Монгол Улсын Засгийн газрын 2010 оны тавдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Өмнийн говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэлэлцэн баталжээ. Энэ хөтөлбөр өмнөд говийн суурь дэд бүтэц, уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах аж үйлдвэрүүдийн дэд бүтэц, тэдгээрийг түшиглэн хөгжих хот, суурины инженерийн дэд бүтэц болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох зорилготой.
Хөтөлбөрт тусгасан зорилтуудыг 2010-2015 онд хэрэгжүүлэх бөгөөд үндэсний аюулгүй байдалд харшлахгүй, олон нийтийн эрх ашигт нийцсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн өсөлтийг хангах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг дэмжиж, тухайн салбарын шилдэг техник, технологи, олон улсын дэвшилтэт стандартыг баримтлах юм.
Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Нарийн сухайт, Шивээ-Овоо зэрэг стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглаж эхэлснээр эдийн засгийн өсөлт жилд дунджаар 12.5 хувь болон өсч, 2015 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5250 ам долларт хүрч 2009 оны түвшингээс 2.7 дахин нэмэгдэхээр байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.