Нийгмийн хариуцлагаа эрхэмлэгч М-Си-Эс Группын боловсролын салбарт хэрэгжүүлдэг олон төсөл, хөтөлбөрийн нэг болох Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн арав дахь удаагийн шалгаруулалт амжилттай болж, шилдэг 30 оюутан тэтгэлэг, 3 оюутан ажлын байрны санал гардаж авлаа.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг уг хөтөлбөрийн хамрах хүрээ жилээс жилд тэлж, тэтгэлэг хүсэгч оюутнуудын чадвар, сурлагын амжилт, мэргэжлийн төрөл, чиглэл, өрсөлдөөн нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, гурван үе шаттай явагддаг энэхүү хөтөлбөрт 20 орчим их, дээд сургуулийн 600 гаруй оюутан эрдэм мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Хөтөлбөрийн эхний шат болох асуудал шийдвэрлэх тестийн шалгалтанд нийт 300 гаруй оюутан тэнцсэн бөгөөд онооны жагсаалтаар тэднээс эхний 210 нь хоёрдугаар шатандаа шалгарч үлдсэн. Оролцогчийн харилцах, шинэ санаа санаачилга гаргах ур чадвар, багийн хамтын ажиллагааг эзэмшсэн байдал зэргийг дүгнэдэг хоёрдугаар шатнаас нийт 98 оюутан тунаж үлдэн эцсийн буюу ярилцлаганд орох шалгаруулалтанд оролцсон юм. Ийнхүү сурлагын амжилт, ур чадвараараа гурван үе шатыг давж, бусдыгаа манлайлсан МУИС, ШУТИС, СЭЗДС, ХААИС, Мандах бүртгэл дээд сургуулийн 30 оюутан 2013-2014 оны хичээлийн жилд нийт нэг сая төгрөгийн тэтгэлэг авах эрхтэй болж, төгсөх курсын 3 оюутан М-Си-Эс Группын компанид ажиллах урилга гардан авлаа.
Энэ оны Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр шатны шалгалтанд тэнцсэн нийт оюутнууддаа зориулан М-Си-Эс Группын захирлуудын төлөөлөл “Оюунлаг оюутан” уулзалт, лекц хийснээрээ онцлог байв. “Оюунлаг оюутан” арга хэмжээний хүрээнд аливаа хөдөлмөрийн харилцаанд чухал нөлөө үзүүлдэг хандлага, чадвар болох сэтгэл зүйн чадамжийн тухай лекц уншиж, амжилт, түүнд хүрэх арга зам, хувь хүний хөгжил, хэрхэн сайн мэргэжилтэн болох зэрэг оюутан залуусын ярилцах дуртай сэдвээр нээлттэй ярилцсан юм.
Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд мөнгөн тэтгэлэг авахын зэрэгцээ, тэтгэлэгт хамрагдах хугацаандаа М-Си-Эс Академийн ерөнхий ур чадварын сургалтанд хамрагдах, группын харьяа аль нэг компанид үйлдвэрлэлийн болон дипломын өмнөх дадлага хийх, улмаар сургуулиа төгсөөд шууд ажиллах боломжтой болдог. 2004 оноос хойш хэрэгжиж буй уг хөтөлбөрт өдгөө нийт 290 гаруй оюутан хамрагдаж, тэдний олонхи нь М-Си-Эс Группын шилдэг мэргэжилтнүүд болон ажиллаж эх орныхоо хөгжлийн ирээдүйд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.