Өмнөд ба Умардын сөргөлдөөний түүх

Хуучирсан мэдээ: 2013.03.31-нд нийтлэгдсэн

Өмнөд ба Умардын сөргөлдөөний түүх

Өмнөд Солонгост 1948 оны тавдугаар сард парламентын сонгууль болж, тухайн жилийн наймдугаар сарын 15-нд БНСУ-ыг зарласан тунхаглажээ. Үүний хариуд Хойд Солонгост Ардын дээд хурлын сонгууль явуулж, мөн оны есдүгээр сарын 9-нд БНАСАУ-ыг зарлан, тунхагласан байна. Хоёр Солонгосын энэ сөргөлдөөн 1950-иад оны эхээр дайны байдалд хүрчээ.

Фото: РИА Новости

Солонгосын хойгийн өнөөгийн хурцатмал байдал дэлхийн II дайн дууссан 1945 оноос эхэлсэн гэж болно. Солонгос 1945 он хүртэл Японы колони байсан бөгөөд Японы амбан захирагч энэ бүс нутгийг удирдаж байжээ. Улаан арми Японы Квантуны армийг бут ниргэсний дараа 1945 оны наймдугаар сард Хойд Солонгос  чөлөөлөгдсөн юм. Гитлерийн эсрэг эвслийн холбоотнуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу  Солонгост япончуудын буултыг хүлээн авах түр зуурын хоёр бүс байгуулагдсан байв. 38 дугаар параллелиэс хойш зөвлөлтийн, түүнээс өмнө хэсэгт америкийн бүс байгуулагджээ. 1945 оны есдүгээр сард Солонгосын өмнөд хэсэгт АНУ-ын цэрэг  буусан байна.

Солонгосын хойгт нэгдсэн улс байгуулах асуудлыг 1947 онд АНУ-ын санаачилгаар НҮБ-д өгсөн бөгөөд үүнд НҮБ-ын комиссийн хяналтын дор сонгууль явуулахаар шийджээ. Ингээд Өмнөд Солонгост 1948 оны тавдугаар сард парламентын сонгууль болж, тухайн жилийн наймдугаар сарын 15-нд БНСУ-ыг зарласан тунхаглажээ. Үүний хариуд Хойд Солонгост Ардын дээд хурлын сонгууль явуулж, мөн оны есдүгээр сарын 9-нд БНАСАУ-ыг зарлан, тунхагласан байна.

Хоёр орны цэрэг, улс төрийн зөрчил мөн нийгэм, улс төрийн өөр өөр бүтэц нь 1950 оны эхээр дайн гарахад хүргэв. Сөргөлдөөн 1950 оны зургадугаар сарын 25-нд эхэлжээ. БНСУ-ын талд АНУ-ын Нисэх хүчин ба НҮБ-ын  олон улсын хүчний тугийн дор 15 орны цэрэг байлдлаа. Хойд Солонгосын талд Зөвлөлт, Хятадын зэвсэгт хүчин оролцсон байна.

Фронт 1951 оны долдугаар сард дайн эхэлсэн 38 дугаар параллелийн орчим тогтворжиж, дайн позицийн шинжтэй болсон байв. 1953 он хүртэл үргэлжилсэн дайн байлдааны эцэст 1953 оны долдугаар сарын 27-нд Пханмунджомд гал зогсоох хэлэлцээр хийв. Эвлэрлийн гэрээний дагуу Хойд ба Өмнөд хоёрыг хоёр талд нь дөрвөн км-ийн өргөнтэй цэрэггүй зурвас бүхий,  хилийн цэрэггүй бүс тусгаарлах болсон байна.

Солонгосын хойг жар гаруй жилийн турш албан бусаар дайны байдалтай байгаа. 1953 онд байгуулсан гэрээ энх тайвны бус эвлэрлийн гэрээ билээ. Гэрээнд нэг талаас БНАСАУ ба Хятадын армийн командлагчид, нөгөө талаас НҮБ-ын тугийн дор АНУ гарын үсгээ зуржээ.

АНУ нь Хойд Солонгостой энх тайвны гэрээнд гарын үсэг зурахаас татгалзан, хойгийн өмнөд хэсэгт өөрийн 28 мянган цэргийг байрлуулжээ.

Хоёр Солонгос 1972 оны долдугаар сард хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зураад нэгдэх үндсэн зарчмаа тодорхойлсон юм. Солонгос гадны хүчинд тулгуурлалгүйгээр “үндэсний агуу их эв нэгдэл”-дээ тулгуурлан энхийн замаар нэгдэнэ гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Хоёр Солонгосыг нэгтгэх асуудлыг Пхеньян Конфедерацийн ардчилсан бүгд найрамдах Корё гэсэн улс байгуулах конфедерацийн замаар “нэг үндэстэн, нэг улс, хоёр систем, хоёр Засгийн газар” нэр томьёогоор  хийх ёстой гэж үздэг байна.

БНАСАУ, БНСУ хоёр 1991 онд харилцан үл довтлолцох, хамтын ажиллагаа ба солилцоо, эвлэрэх тухай гэрээ байгуулжээ. Тэд 1992 онд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна.

Пхеньян хотноо 2000 оны зургадугаар сарын 13-15-нд түүхэндээ анх удаа Солонгосын саммит болов. Үр дүнд нь тухайн үеийн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир,  Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ким Дэ Жун нар өдгөө үндэсний нэгдлийн удаан хугацааны тулгуур баримт болсон Хойд, Өмнөдийн хамтарсан тунхаглалд ( зургадугаар сарын 15) гарын үсэг зуржээ. Тунхаглалд “Солонгос үндэстний өөрсдийнх нь хүчээр улс орноо нэгтгэх” тухай талуудын эрмэлзлийг тусгажээ.

Пхеньян хотноо 2007 оны аравдугаар сарын 2-4-ний хооронд Солонгос хоорондын дээд хэмжээний хоёр дахь уулзалт болж, Ким Чен Ир ба БНСУ-ын ерөнхийлөгч Но Му Хён нар “Солонгос хоорондын харилцаа, энх тайван, цэцэглэлтийн хөгжлийн тухай тунхаглал”-ыг үзэглэв.

Өмнөд ба Хойд Солонгосын харилцааны улс төрийн яриа хэлцлийн онцлог нь тэдний тогтворгүй бөгөөд эрс тэс дэвшил, уналттай холбоотой. БНАСАУ цөмийн зэвсэг туршсан 2006 оны аравдугаар сар, 2009 оны есдүгээр сард Солонгосын хойгийн байдал хурцдаж байв. Цөмийн туршилтууд нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан юм. Пхеньяны энэ үйлдэлд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 1718 ба 1874 тоот тогтоол гаргаж, БНАСАУ-аас цөмийн салбарын үйл ажиллагаагаа зогсоож, Солонгосын хойгийг цөмийн биш бүс болгох хэлэлцээртээ эргэн орохыг шаардсан байлаа.

Хоёр хөршийн хооронд хүний аминд хүрсэн зэвсэгт мөргөлдөөн гарч, эвлэлдэн нэгдэх үйл явцыг улам бүр алсруулж байсан юм. Шар тэнгист “Чхонан” гэх Өмнөд Солонгосын цэргийн корвет хөлөг Хойд Солонгосын хилээс холгүй, Сөүлийн хяналтын Пэннендо арлын ойролцоо хүчтэй дэлбэрэлтийн улмаас живсэн нь энэ хоёр орны харилцааг хамгийн ихээр хурцатгажээ. Хөлөг онгоцонд байсан 104 хүний 46 нь амь үрэгдсэн юм. Сөүл уг онгоцыг сөнөөсөн хэрэгт Пхеньяныг буруутгасан ба харин тэд мөрдөн байцаалтыг хуурамчаар үйлдсэн гэж мэдэгджээ.

Дараа нь Солонгосын хойгийн Енпхёндо арлын районы газар нутгийн маргааны бүсэд сүүлийн хагас зууны дотор гараагүй томоохон зэвсэгт мөргөлдөөн гарав. Хойд Солонгосын их буучид 2010 оны арваннэгдүгээр сарын 23-нд арал руу галлах үеэр өмнөд Солонгосын хоёр цэргийн алба хаагч алагдаж, 16 цэрэг шархтжээ. Мөн хоёр энгийн иргэн амиа алдсан юм. Өмнөдийн их буучид хариу гал нээсэн билээ.

Солонгосын хойгийн ээлжит хямралын эхлэл нь 2013 оны хоёрдугаар сарын 12-нд тохиов. БНАСАУ-ын зүгээс гурав дахь удаагаа цөмийн туршилт хийсэн нь байдлыг хурцатгажээ. Үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гуравдугаар сарын 7-нд ээлжит хориг арга хэмжээ авсан 2094 тоот тогтоол гаргасан юм.

Пхеньян, Сөүлийн харилцааны хурцатмал байдлын бүр ч дэвэргэсэн хэрэг нь Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт болов. Пхеньяны зүгээс эдгээр хээрийн сургуулийг довтолгооны бэлтгэл гэж үздэг. Хойд Солонгосын эрх баригчид нутагт нь ямар нэг байдлаар довтолбол хариуд нь пуужин харвана гэж мэдэгдсэн юм. Мөн АНУ-ын нутаг дэвсгэрт пуужингийн цохилт өгнө гэсэн билээ.

Солонгосын дайны төгсгөлд үзэглэсэн Харилцан үл довтлолцох гэрээнээс татгалзаж буйгаа БНАСАУ гуравдугаар сарын 5-нд зарлав. Мөн Хойд Солонгос хоёр Солонгосыг холбож байсан шууд утсан харилцааны шугамаа тасалсныг мэдэгдсэн ч хэдэн өдрийн дараа уг шугам ажиллаж байгааг Өмнөдийн зүгээс мэдээлсэн юм.

Хойд Солонгос гуравдугаар сарын 26-нд Гуам, Хавайн арал дахь АНУ-ын цэргийн баазад цохилт өгнө хэмээж, зэвсэгт хүчнийхээ бэлэн байдлыг зарлав. Үүний дараахан Өмнөд Солонгос хил дээр хөдөлгөөнтэй байсан үл танигдах биетэд гар бөмбөг хаясны дараа хэдэн цагийн турш хилийн тэр райондоо байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад удалгүй цуцалсан юм.

Хойд Солонгосын эрх баригчид гуравдугаар сарын 27-нд хоёр орныг холбосон телефон холбоог дахин тасалснаа мэдэгдэв. Мөн тэр өдөр БНАСАУ НҮБ-д захидал илгээж, хойгийн байдлыг цөмийн дайны ирмэгт ирлээ гэж сануулсан байна.

Гуравдугаар сарын 28-нд цөмийн зэвсэг тээгч “В-2 Spirit” бөмбөгдөгч хоёр онгоц хамтарсан хээрийн сургуульд оролцохоор Америкийн Мисурри мужийн баазаас нисч, 20 мянган км зам туулаад Өмнөд Солонгосын нутаг дахь туршилтын талбай дахь болзолт байг устгасан юм. “Стелс” технологиор бүтээгдсэн эсрэг талынхаа радио локацийн хэрэгсэлд баригдахгүй бөмбөгдөгч онгоцнууд гуравдугаар сарын 1-нээс эхлэн дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх Foal Eagle гэдэг нисэхийн хамтарсан хээрийн сургуульд оролцсон байв.

Гуравдугаар сарын 29-нд шилжих шөнө БНАСАУ-ын лидер Ким Чен Ун стратегийн пуужинт цэрэгтээ АНУ-ын нутаг дэвсгэр, Өмнөд Солонгос болон Номхон далайн арлууд дахь Америкийн баазуудад цохилт өгөхөд бэлэн байх тушаал буулгав.

Гуравдугаар сарын 30-ны өглөө Хойд Солонгосын Цахилгаан мэдээний агентлаг  мэдэгдэл хийж, Өмнөд Солонгостой дайны байдалд  байгааг зарлан, хэрэв ямар нэг өдөөн хатгалаг хийгдвэл “Хоёр орны харилцааны бүхий л асуудал”-ыг дайны хуулиар шийднэ хэмээсэн юм. Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд энэ мэдэгдлийг “Хойд Солонгос Өмнөдөд дайн зарлалаа” гэж мэдээлж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж