дуучдад эх хэлнээсээ ичээд, уйдаад байгаа юм уу англи акценттай болгож гадаад хэл маягаар “чи” гэхэд “ци” гээд дуулах  юм. Үнэхээр монгол хэлнээсээ ичээд байгаа бол англиараа л дуул л даа. Тэр бол чөлөөтэй шүү дээ. Хэрвээ чи монгол ая аялгуу, шүлэг зохиосон л бол хэнд ч ойлгогдохоор монголоороо л дуул гэж хэлмээр байдаг юм.

-“Харанга”, “Хурд” хамталгийг манайхан нэг хэсэг үргэлж хооронд нь өрсөлдүүлдэг байсан шүү дээ. Амьдрал дээр бол дотно найзууд гэдэг юм билээ?

-Тэр яриа ул болжээ. Тухайн үед сурвалжлагч нар хөгжмийн тал дээр мэдлэг муу, аль болох хов живээр сонингийнхоо буланг дүүргэдэг, түүгээрээ  сонингоо худалддаг байсан үе аль хэдийнэ өнгөрсөн байна. Одоо бол ямар ч сонин дээр энэ л мундаг гэж бичихгүй байна шүү дээ. Ямар ч байсан энэ хоёр хамтлаг бол Монголын орчин үеийн хөгжимд үнэ цэнэтэй байр суурийг эзлэн хувь нэмрээ оруулсан. Тийм болохоор бидний хувьд чи мундаг, би мундаг гэх зүйл байхгүй. Ямартаа ч “Хурд”-ын Отгоо Манлай ахыгаа шүтэж явдаг, бүгдээрээ нийлээд “Харанга” хамтлагаа хүндэлж явдаг. Бид ч  гэсэн “Хурд” хамтлагийнхаа дүү нарыг хүндэлдэг. Өнгөрснөө гар буугаар буудвал ирээдүй чинь үхэр буугаар буудна гэдэг шүү дээ. Тэр үг хүмүүст нөлөөлдөг гэж боддог шүү. Бид бие биеийнхээ зовлон, жаргалыг хуваалцдаг, хамтарч дуу дуулж, тоглолтоо хийдэг. Биднийг хооронд нь өрсөлдүүлж байсан үе бол бас нэг гоё түүх л дээ. Бие биеийг нь хурцалж өгч байсан. Бидэнд “Хурд”-ын зарим нэг гоё дууг дуулаад яагаад бид үүн шиг гоё дуу хийж чадахгүй байна аа гэсэн үе байж л байсан. “Хурд”-ынхан ч гэсэн бидний хийсэн дууг сонсоод бид ах нарыг гүйцэх болоогүй байна даа гэсэн тийм чамлалт байсан. Яг тэр утгаараа би “Харанга”-ынхныгаа хурцалж ирлэдэг байсан. “Та нар “Хурд”-ынхныг хар ямар гоё сургуулалт хийж, формтой байна” гээд л. Бид ах нар нь гээд занхайгаад байх юм байхгүй. Бид заавал “Хурд” гэхгүй өнөөдөр дөнгөж гарч ирж байгаа залуусаас суралцаж байна шүү дээ. Бид өнөөдөр гитар тоглож сураагүй, сурч л байна сурсаар байгаад үхнэ. Яг түүнтэй адилхан би дэргэдээсээ, дээрээсээ ч доороосоо ч сурна.

– Хип хоп холбооны ерөнхийлөгч Бааварыг хоригдож байхдаа түлэгдэн хүнд гэмтэн уран бүтээлчид найз, нөхөд гэлтгүй олон нийтийг цочроогоод байна. Уран бүтээлчид Бааварыг эргэн хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгэл санааны дэм өгч байгаа. Харин та юу хэлмээр байна?

-Бид хүнд хүн ёсоор ёсоор хандах хэрэгтэй. Хүний амьдрал харилцаа нь дээр тогтдог. Бид Баавартай олон зүйл дээр хамтран ажиллаж, харилцаж байсан. Дуу бүтээгчдийн үндэсний төвтэй ч хамтарч ажилладаг, гишүүн ч байсан. Ерөнхийдөө сайтуудаар харж байхад Баавар муу муухай, галзуу гэдэг ч юм уу эсвэл энхийн цагаан тагтаа болгоод зарим нь хар хэрээ болгоод бичээд байна. Гэхдээ бид хүн гэдэг харилцааны хувьд нэг нэгнийгээ хүндэтгэж байх ёстой. Ялангуяа Монгол хүний үнэлэмж гэдэг бол асар өндөр байж, энэ сайхан нийгэмд амьдарна. Хэзээ бид  эрх дураараа аз жаргалтай амьдарч байсан юм бэ. Би үүнд жаахан эмзэглэж яваа. Би хуулийнх нь дагуу өнөөдөр Бааварын зөв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын буруу гэж хэлэхгүй. Гэхдээ хувь хүний болон рок, попын ахмад уран бүтээлчийн хувьд би бодож явдаг зүйлээ хэлэх нь зүйтэй байх. Аливаа нэг бурууг дороос юм уу, дээрээс эрж болохгүй юм. Энэ хүн ямар нэгэн хэрэгт сэжиглэгдээд түүний эрхийг түр хязгаарлаад бусдаас тусгаарласан байранд тусгаарласан бол тухайн хорих ангийн албан хаагчид түүний амь нас, эрүүл мэндийг хангах ёстой. Энэ хүн магадгүй бусдын бичээд байгаа шиг өөрийгөө шатаасан байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Гэтэл нийгмээс тусгаарлачихаад байгаа тухайн албан хаагч бүх зүйлийг нарийн шалгасан байх ёстой шүү дээ. Үүнээс л бурууг би хайж байна. Түүнээс биш Баавар өөрийгөө шатаасан нь буруу, эсвэл Хууль зүйн яамны сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч буруутай гэж хэзээ ч ярьж болохгүй юм. Би жолоо бариад явж байгаа л бол хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Яг үүн шиг л ажил дээрээ буюу хийж байгаа зүйлдээ л хариуцлагатай хандах хэрэгтэй. Тэр шатаалаа, энэ шатаалаа гэж буруу тохох бус гагцхүү түүний эрхийг түр хязгаарлаад хорих байранд хорьсон л бол түүний аюулгүй байдлыг тэр хүмүүс  л хариуцна. Тийм ч учраас тэнд харгалзагч гэж хүн байгаа шүү дээ. Би тэдний хариуцлагагүй үйлдлээс ийм зүйл боллоо гэж бодож байгаа. Түүнээс биш өнөөдөр тэр жолооч, цэвэрлэгч, Хууль зүйн яамны сайд, Ерөнхийлөгчийн буруу гэж хэзээ ч үүнийг нялзааж болохгүй. Хүн бүр хийж байгаа зүйлээ л сайн хийх ёстой гэж ойлгодог. Камерт сэжигтэн шатаж байгаа нь бараг анхны тохиолдол болов уу. Маш харамсалтай явдал боллоо. Олны танил гэдгээрээ их сенсаци дагуулаад байгаа. Магадгүй Баавар биш Баатар, Дорж байсан ч энэ асуудал ингэж хөндөгдөх л ёстой. Ажлын хариуцлага алдлаа гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Түүнээс биш үүнийг хэн нэгний буруу болгох хэрэггүй.

-Энэ хэргийг улс төржүүлээд байгаа нь хэн нэгэнд ашигтай болоод тэгдэг юм бол уу?

-Үгүй ээ, Баавар бид юуных нь улс төрд хэрэгтэй байхав дээ. Сонгуулийн хууль өөрчлөгдөхөөс өмнө бид улс төрийн сонгуулиар ихэнх улстөрчдийг дэмжээд хамт сонгуулийн ажилд нь явж л байсан. Тэд бүгдээрээ гарч байсан ч бид нэг ч удаа очоод албан тушаал, уурхайн ам аваагүй. Бидэнд тэгэх ямар ч шаардлага байхгүй. Надад өнөөдөр улс төрийн ямар нэгэн харъяалал байхгүй. Би Монгол эх орон, Монгол хүн бүр үнэ цэнэтэй, аз жаргалтай байхын төлөө дуугаа дуулдаг, зохиодог. Би МАН, АН-д сонгуулийн дуу хийж өгдөг. Үүнийгээ үгүйсгэхгүй. Гэхдээ тэр дуунд МАХН, МАН, АН гэсэн үг байхгүй. Энд зөвхөн Монгол хүн бүхэн үнэ цэнэтэй, аз жаргалтай байгаасай гэсэн хүслээр, нөгөөтэйгүүр нэг ч гэсэн дуу ийм хөрөнгө оруулалтаар бүтэж байгаад баярлаж, уран бүтээлээ хийдэг. Тиймдээ тэр дуунууд одоо ч дуулагдаж байгаа. Уран бүтээл бол уран бүтээл. Дуу бол хар, цагаан, шар, ямар нэгэн намд харъяалагдахгүйгээр нийгмийн нийтийн өмч.

Бааварын асуудлыг улс төржүүлээд байгаа нь утгагүй юм. Би лав үүнийг ойлгохгүй байгаа. Асуудлын үнэн мөнийг хуулийн байгууллага тогтооно. Баавар бид хоёр ямар юмных нь улс төрд нөлөөлж чадах юм бэ. Баавар бол хип, хоп холбооны юм уу, “Дижитал” хамтлагийн хувьд амьдралд ийм байна гэдгийг нь ард түмний дуу хоолой болж дуулдаг. Бид дуугаараа тухайн үеийн нийгмийн байдлыг илэрхийлдэг, тухайлбал, “Томоотой хүн” гээд. Хамгийн сүүлд гарсан “Хамгийн сүүлчийн” гээд дуу байна.

“…Хамгийн сүүлчийн мод цавчигдаж унахад
Хамгийн сүүлчийн загас ангаж үхэхэд
Хамгийн сүүлчийн гол ширгэж дуусахад
Хүмүүс та нар мөнгийг идэж болдоггүйг мэдэх болно…”
гээд дуулсан. Үүнийг улс төр гэх юм уу. Үгүй шүү дээ. Бид байгаль эх гээд өөрсдийн хайрлах ёстой бүхнээ хайрлана. Үүнийгээ дуугаараа л илэрхийлсэн. Дуу бүтээгчдийн үндэсний холбооныхон хэвлэлийн бага хурал хийдэг нь нэг нэгийгээ сэтгэлээр нь дэмжих, үнэн байдлыг хүмүүст ойлгуулах л гэсэн болохоос тэнд ямар нэгэн улс төрийн агууламжгүй гэдгийг хүмүүс та нар мэдэж байгаа байх. “Дижитал” хамтлагийн залуу фейсбүүкээр “новш” гэсэн нь магадгүй “амьдрал өөрөө новш болчихжээ” л гэдэг утгаар хэлсэн байх. “Би ч өөрөө новш, чи ч новш…” гээд хэлсэн байсан. Тэдний ярианы хэлбэр чинь хүмүүст ойлгогдохгүй юм шиг ч тэд өөрсдийнх нь л хэлбэрээр илэрхийлж байгаа шүү дээ. Баавар өнөөдөр сэжигтнээр татагдаад шалгагдаж байхад хөөрхийг хачин болтол л муулж байгаа шүү дээ. Тэгэх эрх байдаг ч юм уу, тэр хүн юу хийсэн, юуны төлөө зүтгэж байсныг нь жаахан ч гэсэн ойлгох хэрэгтэй шүү дээ. Тэр залуу сайтууд дээр бичсэн зүйлсийг хараад л “новш” гэж бичсэн бол уу гэж би бодсон.

-Үнэхээр л сэтгэл эмзэглүүлэм аймшигтай хэрэг боллоо. Гэхдээ таны хэлснээр асуудал хуулийн дагуу шийдэгдэж, Баавар маань удахгүй эдгэх биз ээ. Ярилцлага маань яалт ч үгүй энэ хэцүү асуудал руу орчихлоо. Нэмж асуухад та Улаанбаатарын утаанаас дайжаад Бэлхийн мухарт амьдраад байна уу?

-Би чинь бас их хоббитой хүн. Өөрөө байшин барьдаг. Өөрөө дизайныг нь гаргана, барина, дулаална гээд бүгдийг нь хийнэ. Өөрийхөө бодож сэтгэж барьсан байшинд амьдрана гэдэг сайхан л даа. Амралтынхаа өдөр зусландаа гараад амардаг юм.

-Оросын шинжлэх ухаан мэдээллийн төвийн дэргэд рок, поп урлагийхны хотхон боссон гээд л баахан яригдаж байсан. Тэндээ амьдарч байгаа юу?

-/инээв/ 2001 онд баригдсан тэр хотхондоо би одоо ч амьдарч л байгаа. Манай Ононбатынх байсан, нүүсэн. Хүмүүс чинь амьдрал нь дээшлэхээр нүүгээд явчих юм байна шүү дээ. Би зуслан руугаа ойрхон юм уу гээд байгаад л байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж