Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төв талбайдаа угтан авснаар эхэллээ. Айлчлалын эхэнд хоёр орны Ерөнхий сайд ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаанд өндөр ач холбогдол өгч, гадаад айлчлалынхаа тэргүүн хэсэгт манай оронд хүрэлцэн ирсэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг талархал илэрхийлээд, түүний айлчлал хоёр орны найрсаг, итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, стратегийн түншлэлийн 2010 оны хамтарсан мэдэгдлийн агуулгыг бодит ажил хэрэг болгоход чухал хувь нэмэр оруулахыг онцоллоо. Түүнчлэн Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын явцад хоёр орны ойрын жилүүдийн хамтын ажиллагааны чиглэлийг нарийвчлан тодорхойлж чадна гэж найдаж байгаагаа мэдэгдлээ. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ “Ерөнхий сайд тантай хамт хоёр орны харилцааны шинэ үеийг эхлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гээд ардчилал, энх тайван, харилцан туслалцах гэсэн гурван гол үзэл санаагаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Уулзалтын эхэнд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус улс Монгол Улстай стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Таны энэ айлчлал Японы ард түмэн, Японы Засгийн газрын зүгээс манай хоёр орны харилцаанд ямар их ач холбогдол өгч байгааг харуулсан айлчлал юм гэж бид үзэж байна. Таны ноён Шиозакигаар явуулсан маш элэгсэг үгтэй илгээлтийг би хүлээж авсан. Таны айлчлалынхаа өмнө Монголын ард түмэнд ирүүлсэн сайхан мэндчилгээг Монголын олон сонинд нийтэлж, манай ард түмэн сэтгэл дотно хүлээж авсан. Ерөнхий сайд та стратегийн түншлэлийг эрх чөлөө, ардчилал, харилцан туслалцах гэдэг үндсэн дээр хөгжүүлье. Цаашид улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хүний болон соёлын харилцаа гэсэн чиглэлээр улам идэвхжүүлье гэсэн сайхан ойлгомжтой газрын зураг гаргалаа. Таны дэвшүүлсэн саналтай бид бүгдээрээ санал нэг байна. Бидэнд бие биеэ нөхөн ажиллах сайхан боломж бий. Монгол орны баялаг, нөгөө талаас Японы технологи байгааг бид олон удаа ярьсан. Үүнийг одоо ажил хэрэг болгох ёстой” гэлээ.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ “Таны хэлсэнчлэн би ч гэсэн Япон, Монголын улс төр, аюулгүй байдлын салбараар стратегийн хэлэлцээр хэрэгтэй гэж үзэж байна. Манай хоёр орон бүс нутаг, олон улсын тавцан дээр энх тайван, тогтвортой байдал бий болгоход хувь нэмрээ оруулж байна. Монгол Улс ардчиллыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа орон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Япон улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улаанбаатарт зохион байгуулахад Монгол Улс дэмжлэг үзүүлсэнд талархаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хийсэн хэлэлцээнийхээ талаар хамтарсан мэдээлэл өглөө.
Хэлэлцээ харилцан ойлголцсон, итгэлцсэн, найрсаг уур амьсгалд амжилттай болж өнгөрснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод, “гуравдагч хөрш” Япон улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг мэдэгдлээ. Япон улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Иймд Монгол, Японы Стратегийн түншлэлийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх, түүний дотор эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад яриа хэлэлцээ чиглэгджээ. Ерөнхий сайд Ш.Абэ хоёр орны Стратегийн түншлэлийг эрчимжүүлэх, манай орны эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой “Эрч” санаачилга дэвшүүлсний дагуу хамтран ажиллахаар болжээ. Энэ зорилгоор бизнес, санхүү, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл, эдийн засгийн харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хамтын ажиллагааны бодит орчин бүрдүүлэх зорилготой “Эдийн засгийн туншлэлийн хэлэлцээр”-ийн явцыг түргэтгэж, ойрын хугацаанд байгуулах асуудлаар ярьж тохиролцжээ. Ерөнхий сайд Ш.Абэ Японы гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдол өсч байгааг тэмдэглээд манай орны дунд, урт хугацааны хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тусалж, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Тухайлбал, сургалт оношилгооны эмнэлэг байгуулах, Шинэ олон улсын онгоцны буудлын ажлыг эхлүүлэх, Дархан хотод Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
УИХ-ын дарга З.Энхболд Японы Ерөнхий сайд Шинзо Абэг хүлээн авч уулзлаа. Шинзо Абэ Монгол Улс ардчиллыг бэхжүүлж байгаад бахархаж байна гэдгээ онцоллоо. Тэрбээр “Аливаа хөрөнгө оруулалт харилцан ашигтай байх ёстой. Япончууд Монголын эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой байна. Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Японы парламент дахь найрамдлын бүлгүүд онцгой үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлж ирсэн” гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанаас илүүтэй хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сайн хөгжиж ирснийг онцоллоо. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийн шинэ төслийг өргөн мэдүүлээд байгаа талаар ноён Шинзо Абэд ярьсан юм. Хуулиар хөрөнгө оруулагчдад 100 тэрбум төгрөгийн босго тавьж байсныг өөрчлөх, хөрөнгө оруулалт 49 хувиас дээш давсан нөхцөлд зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид уг хууль үйлчлэх өөрчлөлт хийхээр хуулийн төсөл боловсруулагдсан гэж парламентын тэргүүн хэллээ. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр цаашид идэвхитэй ажиллаж, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.
Японы Засгийн газрын тэргүүний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр үдээс хойш өндөрлөсөн байна.