Налайхын уурхайг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Налайхын уурхайг цэгцэлнэ

Налайхын
уурхайг хүншүүлж ярьвал нийслэлчүүдийг өвөл дулаацуулах нүүрсээ
харамгүй өгдөг ч өнөөг хүртэл 200 гаруй хүний амь насыг авч одсон байна.
Гэвч энэ нь зөвхөн бүртгэгдсэн тоо гэхээр айдастай. Одоогийн байдлаар
Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын
газраас хамтарсан ажлын хэсэг Налайхын уурхайг цаашдаа хэрхэн
ажиллуулах, иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлж болох тухай тогтоолын
төсөл боловсруулсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар оруулах юм байна.
Үүнд иргэд болон төрийн байгууллагуудыг нүүрсээр хангах асуудлыг
шийдэх, нүүрсний ордыг цагдаа, дотоодын цэргийн түр хамгаалалтад авах,
ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах, хогийн цэгийг цэгцлэх,
уурхайн ам, малтмалуудыг хааж, зарим боломжтой ордын аюулгүй байдлыг
хангаж ажиллуулах, энэхүү сэргээн босголтын санхүүг шийдвэрлүүлэх, нүүрс
олборлосны улмаас эвдэрсэн газрын байгаль орчинд учруулсан хор хохирлыг
тогтоох тухай асуудлыг багтаажээ.

Далд уурхайд иргэд аюулгүй
ажиллагааны дүрэм хангаагүйгээс уурхайд ажиллаж байгаад гэмтэх, амь
насаа алдах нь хэвийн үзэгдэл мэт болчих вий гэсэндээ уурхайг хаах
хэрэгтэй гэж сүүлийн жилүүдэд ийнхүү ярих болсон. Нөгөө талаас энэ том
уурхайг хаачихвал илч, шаталт сайтай нүүрсний эх үүсвэр байхгүй болох
сөрөг талтай учраас асуудлыг шийдэж чадахгүй энэ хүрсэн гэдэг. Тиймээс
дээрх хамтарсан ажлын хэсэг Налайхын уурхайд энэ сард очиж ажиллаж,
бодит нөхцөл байдалтай танилцсан юм. Шалгалтаар нүүрсний орд газарт 14
аж ахуйн нэгж, хууль бусаар олборлолт явуулж байгаа 186 амны үйл
ажиллагааг хуульд заасны дагуу хаасан. Гэсэн хэдий боловч лацдсан
уурхайн ам руу дураараа орох, малтлага хийхийг завдсан 20 гаруй зөрчил
гарч, нэг хүн амь насаа алдсан учраас ийнхүү Налайхын уурхайг зохицуулах
ажлыг бодлогын төвшинд эхэлж байна.

Энэ үнэхээр шийдэгдвэл
Налайхын нүүрсний их уурхай хаагдсанаас хойш 20 гаруй жил иргэд гараараа
жилд нэг сая орчим тонн нүүрс олборлож байгааг цэгцэнд оруулах том ажил
ундрах нь. Уурхайчдын амьдрал, тэдний цаана байгаа гэр бүлийнхэнд ч
эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Нөгөө талдаа, Налайхын уурхайд бэхэлгээ
хийсэн ч цаашдаа дахин ашиглах боломжгүй гэсэн таамаг яриаг албаныхан
үгүйсгэж байна. Аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж, нөөцтэй ордуудыг
зориулалтын аргаар ашиглаж, нүүрс гаргахыг төрийн бодлогоор дэмжинэ гэж
буй.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж