Монгол улс АНУ-аас цэргийн тээвэрлэлтийн гурван онгоц худалдан авахаар төлөвлөж байгаа тухай “Eurasianet”-д мэдээлжээ. Түүнчлэн Монгол улсын зүгээс цэргийн тээвэрлэлтийн онгоц худалдаж авахтай уялдуулан АНУ-ын мэргэжилтнүүдээс тээвэрлэлтийн онгоцны техникийн ашиглалтын туслалцаа авахаар төлөвлөсөн байна.
Монгол улс АНУ-ын “Lockheed Martin” компанийн үйлдвэрлэсэн гурван ширхэг “C-130J” цэргийн тээвэрлэлтийн онгоц худалдан авахаар зэхэж байгаа бөгөөд үүнийг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдийг тээвэрлэхэд ашиглах зорилготой гэнэ. Түүнчлэн Монгол улсын нисэх хүчин тус онгоцны техникийн ашиглалт, хэрэглээний талаар “Alaska National Guard” /Аляскагийн Үндэсний хамгаалалтын арми/ мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, дадлага, сургуулилт хийхээр ярилцаж байгаа юм байна. Аляскагийн Үндэсний хамгаалалтын армийн мэдээлснээр тус армийн нисэх хүчний мэргэжилтнүүд “C-130J” цэргийн тээвэрлэлтийн онгоцны техникийн хэрэглээ ашиглалтын талаар дадлага, сургалт явуулах ажлын хүрээнд Монгол улсыг зорихоор бэлтгэж байгаа аж.
Монгол улсын хувьд агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчинд голдуу Зөвлөлтийн үеэс хойш хэрэглэж буй “MI-24B”, “MI-8T”, “MI-171E” зэрэг нисдэг тэрэг ашигладаг бөгөөд энэ нь нэг дор олон тооны хүн тээвэрлэх хүчин чадлаар дутмаг учир цэргийн хэрэгцээ, шаардлага хангахаа больжээ.
Монголын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчний Налайх дахь нисэхийн баазын 337-р ангийн салаан дарга, ахлах дэслэгч Балжиннямын Баясгалан энэ талаар “Манай нисэх хүчин зэвсэгт хүчний бүхий л цэргийн ажиллагаанд цэргүүдийг тээвэрлэхэд “C-130” тээвэрлэлтийн онгоц зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн бид одоогоор цэргийн тээвэрлэлтэнд ашиглаж буй иргэний зориулалтын нисдэг тэргүүдээ эргүүлэн татна. Монгол улсын зэвсэгт хүчин бусад орнуудад явуулж буй цэргийн ажиллагаанд цэргүүдээ оролцуулахдаа цаашид “C-130” тээвэрлэлтийн онгоцоор зөөвөрлөх болно” гэж мэдэгджээ.
Монголын нисэх хүчний зүгээс “C-130J” онгоцны техникийн ашиглалт, удирдлагын сургуулилтад сайн дурын цэрэг, оффицерууд сонгож дадлагажуулах бөгөөд тэд Алескагийн Үндэсний хамгаалалтын дадлага сургуулилтын хоёр багтай хамтран ажиллах гэнэ.
Түүнчлэн энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Lockheed Martin”-ы төлөөлөгч Петер Симмонсоос тодруулахад “Бид цэргийн тээвэрлэлтийн онгоц худалдах асуудлыг Монголын талтай нарийвчлан авч хэлэлцэж байгаа” гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Вашингтонд байрлах Монголын Элчин сайдын яам дээрх “C-130” цэргийн тээвэрлэлтийн онгоц худалдан авалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан гэж “Eurasianet”-д мэдээлсэн байна.
Харин ажиглагчдын зүгээс дээрх мэдээллийг Монгол улс уул уурхайн олборлолтоос олсон хөрөнгө мөнгөө ашиглан зэвсэгт хүчний чадамжаа сайжруулахад анхаарч байна гэж дүгнэж буй аж. Учир нь өнгөрсөн 2009 онд Монгол улсын Батлан хамгаалахын сайд асан Лувсанвандангийн Болд “Jane"s Defence Weekly”-д өгсөн ярилцлагадаа “Одоогоор Монгол улс цэргийн шинэ зэвсэг, техник худалдан авахад хангалттай төсөв санхүү байхгүй. Гэхдээ 2015 оноос хойш Монголын уул уурхай ашгаа өгч, эдийн засаг дээшилсэн нөхцөлд шинэ зэвсэг, техник худалдан авах талаар бодолцож үзэж болох юм. Одоогийн байдлаар батлан хамгаалах салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувийг зарцуулж буй нь маш бага үзүүлэлт. Бид цаашдаа үүнийг ядаж хоёр хувьд хүргэснээр армийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг зорьж байна ” гэж ярьжээ. Түүнчлэн тэрээр батлан хамгаалах салбарт цэргийн шинэ зэвсэг техник худалдан авахаар болбол шинэ цэргийн онгоц худалдан авах хүсэлтэй байгаа талаараа дурьдаж байсан аж.
Монгол улс одоогоос хоёр жилийн өмнө ОХУ-аас Миг-29 сөнөөгч-бөмбөгдөгч онгоц худалдан авсан билээ.