Бридлав НАТО-гийн командлагчаар томилогдоно

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Бридлав НАТО-гийн командлагчаар томилогдоно

Генерал Филипп Бридлав (Philip Breedlove) Европ дахь НАТО-гийн нэгдсэн хүчний шинэ командлагч болно гэж Reuters  гуравдугаар сарын 28-нд мэдээлсэн байна.

Филипп Бридлав. Фото: АНУ-ын Нисэх хүчний албан ёсны сайтаас
Өдгөө Европ дахь Америкийн нисэх хүчнийг командалж байгаа Бридлав нэр дэвшсэнийг НАТО-гийн эвслийн 28 гишүүн орнуудын төлөөлөгчид бүгд дэмжжээ. Түүний шинэ тушаалыг АНУ-ын Сенат баталсны дараа 58 настай генерал шинэ албандаа орох юм. Ийнхүү Европ дахь НАТО-гийн хүчний 17 дахь командлагч нь Бридлав болж байна. Тэрээр энэ тушаалд 2009 оноос хойш байсан адмирал Жеймс Ставридисийг солих юм.

Афганистан дахь олон улсын ISAF нэгдлийг толгойлж байсан генерал Жон Алленийг энэ тушаалд ирнэ гэсэн яриа байсан юм. Ерөнхийлөгч Барак Обама түүний нэрийг 2012 оны аравдугаар сард дэвшүүлсэн байсныг Сенат батлаагүй юм. Учир нь генерал ТТГ-ын даргын сексийн дуулиант хэрэгт хамрагдан шалгагдаж байсан байна. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж