Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, АНУ-ын Азийн сан, Байгаль орчны
хөтөлбөр 2013 онд хамтран гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний хүрээнд “
Байгаль орчны асуудалд талуудын оролцоог хангах олон талт зөвлөл”
сэдвээр өнөөдөр зөвлөлдөх уулзалт хийлээ.
Уулзалтаар байгалийн
нөөцийн хариуцлагатай ашиглалтыг бий болгон түүний үр өгөөжийг тухайн
орон нутгийн тогтвортой хөгжилд чиглүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг
хадгалах, байгаль хамгааллыг нэмэгдүүлэхэд талуудын идэвхитэй, бүтээлч
оролцоог хангах зорилготой сумдад байгуулагдсан олон талт зөвлөлийн үйл
ажиллагааг эрчимжүүлэх талаар аймаг, сумдын ИТХ-аас хийх боломжит
зохицуулалтуудын талаар зөвлөлдлөө. Мөн олон талт зөвлөл байгаль орчны
мониторингийн бүлгүүдийн үйл ажиллагааг сав газрын захиргаа, зөвлөлийн
үйл ажиллагаатай уялдуулах боломж, арга хэлбэрүүдийг ярилцлаа.
АНУ-ын
Азийн сан Монгол улсад ус, хөрс, болон эрдэс баялаг зэрэг байгалийн
нөөцийн хариуцлагатай ашиглалтыг дэмжих чиглэлээр 2006 оноос хойш
ажиллаж байгаа юм байна. Тус сангаас “Байгаль орчныг хамгаалахад
талуудын оролцоог хангах нь” хөтөлбөр 2010 оноос эхлэн гурван жилийн
хугацаатай нийт 14 аймгийн 45 суманд хэрэгжиж, байгалийн нөөцийг
хариуцлагатай ашиглалтанд харилцагч талуудыг идэвхижүүлэх, иргэдийг
шийдвэр гаргах үйл явцад оролцуулах, мөн нутгийн иргэдийг байгаль орчны
хяналт шийнжилгээ хийх энгийн аргад сургах зэргээр мэдээллийг
чадавхижуулж, нэмэгдүүлэх ажлуудыг хийсэн байна. Үүний үр дүнд 12
аймгийн 25 суманд олон талт зөвлөлөл, 14 аймгийн 37 суманд байгаль орчны
мониторингийн бүлгүүд байгуулагдан ажиллаж байгаа гэнэ.
Олон
талт зөвлөл гэдэг нь төр засаг, уул уурхайн компани, нутгийн иргэдээс
бүрдсэн зөвлөл юм. Орон нутагт уг зөвлөл байгуулагдсанаар байгалийн нөөц
ашиглахтай холбоотой шийдвэрт нутгийн иргэд идэвхитэй оролцох арга
механизм тодорхой болно. Орон нутгийн түвшинд байгалийн нөөц ашиглахтай
холбоотой зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлнэ, төр болон уул уурхайн
салбар, иргэний нийгэм тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах суурь
тавигдана, уул уурхайн салбарт нээлттэй, ил тод байдлыг бий болгох мөн
уул урхайн компаниуд урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах
нөхцөл сайжирч тэдгээрийн нэр хүнд өснө гэж үзэж байгаа юм байна.