Буруу нутагт буурь зассан Нефтийн үйлдвэр

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Буруу нутагт буурь зассан Нефтийн үйлдвэр

Төөрсөн төөрөг-3 буюу Буруу нутагт буурь зассан Нефтийн үйлдвэр


Газрын
тосны бүтээгдэхүүнээр бусдаас хараат байдлаасаа бага боловч ангижрах,
Монгол Улсад нефть, химийн аж үйлдвэрийн шинэ салбар хөгжүүлж, үр шимийг
нь хүртэх монголчуудын мөрөөдөл биелж мэдэх босго цаг энэ үед тохиожээ.

Харамсалтай
нь Монгол Улсын Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт багтсан Дорнод,
Дорноговь аймагт нефтийн үйлдвэр барих шийдвэр гэнэтхэн зүгээ алдан
төөрч, буруу нутагт бууриа засах болчихоод байгааг энэхүү цуврал
нийтлэлээр хөндөж, уншигчдадаа, төр засгийн эрх баригчдад толилуулж
байгаа билээ. Дэлхий дахины нефтийн аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага,
үүх түүх, Монгол орны бүс нутаг, зам тээврийн нөхцөл байдал, ирээдүй
хойчоо харсан бодлого шийдвэр, олон улсын харилцаанд бидний баримтлах
учиртай геополитикийн байр суурь мэтэд тулгуурлан Дарханд нефтийн
үйлдвэр барих нь олон талаасаа ач холбогдол багатай, сөрөг үр дагавар
дагуулж мэдэхээр байгааг үүний өмнөх нийтлэлүүдэд дурдсан. Энэ удаа
буруу шийдвэрийн бас нэгэн учгийг арай өөр өнцгөөс нь хөвөрдөх гээд
үзье.

Хоёр
сая хүртэл тонн түүхий нефть боловсруулах үйлдвэр бол дэлхийн жишгээр
жижигтээ орно. Гэхдээ манайд бол зарцуулах хөрөнгө, хүчин чадал, бүс
нутагт эзлэх байр суурь зэргээрээ тийм ч багад тооцогдох эд биш. Тийм
учраас уг үйлдвэрийг барьж байгуулах асуудлыг төр-хувийн хэвшлийн
хоршилд тулгуурлана гэсэн байр суурийг үе үеийн Засгийн газар
баримталсаар ирсэн билээ. Үүнээс улбаалан нефтийн бүтээгдэхүүний
импортын үйл ажиллагаа эрхэлдэг НИК, “Шунхлай”, “Сод Монгол”, “Магнай
трейд” зэрэг компаниуд энэ чиглэлээр бололцоотой бүхнийг хийж байгаа.
Нэг нь газрын тос олборлох чиглэлээр ажиллаж байхад нөгөө нь сав
резервуарын аж ахуй эрхэлж байх жишээтэй. Бас газрын тос боловсруулах
үйлдвэр байгуулах нүсэр ажлаас эмээлгүй, ханцуй шамлан шамдаж, зүрх
зориг гарган хөөцөлдөж байгаа нь ч бий. Нөгөө талд Засаг маань бас ч нэг
үеэ бодвол овоо бэлтэй болчихлоо. “Танайд байгаа сувд эрдэнийг, манайд
байгаа шижир алттай нийлүүлбэл” гэдэг шиг нэгэн хүчээр нийтийн үйлсийн
төлөө зүтгэвэл томоохон зүйл бүтээчих аятай нөхцөл бүрдсэн гэсэн үг.
Гэтэл гэнэтхэн өөрсдийнхнөө хойш түлхчихээд Японы 600 сая ам долларын
зээлээр барихаар болоод явчихав.

Дарханы
дэд бүтцийн байгууламжийг шаардлагатай түвшинд хүргэн өргөтгөх,
шинэчлэхийн тулд дор хаяж дахиад тийм хэмжээний мөнгө шаардлагатай.
Саяхан бидний авчирч авдартаа хийчихээд байгаа бондын хүүгээр тооцоход
боловсруулах үйлдвэр байгуулахаар авч байгаа зээлийн хүүд 45.0 орчим
тэрбум төгрөг төлөх юм байна. 100 цэцэрлэг, 70 сургууль барих мөнгө шүү
дээ. Боловсруулах үйлдвэртэй болохын тулд, импортын хараат байдлаа халж,
өөртөө, өөрийн газрын тосоор шатахуунаа нэрж байхын тулд бол ийм
байтугай мөнгө хаяж болно оо. Гагцхүү үйлдвэр нь чанартай, үйлдвэрлэл нь
үр ашигтай, орчин үеийн технологитой, өөрийн болон өрөөл бусдын эрх
ашигт харшлахааргүй байх л чухал. Харамсалтай нь зөвхөн нэг талыг
барьсан, ашиг сонирхлын илэрхий зөрчил дээр суурилсан үйлдвэр болчих
гээд байна уу даа гэсэн хар төрөөд байгаа юм. Дэлхийд нефть, химийн
үйлдвэрийн ямар технологи байдаг юм бэ? Өөр хоорондоо юугаараа ялгаатай,
аль нь давуу, ямар нь сул талтай вэ гэдгийг интернэтийн орон зайгаас
хайж үзлээ. Ерөнхийдөө бол АНУ, ОХУ, Япон, Европын холбооны гэсэн дөрвөн
том технологи ноёрхож байдаг юм байна.

Сүүлийн
үед БНХАУ энэ жагсаалтад нэрээ хавчуулахыг хичээж байгаа аж. АНУ-ынх
хамгийн шилдэг нь гэж хэлж болох ч Оросынхоос тэс ондоо тул хоорондоо
харшилна. Оросынх Хятадынхаас бусадтай таарахгүй. АНУ, Европын холбооных
яг адилхан, загас ус мэт яв цав нийцнэ. Хятадынх Японыхоос бусадтай
таарах ч бүрэн биш, бас чанар муутай. Японых алинтай нь ч таарахгүй,
зөвхөн өөрийнхтэйгээ л эвцэлддэг гэнэ ээ. Гэтэл бид Япон мөнгө, япон
технологи сонгочихоод байдаг. Японы техник, технологи чанар сайтайг
дэлхий мэднэ. Харамсалтай нь сэлбэг, ашиглалтын зардал айхтар өндөр.
Япон технологийн үйлдвэр сонгочихвол бид зөвхөн Японоос л техник, сэлбэг
хэрэгслээ авна. Мэргэжилтнийг нь ч урьж таарах гээд байна. Тэр хэрээр
зардал нэмэгдэнэ. Хамгийн үнэтэйг хэрэглэх дээрээ бид арай л хүрээгүй
байгаа юмсан. Энд Японы техник, технологийн дэвшил, ололт, Япон-Монголын
найрамдалт харилцааг үгүйсгэх гэсэнгүй ээ. Ядарсан цагт халуун гараа
хамгийн түрүүн бидэнд сунгаж, Монголын нийгмийн ардчилсан шинэтгэл, зэх
зээлийн эдийн засгийн тогтолцооны суурийг бүрдүүлэхэд хамгийн их
тусалсан орон, ард түмэн бол тэд билээ. Тэдний сайхан сэтгэлийн тусламж
дэмжлэг өнөө ч бидэнд ач тусаа өгсөөр байгаа, цаашдаа ч өгнө, хамтын
ажиллагаа улам олон хэлбэрээр, илүү өргөн хүрээнд дэлгэрэн хөгжих нь
дамжиггүй.

Ялангуяа
хөрөнгө оруулалт, үйлдвэржүүлэлтийн бодлогоо хэрэгжүүлэх чиглэлд.
Гэхдээ Монгол Улс өөрийн толгойгоор сэтгэж, нөхцөл байдлаа үнэлж цэгнэж,
бусадтай жишиж харьцуулж, Монголоо гэсэн бодлого шийдвэр дэвшүүлэн
хэрэгжүүлэх учиртай. Дэлхийн улс орнууд том нь ч, жижиг нь ч энэ л
замаар явдаг. Энэ үүднээс авч үзвэл Монголд баригдах газрын тос
боловсруулах үйлдвэрт Америк технологитой хятад цамц өмсгөх нь өнөөгийн
нөхцөлд хамгийн зөв хувилбар мөн гэж энэ салбарын мэргэжилтнүүд үздэг юм
байна. Техник нь үндсэндээ Хятадынх, доторх технологи нь АНУ, Европын
холбооных байна гэсэн үг л дээ. Хятад үйлдвэр хямд төсөр, сэлбэг
хэрэгсэл нь олдоц сайтай учраас тэр. АНУ, Европын холбооны технологи
хоорондоо таардаг, дэлхий дээр байгаа энэ чиглэлийн үйлдвэрүүдэд хамгийн
өргөн дэлгэр хэрэглэгдэж байгаа, басхүү чанартай болохоор тэр. Заавал
Японыхыг сонгох шаардлагагүйг хамгийн энгийнээр, товчхон тайлбарлахад
иймэрхүү л дүгнэлт гарч байгаа юм. Бас Дарханд доктор Т.Намжим гуайн
хүчин чармайлтаар залагдаж ирэх гээд байгаа үйлдвэр шинэ биш, хуучин юм
шиг байна лээ гэсэн дам яриа сонсогдсоныг ч дурдах хэрэгтэй байх. Гэтэл
яагаад зөвхөн Япон үйлдвэрийг, заавал Дарханд барих гээд байна вэ,
Засгийн газар юуны учир ойрын дөрвөн жилийн зүг чиг болгосон Мөрийн
хөтөлбөрөөсөө хазайгаад унав гэсэн асуулт гарч таарна аа даа. Асуултын
хариуг сайтар хайж үзвэл элдэв хар дагуулж мэдэхээр байгааг нуугаад
яахав.

Эдийн
засгийн социалист онолоор докторын зэрэг хамгаалж, төлөвлөгөөт эдийн
засгийн толгой эрдэмтдийн нэг гэгдэж, академич болтлоо дэвшиж байсан,
өдгөө “Дархан газрын тосны үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын албан
тушаалтай Т.Намжим гуай Японтой нэлээд эртний харилцаатай. Японоос
Монголд хөрөнгө оруулах чиглэлээр чамгүй олон жил хөөцөлдөж, тэр нь
бүтэлгүйтэж, улс дамнасан өр ширний хэрэг хүртэл мандаж байсан нь
саяхных. “Эр хүн долоо дордож, найм сэхдэг” нь үнэн ч япон түншүүдийнхээ
итгэлийг алдаж байсан энэ эрхэм мөнөөх газрын тосны үйлдвэрийн гол эзэн
болчихоод байгаад гайхах, тэр хэрээр эргэлзэн болгоомжлох сэтгэл төрж
буй. Нөгөө талаар газрын тосны салбарын бодлогыг барьдаг яаманд Японд
боловсрол эзэмшсэн, тэнд ажиллаж амьдарч байсан, бизнес болон ажил үйлс
нь тэр зүгээс эхтэй эрхмүүд ажиллаж байгаа нь бас нэгэн хар дагуулаад
байгаа юм. Тэр бол Уул уурхайн сайд Д.Ганхуяг, тус яамны Төрийн нарийн
бичгийн дарга Р.Жигжид нар юм.


1980-аад оны сүүлчээр Японы Засгийн газрын тэтгэлгээр Монголоос цөөн
оюутан арлын оронд суралцаж, амжилттай төгсөж, Монголын бизнес, эдийн
засаг, төрийн удирдлага, техник, технологи, гадаад харилцаа, анагаах
ухаан зэрэг олон салбарт нэр төртэй хөдөлмөрлөж, шилдэг мэргэжилтний
тоонд багтаж яваа. Тэдний нэг нь Д.Ганхуяг, нөгөө нь Р.Жигжид.
Д.Ганхуягийн “Бридж” компанийн үйл ажиллагаа Японтой олон сэжмээр
холбоотой, УИХ дахь Монгол, Японы бүлгийн даргаар ажиллаж, хоёр орны
найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хувь хүнийхээ хувьд өөрийн гэсэн хувь
нэмэр оруулсан нэгэн. Р.Жигжид үндсэндээ японоор мэргэжсэн, энэ албанд
томилогдох хүртлээ Монгол Улсаа төлөөлөн Японд Элчин сайдаар сууж
байсныг дурдахад л хангалттай. Монгол төрийн шилдэг түшээ, нэртэй
улстөрч энэ хоёр эрхмийн ноён нуруу, ёс зүй, шударга чанарт эргэлзэх
аргагүй ч “танилын нүүр халуун” болоод, “ачийг ачаар хариулах” мөс
чанартаа хөтлөгдчихсөн юм биш байгаа даа.

Дорнод,
Дорноговьд газрын тос боловсруулах үйлдвэр барих Засгийн газрын бодлогыг
өөрчилж, тэс өөр зүг рүү залахад ганц Т.Намжим гуайн хүчин зүтгэл арай
жулдах байх.
Харин салбарын яамны
сайд, төрийн нарийн хоёр бол өөр шүү дээ. Дахин тэмдэглэхэд энэ бол
дэлхийн өндөр хөгжилтэй орон, монголчуудын итгэлт түнш, анд нөхөр Японыг
муулах гэсэн хэрэг огт биш билээ. Нөгөө талаар хаа нэгтээгээс ямар нэг
буруутан тодруулж сор залах гэсэн юм ч биш. Гол учир нь Монгол оронд
амин чухал газрын тосны үйлдвэртэй болох зорилт мордохын хазгай битгий
болчихоосой хэмээн санаа зовнисон төдий л хэрэг. Үйлдвэртэй болох нь.
Сайхан хэрэг ээ хэмээн баярлахын хажуугаар хэр оновчтой шийдвэр болсон
юм бол хэмээн түншиж үзэхэд Дарханд үйлдвэр барих нь хамгийн зөв, цорын
ганц сонголт яавч биш нь бүрэн тодорхой болсон тул ийн өгүүлэв. Яагаад
газрын тос олборлож байгаа бүс нутгаасаа зугтаж байгаа юм бэ? Юуны учир
Тамсаг, Зүүнбаянгийн монгол газрын тосыг ашиглахгүй, гадагш нь гаргана,
зөвхөн Оросоос түүхий нефть авна гэж байгаа юм бэ? Ганц салаа төмөр зам
маань ачааллаа даахгүй сөхөрчих гээд байхад яахаараа Дарханд сард 3000
вагон авчирч түгжих замыг сонгож байгаа юм бэ? Ийм олон хэцүү асуултын
хариуг хайхгүй байж чадсангүй. Басхүү хайсан хариу болгоны араас буруу
үнэртээд байхад дуугүй сууж төвдсөнгүй.

Чаа гэх
ямаагүй ядруухан аж төрж явсан Ням өвгөн нэгэн цагт эзэн нь байсан
Итгэлт мэт баячуудын хураагдсан хөрөнгөнөөс хувь хүртэн малтай болчихоод
“Нямын удмынхан хэдэн үеэрээ жалавч, тогоо нийлүүлж байсангүй. Миний
үед л сархад нэрэх учиртай байж” хэмээн баярлаж суугаа тухай
Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг Тамир” романд өгүүлдэг. Тэрэн лугаа
монголчууд өөрийн нутагт, өөрийн үйлдвэрт, өөрийн газрын тос нэрэх
боломж байгаа юмсан даа.

Б.ТЭГШ
Эх сурвалж: www.MONGOLNEWS.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж