Ким Чен Ун пуужингуудаа бэлэн байдалд оруулав

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун пуужингуудаа бэлэн байдалд оруулав

БНАСАУ-ын лидер Ким Чен Ун гуравдугаар сарын 27-нд шилжих шөнө Өмнөд Солонгос, Номхон далай дахь Америкийн цэргийн баазуудад цохилт өгөхөөр пуужинт цэргээ байлдааны бэлэн байдалд оруулсан тушаал гаргажээ. Энэ тухай Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг албан ёсоор мэдээлсэн байна.

Ким Чен Ун.  Фото: KNS / AFP

Тус орны цэргийн дээд удирдлагын яаралтай зөвөлгөөн дээр зохих баримтад тэр гарын үсгээ зурсан байна. Өнөөгийн нөхцөл байдалд “Америкийн импералистуудтай тооцоо бодох цаг ирлээ” гэдэгт тэр итгэл төгс буйгаа илэрхийлсэн байв. Дайсны баазуудыг нэгэн цохилтоор үнсэн товрог болгоно гэж Ким Чен Ун мэдэгдэв.

АНУ-ын Өмнөд Солонгостой хамтран хийж байгаа хээрийн сургуульд цөмийн цэнэг зөөх чадалтай, стратегийн В-2 бөмбөгдөгч онгоцнууд оролцсоноос хэдэн цагийн дараа уг тушаалыг Ким Чен Ун өгсөн тухай Reuters агентлаг тэмдэглэв.
Өмнө нь хэрэв өдөөн хатгалаг хийгдвэл АНУ-д цөмийн цохилт өгнө гэж БНАСАУ мэдэгдсэн байв. Гуам, Хавайн арлуудаас гадна АНУ-ын эх газарт тэд цохилт хийнэ гэсэн байлаа.

Хоёр Солонгосын харилцаа өнгөрсөн хоёрдугаар сард Пхеньян цөмийн бөмбөгийн газар доорх туршилт хийсний дараа эрс хурцдаад байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авсны дараа Хойд Солонгос 60 жилийн турш хүчин төгөлдөр байсан гал зогсоох хэлэлцээрээс гарч мөн саяхан НҮБ-д хойг цөмийн дайны ирмэгт байна гэж Пхеньян сануулсан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж