
2012 онд улсын хэмжээнд бэлтгэгдсэн 5500 тонн ноолуурын 40 хүрэхгүй хувийг үндэсний үйлдвэрлэгчид худалдан авч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дотоодын ноолуур боловсруулах үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгө багатайгаас нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаагийн илрэл нь энэ юм. Тиймээс үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдээ бэлтгэх эргэлтийн хөрөнгийн зээлд зориулж хөнгөлөлттэй зээлийн нөхцөл бүхий үйл ажиллагаа, малчид болон ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд зээл олгох журмыг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасан байна.
Мөн монгол брэнд бий болгох гол бүтээгдэхүүн болох ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. “Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөлд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгээс илүүгүй хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрт зориулж 95 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад даалгасан байна.
Төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүд самнах, нарийн ээрэх, нэхэх, сүлжих, оёдлын тоног төхөөрөмж суурилуулах технологийн шинэчлэл хийхээр захиалжээ. 2013 онд ноолуур угаах, самнах зэрэг эхний дамжлагаа хийдэг болох бөгөөд ирэх жилээс утсаа ээрдэг болох зорилт тавьж байгаа юм. Энэ төслийн үр дүнд түүхий ноолуурын экспортыг зогсоож, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 20 мянган ажлын байр бий болж, орон нутагт 200 гаруй сүлжмэл болон оёдлын жижиг үйлдвэр байгуулагдана гэж тооцож байгаа аж.