
-"Улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд байдаг билээ. Тиймээс эрүүл энх байх нь дээдийн жаргалан гэж Монголчууд бид ярьдаг юм. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотын иргэддээ бид эрүүл, аюулгүй хот байгуулна гэсэн амлалт өгсөн. Тиймээс иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахын төлөө бид томоохон зорилт тавин ажиллаж байна. НИТХ-аар батлагдсан 2013 оны нийгэм эдийн засгийн зорилтод өрхийн эмч нарын үйл ажиллагааг ажлын чанар, үр дүнгийн индексээр хэмжин урамшуулдаг тогтолцоог бүрдүүлж, нийслэлийн эрүүл мэндийн салбарын харъяа эрүүл мэндийн байгууллагуудыг шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтаар ажиллуулахаар тусгасан билээ. Энэ хүрээнд эрүүл хот, эрүүл дүүрэг, эрүүл ажлын байр, сургууль бий болгох дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Эдгээр зорилтыг биелүүлэхэд эмч болон эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа та бүхний оролцоо хамгаас чухал билээ.
Энэ өдрийг эмч нарын өдөр гэхээсээ илүү дэлхийн нийтээр эмч нартаа талархдаг баяр болгон тэмдэглэсээр иржээ. Энэрэнгүй үйлсийн элч болж, ард түмнийхээ энхийн манаанд цаг наргүй зогссон Та бүхэн өнгөрсөн хугацаанд олсон амжилт ололтоо улам бататгаж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх шатанд нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж, нийгмийн эрүүл мэндэд онцгой анхааран ажиллана гэдэгт итгэж байна. Иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, гавъяатууд, ахмад эмч нарынхаа ариун үйлсээр бид үргэлж бахархаж байдаг билээ" гэжээ.
“Алтан чагнуур” ёслолын ажиллагааны үеэр салбартаа тэргүүлсэн 15 эмчийг тодруулах юм байна.