Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.30-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Халхгол суманд Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргалаа

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт цасны зузаан 36 см, хунгарласан газраа 50-90 см байна. Аймгийн төвөөсөө 360 км алслагдсан энэ суманд 10 мянга гаруй мал хорогдсон нь сумын нийт малын 16 орчим хувь болж байна.

Өнгөрсөн өвөл тус суманд өвөлжилт хүндэрч сум, аймгийн төвшинд нөөц боломжоороо асуудлыг шийдэж ирсэн ч гуравдугаар сарын зарим өдрүүдэд их хэмжээний цас орж, шууран хүйтэрснээс хаваржилтын байдал ноцтой хүндэрсэн байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, зам давааг нээх, малчдад өвс олгох зэрэгт шаардагдах 93 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгохоор боллоо.

Шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэх, малын сэг зэмийг цуглуулах, цасанд дарагдсан зам давааг нээх, цахилгаан дамжуулах шугамд гарсан гэмтлийг засварлах зэрэг ажил хийгдэж буй талаар Шадар сайд Д.Тэрбишдагва Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Замын-Үүд дэх хүнд даацын автозамын санхүүжилтийг шийдлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг s Дорноговь аймагт ажиллахдаа Замын-Үүд боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх ажлыг түргэтгэх, тус боомтын хүнд даацын автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын барилгыг, гаалийн хяналтын 2,3 км замын ажлыг энэ оны 06 дугаар сард багтаан хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ ажлын хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

Дээрх замыг энэ оны 06 сарын 15-нд багтаан хийж гүйцэтгүүлэх шууд  гэрээ байгуулж, Хөгжлийн банкнаас санхүүжлүүлэхээр боллоо. Гаалийн рентген хяналтын талбайгаас төмөрзамын шилжүүлэн ачих терминал хүртлэх 8.7 км хатуу хучилттай, хүнд даацын автозамыг энэ оны 10 дугаар сарын 15-нд багтаан хийж гүйцэтгүүлэх ажил энэ шийдвэрт мөн багтаж буй юм.      
 
Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах 33 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны удирдлагад зөвшөөрлөө.

Зарим төслийн эрхийг орон нутагт нь шилжүүллээ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2013 оны Төсвийн тухай хуулиар Барилга, хот байгуулалтын сайдын багцын хөрөнгө оруулалтын жагсаалтад “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслүүд батлагдсан.

Жагсаалтад Баянхонгор аймгийн Баянлиг, Баянцагаан болон Дорноговийн Замын-Үүд сум хамрагдсан. Баянхонгорын хоёр суманд сумын захиргаа, сургууль, цэцэрлэг, соёлын төв, 20 ортой эмнэлгийн иж бүрэн цогцолбор барилга байгууламжууд, тэдгээрийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, нэгдсэн цэвэрлэх байгууламж, ногоон байгууламж зэргийг байгуулна. Харин Замын-Үүдэд 960 хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, соёл-спортын цогцолбор барихаар тусгагдсан. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэх эрхийг орон нутагт шилжүүлж, хөрөнгө оруулалтын жагсаалтад өөрчлөлт орууллаа.

1400 км замын ажлыг “Чингис” бондын хөрөнгөөр хийнэ

2013 онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор Засгийн газар шийдвэрлэсэн.  Замын нийт урт 1400 км байх юм. Нэг жилийн хугацаанд ийм хэмжээний зам тавьж байсан тохиолдол манай улсын түүхэнд байгаагүй гэдгийг салбарынхан нь хэлж байна.

2016 онд багтаан 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох Засгийн газрын зорилтын хүрээнд Чингис бондын санхүүжилтээр 2013 онд баригдах авто замын барилгын ажил болон технологийн хяналт хийх жагсаалтыг өнөөдрийн хуралдаанаар  баталж, замын ажилд шаардагдах 570 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ын даргад зөвшөөрлөө.  

Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлнэ

2012 онд улсын хэмжээнд бэлтгэгдсэн 5500 тн ноолуурын 40 хүрэхгүй хувийг үндэсний үйлдвэрлэгчид худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ноолуур боловсруулах манай үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгө багатайгаас бид ихээхэн нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байгаагийн илрэл юм. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх тогтоол гаргалаа. Малчид, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгосноор түүхий эд боловсруулалтын түвшинг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдээ бэлтгэх эргэлтийн хөрөнгийн зээлд зориулж хөнгөлөлттэй зээлийн нөхцөл бүхий үйл ажиллагаа, малчид болон ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд зээл олгох журмыг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгалаа.

Чингис бондын 95 тэрбум төгрөгөөр ноолуурын салбарыг дэмжинэ

Монгол брэнд бий болгох гол бүтээгдэхүүн болох ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх шийдвэр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарлаа.

“Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх” төсөлд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгээс илүүгүй хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрт зориулж 95 тэрбум төгрөгийг Чингис бондоос санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад даалгалаа.

Төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүд самнах, нарийн ээрэх, нэхэх, сүлжих, оёдлын тоног төхөөрөмж суурилуулах технологийн шинэчлэл хийхээр захиалжээ. 2013 онд ноолуур угаах, самнах  зэрэг эхний дамжлагаа хийдэг болох бөгөөд ирэх жилээс утсаа ээрдэг болох зорилт тавьж байгаа юм.

Энэ төслийн үр дүнд түүхий ноолуурын экспортыг зогсоож, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 20 мянган ажлын байр бий болж, орон нутагт 200 гаруй сүлжмэл болон оёдлын жижиг үйлдвэр байгуулагдана гэж тооцжээ.
 

“Тавантолгойн ЦС” төслийн компани байгуулна

Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих цахилгаан станцын хүчин чадлыг 450 МВт байхаар тооцож, уг төслийг хэрэгжүүлэх “Тавантолгойн ЦС” төслийн компанийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үүсгэн байгуулах, хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгалаа. Тусгай зориулалтын компанид төрөөс хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших хэмжээг 34-өөс доошгүй хувь байхаар тогтоож, төрийн эзэмшлийн хувьцааг өмчлөх эрхийг Эрчим хүчний яаманд олгосон байна.

Эх сурвалж: www.zasag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж