Фэйсбүүк, твиттерийн “тэнэгүүд”

Хуучирсан мэдээ: 2013.03.31-нд нийтлэгдсэн

Фэйсбүүк, твиттерийн “тэнэгүүд”

“Лондон 2012” олимпийн үеэр монголчууд медальд хүрсэн баярын чимээтэй зэрэгцэн “Монголчууд олимпийн талаар жиргэсэн тоогоороо дэлхийн улсуудаас хоёрдугаарт жагслаа” гэсэн содон мэдээлэл олон нийтэд тархсан билээ. Олимп бол улс эх орноо сурталчлах хамгийн том боломж байдаг.

Тэр ч утгаараа  “Цөөхөн монголчууд маань овоо шүү дээ” хэмээн сэтгэл өег байж билээ. Гэтэл сүүлийн үед энэ эерэг сэтгэгдэл минь аажмаар үгүй болж байна.  Facebook, Twitter зэрэг нийгмийн сүлжээ нь монголчуудыг нийтэд нь хамарсан сэтгэл гутрал гэдэг таагүй өвчнийг эмчилж байгаа нь илт мэдэгдэх боллоо. Харамсалтай нь бодит байдал дээр биш, зөвхөн цахим ертөнцөд.

Энэ нь нэгэн үед өсвөр насныхны дунд ихэд дэлгэрч сүүлдээ нийгмийн сөрөг үзэгдэл болж хувирсан “компьютер тоглоомд донтох” өвчний хэмжээнд хүрэх магадлал өндөр байна. Цахим ертөнц нийгмийн гарал, хөрөнгө бэл ялгалгүй хүн бүрт нээлттэй, “лидерийн орон тоо ихтэй” учраас хүмүүс, ялангуяа өсвөр насныхныг донтуулах магадлал өндөр байдаг. Монгол Улсад Ерөнхийлөгч нэг, Ерөнхий сайд нэг, УИХ-ын дарга нэг бий.

Албан тушаалтнуудыг жагсаахад ч амархан, 19 сайд, аймгийн Засаг дарга 21, хотын дарга гурав гэх мэтчилэн. Эдийн засгийн эрх чөлөөнд хүрч, супер амжилт мэдэрсэн бизнесмэн “монгол хэмжүүрээр” хэмжихэд 100 хүрэх үү, үгүй юу л байгаа. Эсрэгээрээ, Монголчуудын 30 гаруй хувь нь ажилгүй, хүн амын талаас илүү хувь нь ядуу.

Ажил хийж байгаа ч ирээдүйтэй бүрэн итгэлгүй хүмүүсийн тоог гаргахад ч бэрх. Ийм хүмүүс хэчнээн хичээгээд дарга сайд, бизнесмэн болоход хэцүү. Ядаж байхад бүх нийтийн боловсролын төвшин социализмын үеийнхээсээ дордсоныг хэлэх үү. Гэтэл байгаа байдалдаа сэтгэл дундуур яваа ийм нөхдүүд нийгмийн сүлжээнд орохоороо “төрөл арилжина”. Нуугдаж байгаа учир баян залуу, даргын дүр эсгэж болно.

Янз бүрийн зураг, бичлэг олж тавиад лайк, коммент цуглуулахад бусдад хүндлэгдэж, амьдрал дээр эдэлж байгаагүй таашаалыг авах болно. Улс байгуулж тоглоод эзэнт гүрэн байгуулах ч боломжтой. Ерөнхийлөгч үүний хажууд юу юм бэ. Амьдрал дээр хэн ч биш байж болно харин цахим ертөнцөд бол тэр хаан. Ийм л учраас нийгмийн байдалдаа сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс тоглоом, нийгмийн сүлжээнд ихэд шимтдэг гэсэн судалгаа байдаг юм байна.

Хөлбөмбөгт дуртай ч тоглож чаддаггүй, “Манчестер Юнайтед”-ыг дэмждэг нэг нөхөр “ФИФА менежер“ хэмээх тоглоом тоглоод 2016 онд оччихсон явсныг харсан. “Неймарыг авчихсан, Робин ван Перси хөгшрөөд л байгаа, ер нь зарна аа. 20 саяд багтаагаад нэг аятайхан залуу хүүхэд олж ирнэ” гэх мэтээр ярихад нь  түүнийг амьдралаас нэг л тасархай болсныг анзаарч билээ.

Амьдрал дээр энгийн нэгэн залуу цахим ертөнцөд А.Фергюсоноос илүү дасгалжуулагч болчихсон яваа нь тэр байв. Ийм болохоор л нийгмийн сүлжээ монголчуудыг соронздоод байна. “Энэ одоо юун сүртэй нөхөр вэ хэн тэгтлээ донтсон юм” гэж хэлэх хүн гарч магадгүй.

 Гэхдээ “Би яг одоо жорлондоо баа…аад сууж байна”, “Давсгаа суллаад сайхан болчихлоо” гэсэн жиргээ, тавагтай хоолныхоо зургийг гялс аваад фэйсдээ хийж “Хоолоо идэж байна” хэмээн мэдээлэх хүн эрс олширч байгаа нь хүмүүс цахим ертөнцийг ашиглах биш бүр дотор нь амьдрахыг хүсч байгаагийн шинж биш гэж үү. Холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг гээд давуу талыг нь үгүйсгэхгүй.

Гэвч сөрөг тал гэж бас байгаа шүү дээ. Арабын хувьсгал юунаас болсныг бид мэдэж байгаа. Нийгмийн сүлжээ бол хүмүүсийг цахим ертөнцөд нэгтгэн зангидаад, бодит ертөнцөд цохилт өгч болдгоороо илүү болгоомжлууштай байдаг. Уншигч та ч гэсэн нийгмийн сүлжээнд аажмаар уусан шингэж байгаа, үүнийгээ мэдэхгүй яваа ч байж болно. Тиймээс нэгийг бодоорой. Үйл хөдлөл болгоноо зарлан тунхагладаг “тэнэгүүд“ шиг битгий бол. Нийгмийн сүлжээнд ихэнхдээ ташаа мэдээлэл тардаг. Эцэст нь хэлэхэд, нийгмийн сүлжээний жинхэнэ аюул бидний урд хүлээж байж ч мэдэх юм шүү.

Х.БАТСАЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж