Еврозоны хямрал Монголд нөлөөлөх үү

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Еврозоны хямрал Монголд нөлөөлөх үү

Еврозоны орнуудад валютын хямрал гарахад хүрсэн гол шалтгаануудын нэг нь бараг бүх орон Европын холбооноос тогтоосон ДНБ-өрийн зөвшөөрөгдөх харьцааг зөрчсөн байна. Европын холбооны эдийн засаг, мөнгөний бодлогын тохиролцооны дагуу еврозоны улсуудын Засгийн газрын өр тухайн санхүүгийн жилийн эцсийн ДНБ-ий 60 хувь, Засгийн газрын төсвийн алдагдал ДНБ-нийхээ гурван хувиас илүү гарч болохгүй гэсэн хоригийг зөрчсөн гэсэн үг. Гэвч еврозоны 16 улсаас зөвхөн Люксембург, Финланд л нь хангаж байгаа аж.
Энэ хоёр шалгуурыг хамгийн ноцтой зөрчсөн улс Грек. Грекийн Засгийн газрын өр ДНБ-ийх нь 115.1 хувьд, төсвийн алдагдал нь ДНБ-нийхээ 13.6 хувьд хүрсэн байна. Хэрвээ Их Британи еврозонд багтдаг байсан бол Засгийн газрын өр нь ДНБ-нийх нь 68.1 хувь, төсвийн алдагдал нь ДНБ-нийх нь 11.5 хувь гэсэн үзүүлэлтээр зөрчигсдийн ангилалд багтах байсан. Ингээд еврозоны орнуудын ДНБ-тэйгээ харьцах Засгийн газрын өрийг нь харвал:

  • Ирланд 64 хувь,
  • Герман 73.2 хувь,
  • Австри 66.5 хувь,
  • Португаль 76.8 хувь,
  • Бельги 96.7 хувь,
  • Нидерланд 60.9,
  • Франц 77.6 хувь,
  • Итали 115.8 хувь байна.

АНУ-ын Вашингтон хотод төв нь байрладаг Олон улсын валютын сан /ОУВС/ еврозоны хямралыг арилгахад их үүрэгтэй оролцож байгаа бөгөөд Европын санхүүгийн тусламжийн санг байгуулахад 250 тэрбум еврогийн хөрөнгө оруулахаа зарлаад байгаа. Еврозоны санхүүгийн хямралаас сургамж авсан ОУВС Засгийн газруудын өрний харьцаанд өмнөхөөсөө илүү анхаарал тавьж эхлээд байгаа бөгөөд улс орнуудын эдийн засагт мониторинг хийдэг салбаруудаараа дамжуулан дэлхий даяар засгийн газруудын өрийг бууруулахад чиглэсэн хатуу байр суурь баримтлах чиглэл өгсөн бололтой. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-ын захирал Жон Липски Японд айлчлахдаа Засгийн газрын өрөө багасгахыг анхааруулсан бол мягмар гаригт Испанийн засгийн газарт анхааруулга өгсөн. Манай улсын парламент Засгын газраас оруулсан улсын төсөвт өөрчлөлт хийх тухай хууль хэлэлцэж эхэлсний дараахан ОУВС-ийн манай улсад суугаа суурин төлөөлөгч УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхах үеэрээ хэрвээ Монгол улсын төсвийн алдагдал ОУВС-тай тохиролцсон таван хувиас илүү гарах юм бол ОУВС Монголд хэрэгжүүлэхээр тохирсон байсан төсөл, хөтөлбөрүүдээ зогсоохоос өөр аргагүй болно гэж анхааруулаад байгаа. Монгол улсын их хурал 2010 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогийн байдлаар эцсийн шийд гаргаагүй байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж