Клубуудын аваргын төлөө эмэгтэйчүүдээс "Энагурэ", "Есөн-Эрдэнийн Уурхайчин", эрэгтэйчүүдээс "Алтайн барс", "ИНЕГ" багууд шалгарсан байсан.
“Энагурэ” “Эрчим” багийг 3:0, “Есөн-Эрдэнийн Уурхайчин” ТЭЦ-IV багийг 3:1-ийн харьцаагаар буулган авснаар Эрчим, ТЭЦ- IV багууд хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.
Харин эрэгтэйчүүдийн 10 багаас хэсгээ тэргүүлсэн “Эрчим” дөрвөөр шалгарсан “Алтайн барс” багуудын тоглолтод 3:0-ийн харьцаагаар Барсууд ялалт байгуулснаар клубуудын хаврын тэмцээний аваргын төлөө тоглох эхний эрхийг авсан. Удаах "ИНЕГ" "Ноён" багуудын тоглолт улам сонирхолтой өрнөж тав дахь сэт гарснаар 3:2-ийн харьцаагаар "ИНЕГ" илүүрхжээ. "Эрчим", "Ноён" багууд хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. Шигшээ тоглолтууд маргааш 09.00 цагаас "Буянт-Ухаа" ордонд болно.
Монголын волейболын холбооноос клубуудын нэрэмжит тэмцээнийг хавар, намрын гэж зохион байгуулахаар болсон бөгөөд нийлбэр дүнгээр тэргүүлсэн баг ирэх
жил болох Азийн клубуудын АШТ-нд эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм.
Сануулахад, “Хаврын нээлттэй тэмцээн”-ий үеэр БНАСАУ-ын армийн “Дөрөвдүгээр сарын 25” багийг урин оролцуулсан бөгөөд лигийн хоёрдугаар тойрогт нөхөрсөг тоглолтуудыг хийлээ. “Дөрөвдүгээр сарын 25” эрэгтэй баг лигийн дээд таван багтай тоглоход таван хожил авсан.
Харин “Дөрөвдүгээр сарын 25” эмэгтэй баг зургаан тоглолт хийхэд дөрвөн хожил авсан бөгөөд тус багийг “Энагурэ” /3:0/, “Есөн-Эрдэнийн Уурхайчин” /3:1/ багууд хожжээ. БНАСАУ-ын багийн хувьд 30 жилийн дараа манай оронд ирж буй нь энэ ажээ.